Увс аймгийн төв Улаангом хотод 60мВт-ын хүчин чадал чадал бүхий цахилгаан станцыг "Ай Си Жи" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар, “Баруун Монгол Энержи” ХХК Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор Шанагын нүүрсний уурхайг түшиглэн байгуулна.
Манай улсын Баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас хэрэглээний эрчим хүчээ худалдан авдаг. Тус системд баруун аймгуудын 60 гаруй сумд холбогддог. Саяхан ОХУ-д дэд бүтцийн засвар хийх үед эдгээр сум эрчим хүчний хомсдолд орж чамгүй асуудал үүссэн.
Баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос шийдэх асуудал 2012 оноос эрчимтэй яригдан төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр болсон. Улмаар 2015 онд “Баруун Монгол Энержи” ХХК барих, өмчлөх, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Увс аймгийн төв Улаангом суманд, Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг түшиглэн байгуулахаар Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан.
Төслийн хөрөнгө оруулагчаар ХБНГУ ажиллах байсан ч хөрөнгө оруулагчийн талаас тавьсан санал хэтэрхий өндөр байсан тул талууд гэрээг цуцлаад байсан билээ.
Энэ хугацаанд “Баруун Монгол Энержи” ХХК төсөлд шаардагдах бүхий л төрлийн судалгааг хийн гүйцэтгэжээ. Ингээд төслийн төлөвлөлтийн шат 2020 онд дуусаж, бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд эхлүүлэхэд бэлэн болж, төслийн хөрөнгө оруулагчаар “Ай Си Жи” ХХК ажиллах юм.
Энэ хүрээнд “Баруун Монгол Энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл, “Ай Си Жи” ХХК-ийг төлөөлж Жозеф Лий нар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Бүтээн байгуулалтын төсөл дээр “Ай Си Жи” ХХК-г ТУЗ-д төлөөлөхөөр Г.Бөртэ - Үжинг томиллоо.
Цахилгаан станцын бүтээн байгуулалт 2022 оны тавдугаар сараас 24 сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж буй хоёр дахь цахилгаан станцын төсөл юм. Өмнө нь Өмнөговь аймгийн Цогцэций суманд үндэсний тэргүүлэгч байгуулагуудын нэг болох "Эм Си Эс"-ийн хөрөнгө оруулалтаар 10мВт-ын цахилгаан станц байгуулагдан зэргэлдээх сумдын эрчим хүчний асуудлыг шийдээд байгаа билээ.
Одоогийн байдлаар баруун бүсийн 3 аймаг зөвхөн хэрэглээний зориулалтаар ОХУ-аас жилд 28мВт эрчим хүч авдаг бөгөөд эрчим хүчний хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэл явуулах боломжгүй байгаа юм. Энэ цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна баруун аймгуудад олон төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )