Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Харин одоогоор 55 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 569 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 545 хэрэг шалгагдаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Харин прокурорын байгууллагаас өгч буй мэдээллээр олны анхаарал татсан нийт 118 хэргийг хянаж танилцаад байгаа аж. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хаасан байна. Мөн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байгаа аж. АТГ болон прокурорын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шатанд шилжсэн дараах хэргүүдийг тоймлон хүргэж байна.
ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ТАНХАЙРСАН ТАГНУУЛЫН АЖИЛТНЫ ХЭРГИЙГ
ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Тагнуулын Ерөнхий газрын албан хаагч Д нь 2020 оны гуравдугаар сард нэгэн ресторанд хамт үйлчлүүлж байсан Г-тэй маргаж, архины шилээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
ЯПОН УЛСЫН ИРГЭНЭЭС 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙН ХЭРЭГ
Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж ашиг өгнө, компани байгуулахад мөнгө хэрэгтэй гэж Япон улсын иргэн Т-аас 4.1 тэрбум төгрөг, Н-ээс 423 сая төгрөг залилж авсан, мөнгө угаасан үйлдэлтэй Б-д холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэрэг шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн тухай мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээллэх болно.
ЗАСТАВЫН ДАРГЫНХАА АМИЙГ ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХЭВ
Хилийн цэргийн алба хаагчид даргынхаа амийг бүрэлгэсэн үйлдэл олны анхаарлын төвд байсаар буй. Мөн Суданд манай улсаас очсон энхийг сахиулагч амиа хорлосон зэрэг цэргүүдтэй холбоотой хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар тодрууллаа. Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тодруулбал, тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр болсон аж. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг тухайн үед нь мэдээллэх болно. Харин Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах “Хубилай” баазад батальоны захирагч Б, III мотобуудлагын ротын захирагч Г, ротын сургагч ахлагч С нар бүлэглэн нийт бие бүрэлдэхүүний өмнө Г-г ар гэртээ хов зөөсөн гэх мэтээр гутаан доромжилж, сэтгэл санааны хямралд оруулсны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, захирагдагчтайгаа цэргийн дүрмийн бусаар харьцаж зодсон, хүч хэрэглэсэн үйлдэлтэй хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Улмаар Төв аймаг дахь Cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг шилжүүлсэн байгаа аж.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН ХЭРГИЙГ
ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагч нарын үйлдсэн эрүүгийн хэргүүд шүүхэд шилжсэн тухай мэдээлэл байна. Хэргийг сануулбал, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр олон улсын ачаа, тээвэр зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг олгохдоо "Эрдэнэс тээвэр" компаниас 57.5 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон гэдэг. Тэгвэл энэ хэрэг удахгүй шүүхээр шийдвэрлэгдэх юм байна.
КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЮУ БОЛОВ
Улсын Их Хурлын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсныг манай сонин урьд нь мэдээлсэн. Түүнд ямар зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдсэн талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Улсын Их Хурлын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өнгөрсөн сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийгдэж байна гэв.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ажнай хэмээх д.батэрдэнэд холбогдох нүүрсний хулгайн хэрэг юу болов