УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.
-УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, шинэ хэвийн горимоор танхимаар хуралдаж эхэлж байна. Цаашдаа энэ шинэ хэвийн горимоор танхимаараа хуралдана.
-Манай улсад ч КОВИД-ийн нөхцөл байдал амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 гаруй хувийг вакцины хоёр тунд хамруулсан ч 382 мянган тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, 1204 иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа. Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье.
-Байнга хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ бэрхшээл учруулж байгаа цар тахлыг зөвхөн хорио хязгаарлалтаар бус, харин иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна.
-Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо.
-Төсвийн орлого, экспорт, төлбөрийн тэнцлийн талаарх сар бүрийн статистикт сайн мэдээ байгаа ч инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа.
-Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад 2021 оны наймдугаар сард л гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна.
-Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг л иргэд хүсч байгаа.
-Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө чин сэтгэлээсээ, сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй.
-Алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул Сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл байгаа, хүндрэлтэй асуудлууд яагаад үүсэж буй шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч байх шаардлагатай байна.
-Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай.
-2021 оны хаврын чуулганы зорилтыг “Хүний эрхийг дээдлэх” хэмээн та бид тодорхойлж байсан. Хүний эрхийн тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй гэдгийг дахин хэлье. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран эхлүүлээд байна. Үе шаттай хийгдэх энэхүү цогц ажил нь энэхүү УИХ-ын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт байх болно.
-Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно. Энэ чуулганы зорилт эдийн засагт чиглэнэ.
-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хянаж, Төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх;
-Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус, ажил эрхлэлтээр дэмжих Халамжаас-Хөдөлмөрт шилжих;
-Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх;
-Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж, стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлж, төсвийн урсгал зардлыг бууруулах;
-Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт олгох замаар төрийн албаны бүтцийг шинэчилж, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах шинэчлэлийн зорилтуудыг УИХ, Засгийн газраас дэвшүүлж байна
-Засаглалаа чадавхижуулаагүй цагт ямар ч сайн бодлого, зорилт үр дүнд хүрэхгүй. Иймээс юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлнэ.
-Иргэндээ үйлчилдэг төрийг төлөвшүүлэх, цахим шилжилт хийх, төрийн албыг чадавхижуулах, их өгөгдлийг бодлого, шийдвэр гаргах хэрэгсэл болгож ашиглах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжих зэрэг олон зорилго засаглалын шинэчлэлд хамаарна.
-Хөгжлийн ирээдүйгээ бүтэн зураглаж, мэргэн ард түмнийхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдмэл эрмэлзэлтэй байж, эв саналаа нэгтгэхийг Та бүхэндээ уриалж байна.
-НЭГ МОНГОЛ НИЙТЭЭРЭЭ НЭГ ЗҮГТ харж чадсан цагт ИХ СЭРГЭЛТ-ийн бодлого зөв замдаа орно. Цар тахлыг амжилттай даван туулна.
Сэтгэгдэл ( 0 )