Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн гурван жилийн хугацаанд дээд хэмжээнд хүрч өссөн тул олон оронд бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 2001 онд дэлхий даяар бензиний үнэ литр тутамд дунджаар 0.60 орчим ам.доллар байсан бол одоо 1.20 ам.доллар болж өсөөд байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар дэлхийн хамгийн үнэтэй бензинтэй орнуудын жагсаалтыг Хонконг тэргүүлж байгаа бөгөөд нэг литр нь 2.56 ам.доллар байна. Харин Хонконгийн араас Нидерланд (2.18 ам.доллар), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (2.14 ам.доллар) орж байна.
Хамгийн хямд бензинтэй орнуудын жагсаалтыг газрын тосоор баялаг Венесуэль (0.02 ам.доллар), Иран (0.06 ам.доллар), Сири (0.23 доллар) тэргүүлж байна. Бензин, дизель болон бусад бүх төрлийн түлшийг түүхий тосоор хийдэг бол хуванцар, угаалгын нунтаг гэх мэт гэр ахуйн олон бүтээгдэхүүнийг сэргээгдэхгүй эх үүсвэрээс гаргаж авдаг. Түүхий нефтийн үнэ өндөр байгаа нь тээврийн салбараас эхлээд үйлдвэрлэлд хүртэл нөлөөлж байна.
Шатахууны үнэ нь түүхий нефтийн ханш, тээврийн зардал, татвар, түгээлтийн зардал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. 2001 онд Брент маркийн газрын тос нэг баррель нь 25 орчим ам.доллароор арилжаалагдаж байв. Харин 2008 онд буюу оргил үедээ 140 орчим ам.доллар хүрч байсан ч удалгүй 45 ам.доллар болж буурч байв. Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ дахин буурч, түүхэн доод хэмжээнд хүрсэн. Харин 2021 оны есдүгээр сараас эрэлт нь огцом өсөж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь түүхий нефтийн үнийг сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүргэж, нэг баррель нь ойролцоогоор 80 ам.доллар болголоо. “Goldman Sachs”-ийн шинжээчид энэ оны эцэс гэхэд Брент маркийн нефтийн үнэ 90 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
ОПЕК -ийн гишүүн орнуудын газрын тосны нөөц
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК 1960 онд Иракийн Багдад хотод байгуулагдсан бөгөөд энэхүү үндэстэн дамнасан байгууллагад дэлхийн батлагдсан түүхий нефтийн нөөцийн 80 орчим хувийг эзэмшдэг 13 үндэстэн багтдаг.
ОПЕК -ийн гишүүн орнууд дэлхийн түүхий газрын тосны 40 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд худалдаалагдаж буй нийт газрын тосны 60 хувийг эзэлдэг талаар АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас гаргасан тайланд онцолжээ. ОПЕК газрын тосны эрэлт 2022 онд тахлын өмнөх үеийн хэмжээнд эргэж ирэх бөгөөд 2023 онд гарц нь өдөрт 1.7 сая баррелиар өсөх төлөвтэй байгаа тухай тодотгосон байна.
ОПЕК-ийн 2020 оны статистикийн мэдээллийн тайланд дурдсанаар Венесуэль 303. 806 сая баррель газрын тосны нөөцтэйгөөрөө дэлхийд тэргүүлдэг бол дараа нь Саудын Араб 258.600 сая, Иран 208.600 сая нөөцтэйгөөр хоёр болон гуравдугаарт ордог байна. Харин ОПЕК-ийн гишүүн бус орнууд дундаас хамгийн их нөөцтэй нь Орос (80 мянган сая баррель), АНУ (52.637 сая баррель) ажээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2019 онд дэлхий дахин өдөрт 99.7 сая баррель нефть хэрэглэсэн байна. АНУ дангаараа дэлхийн газрын тосны өдөр тутмын хэрэглээний тавны нэгийг (20.48 mbpd) хэрэглэдэг бол тус улсын араас Хятад (13.07 mbpd), Энэтхэг (4.84 mbpd) жагсаж байна. ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо “2045 он гэхэд дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд газрын тос нэгдүгээр байр эзэлж, дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 28 хувийг хангах болно” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )