УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариуг сонссон юм. Засгийн газрыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээлэл өгөв. Ингээд хуралдаанаар зарим УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.
-Энэ оны нэгдүгээр сард Газрын тосны боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийг баталсан. Тэгэхээр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооноос бол баталсан хуульд хяналт тавих ажлыг хийдэг. Энэ хүрээнд асуулга тавьсан юм. Энд ирсэн Засгийн газрын бүрэлдэхүүн асуудлуудаа ний нуугүй яримаар байна. Цаана чинь асуудал хүндрэлтэй байна, цар тахал нөлөөлж байгаа. Яаж гарахаа ярья л даа. Асуудал хариуцсан сайд нар яагаад байхгүй байна вэ. Шадар сайд болон төрийн өмчит компанийн захирлаас өөр хүн алга. Тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд яагаад байхгүй байна. Албан тушаалаараа ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байгаа биз дээ. Асуудалд яамнаас хариулах ёстой. Яг хөрсөн дээрээ ажил явахгүй байна. Сангийн яам, Байгаль орчны яам ч энэ асуудал дээр хайхрамжгүй хандаж байгаа шүү.
-Газрын тосны үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэхэд тал бүрийн оролцоо чухал. Дээр нь салбар хоорондын уялдаа чухал байгаа. Зарим тохиолдолд яалт ч үгүй ажил эзэнгүйдүүлсэн, дундаа орхисон, уялдаагүй ажиллаж цаг хугацаа алдаж байгаа асуудал бий. УИХ, Засгийн газраас батлаад өгсөн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал байна. Боловсруулаад гаргасан мэдээ мэдээллээ солилцох, хэрэгжүүлэх гүйцэтгэхдээ цаг хугацаа алдаж байгаа асуудал ч гарч байгаа. Заавал ажлын хэсэг хуралдаж тэндээ сайн, муугаа дуудалцаж байж ажил хагас дутуу явбал явдаг. Бусад үед ажил хэргийн шугамаар яам, салбарууд хоорондоо харилцаад асуудлуудаа шийддэггүй буруу нугалаа байна. Үүнийг засахгүй бол ажил цаашаа явахгүй. Яг ажил хариуцсан хүмүүс хүч, эрх мэдэл дутаж байгаа асуудал гарсан. Энд тэнд яам, агентлаг дээр очихоор хүлээж авдаггүй, уулзах цаг өгдөггүй, хэдэн сар жилээр хүлээлгэдэг асуудал байна. Стратегийн том бүтээн байгуулалтын ажил энгийн өдөр тутмын ажлууд дээр гацаж байгаа асуудал байгаа.
-Газрын тосны нөөц бүрдүүлэх асуудал яг ямар байгаа юм бэ. Та бүхнээ зөндөө сонссон. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол байгаа нь ойлгомжтой шүү дээ. Түүнийгээ л та бүхэн яриад байгаа. Энэ бүтээгдэхүүн хуваах гэрээгээ бүр тодруул. Нэмэлт гэрээ хийдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар үүнийгээ тодорхой болгомоор байна. Олон жилийн өмнө хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээн дээрээ түшиглэмээргүй байна шүү дээ. Өнөөдөр чинь зах зээлийн үнэлгээ нь нэмэгдээд явчихлаа, хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ч нэмэгдлээ. Дээр нь хил гааль, цар тахалтай холбоотой дэлхий нийтийн зах зээлийн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлүүд өөр болоод явчихсан. Хоёрдугаарт, газрын тосны нөөц бүрдүүлэх өөрийн гэсэн газартай болъё гээд байгаа. Үүнийгээ өнөө маргаашгүй тодорхой болгооч ээ. Үүн дээр чинь ямар асуудал гараад байгаа юм. Тэр чинь хууль журамд үг үсгээрээ орж байх ёстой байхгүй юу. Одоо та нар хайгуул хийх хэмжээнд байна уу, ашиглалт хийх хэмжээнд байгаа юм уу. Энд чинь ямар хүндрэлүүд байгаа юм, түүнийгээ шийд л дээ. Д.Алтанцэцэг захирлын хэлж байгаа үнэн. Энэтхэгүүдтэй ажиллах хүнд шүү. Маш олон хувилбаруудыг зэрэг барьж, хуулийн гаргалгаа гаргах хэрэгтэй. Энэтхэгүүд эргэж буцдаг, янз бүрийн асуудал дээр өөрийнхөөрөө муйхраар зогсдог юм байдаг. Тийм болохоор үүн дээр гоц анхаарч ажиллаарай.
-Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох эсэхэд эргэлзээ төрж байна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүн нь Монгол Улс хэзээ нефтийн үйлдвэртэй болох вэ гэдгээ мэдэхгүй сууж байна. Энэ бол олон улсын гэрээ. Олон улсын гэрээнд хөндлөнгийн аудит хийлгэж, ажлын явцыг түргэвчлэх хэрэгтэй. Бүх юманд нь өөрсдөө гүйж орох шаардлагагүй. Тогтоолын төсөлд дамжуулах хоолойн барилга бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэх зэрэг заалтууд хэрэггүй гэж бодож байна. Төслийг хэдий хэр хугацаанд эхлүүлж, дуусгах уу гэдгээ анх тодорхой болгож байсан биз дээ. Аль эсвэл нэг байшинд нэг зураг төсөл хийгээд, дараагийн байшинд мөн зураг төсөл батлаад ажиллах юм уу. Ийм олон улсын гэрээ гэж байдаг юм уу. Хоёрдугаарт, энд суугаа төрийн албан хаагчид хариуцлагатай албан тушаалтнууд атал хэлж, ярьж байгаа зүйлээ бодох хэрэгтэй. Энэ хүнтэй ажиллахад хүнд эсвэл амар байдаг гэж яриад суух юм. Төрийн алба хашиж байгаа хүн хэлж, ярьж буй асуудлаа бодож яримаар байна. Нэг компани тендерт шалгараад ажил аваад дуусгахгүй явсаар байгаад өртгөө нэмэгдүүлдэг сонин тогтолцоо манайд бий болчихоод байна. Энэ олон улсын гэрээ ингэж арай явахгүй биз дээ. Мөн газрын тосны үйлдвэрийг барих ажил удаашрах тусам манай улсад өр зээл минут, секунтээр нэмэгдэнэ. Өнөөдөр Хөгжлийн банкнаас авсан арилжааны зээлээр тодорхой хэсгийг нь хийж байгаа гэж Шадар сайд ярилаа. Хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус үйлдвэрт Монгол Улсын хариуцах төслийг хэрэгжүүлэхээр 12 хувийн хүүтэй зээл авсан байна. Үйлдвэр нь ашиглалтад ороогүй байхад энэ зээлийг яаж төлөх үү. Энэ нь өөрөө улс орныг алдагдалд оруулах нэг эх үүсвэр нь. Үйлдвэрийг хэзээ ашиглалалтад оруулах уу гэдгийг сайтар тооцоолж байж зээлийн асуудал яригдах ёстой. Үйлдвэр хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй байж Монгол Улсын хариуцах хэсэг дээрээ өндөр хүүтэй зээл аваад бүтээн байгуулалт хийчихсэн. Хэзээ энэ зээлээ төлж барагдуулах уу. Хөгжлийн банканд өөрийн гэсэн мөнгө байхгүй шүү дээ. Тэр банканд үүрэг даалгавар өгөх эрх бидэнд ч байхгүй. Харамсалтай байна.
-Нэг юм ярихаараа дандаа бярдсан юм яриад байх юм. Хууль эрх зүйн хувьд гаргалгаа нь байгаа юм байна. Түүгээрээ тэр олборлолт явуулж байгаа компанитайгаа ерөнхий хэлцэл хийчих л дээ. Энэ төмөр зам чинь яг тийм болсон. Төмөр зам ашиглаж байгаа компаниудтайгаа ярьсан юм байхгүй төмөр зам барьчихсан. Одоо холболт нь байхгүй хэвтэж байна. Заавал тийм юм хийж яах гээд байгаа юм бэ. Манай энэ үйлдвэрлэлт ашиглалтад ороход манай ийм хуулийн дагуу бүтээгдэхүүнээ ингэж өгнө шүү гэдэг ерөнхий хэлцэл хийчих л дээ. Хоёрдугаарт, бид үнэхээр нөөцөө нэмэгдүүлье гэж байгаа бол эрсдэл үүрч эрэл хайгуул хийх ёстой. Үүнд чинь зардал гардаг. Тэрнээс биш тийм илэрц байгаа, гарч магадгүй гэж ярих хэрэггүй. Нөөцөө баталгаажуулах ёстой шүү. Тийм болохоор хайгуулын зардлыг бид шийдэх ёстой юм.
Шадар сайд С.Амарсайхан:
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд олборлогч компаниуд бүтээгдэхүүнээ өгнө. Сая Ж.Эрдэнэбат гишүүн та буруу ойлгогдохоор юм ярьж байна шүү. Энэ чинь 2024 онд ашиглалтад оруулна гэдгээрээ явж байгаа. Оруулахаас өөр арга байхгүй. Энэ чинь манай улсын нэг тэрбум гаруй долларын өр. Гэхдээ мэдээж нэг дор бүгд хэрэглэгдэхгүй. Хоёрдугаарт, экспорт импортын шугамаар Энэтхэгээс нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүний 75 хувийг 25 хувь руу оруулахаар хатуу зогсох хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхгүй бол таны ярьдаг цаг хугацаа алдаж байгаа, чанаргүй бүтээгдэхүүн орж ирэх байдал үүснэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Barix bailgui dee
Jinhenw Erunhii saidiin dugnelt baina .\n
Дачин тамсгийн хятадууд нeфтээ өгөхгүй гэвэл зохицуулах хууль эрх зүйн акт байгаа болов уу ?
Mонголыг дагаар оруулж Mонголстан улс болгох сонирхолтой Oросын троллууд энэ үйлдвэрийг яасан ч бариулахгүй ээ...Aх нараасаа хямдхан бензин авч байя аа - гээд саяны хэд хоногт мөн ч их чарлалдсан даа
бүгд новшнууд учир аргагүй
haltaruud gej enetheguudiig helj bgaa bol mongoonuud n yu bolhow? dauntai zerleguud uu?
Энэтхэгүүд өөрсдөө нутагтаа нефтийн үйлдвэр барьсныг мэдэхгүй л юм.-40°С температурт нефтийг хоолойгоор дамжуулах технологи гэдэг чинь Халтаруудын хийдэг ажил биш шүү.яана даа монгол орон минь