Рецензи: Хvvхдийн төлөө “За” гэж хэлсэн гэж vv...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Өөрсдийг нь гомдоогоод байгаа ах эгч нараас х үүхдүүд хэзээ нэгэн цагт ам асууна даа!!!

 Та дараахь дууг нэг аялаад үзээрэй...

"...Х
үүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Х
үн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм..."

Бид бүгд л амандаа аялах дуртай.  Үнэхээр ч сайхан дуу, аялаад баймаар тансаг  ч аялгуу. Тухайн үед энэ дуугаар хүүхэд багачууд найз нөхөд болж, насанд хүрэгчид ч өөрийн бага насаа эргэн дурсаж, дахин төрмөөр ч сэтгэгдэлийг төрүүлж байсан, энэ дуу.

Эндээс үзэхэд бид өнгөрсөн бүх л цаг хугацаанд өсвөр үеийнхэн, багачууддаа зориулан гайхмаар сайхан дуунуудыг бүтээж  түүгээрээ ч тэдний гэрэлт ирээдүй болон сайн сайхныг дууддаг байлаа. Тэр үе өнгөрөөд тийм ч их удаагүй байгаа. Тун саяхан байсан даа... Тэгвэл өнөөдөр, яг одоо та бидний гар дээр эсвэл цээжин дотор сүүлийн хэдэн жилд хийгдсэн хүүхдийн гэх "сайн" дуу байна уу, байвал тэр нь хэр зэрэг сэтгэлд нийцсэн, хүүхэд баясахаар бүтээл бол гэсэн эргэлзээ төрөөд байна. Шуудхан "байхгүй" гээд үгүйсгэчихвэл хэсэг хүний уурлах гомдох нь зэрэгцэх болов уу.

 "Бүхнийг хүүхдийн төлөө" гэх мундаг лоозон...

Одоогоос 20 хүрэхгүй жилийн өмнө бид соци нийгмийн ийм лоозон дор хүүхдэд зориулан олон зүйлийг бий болгосон. Олон салбарт бүхэл бүтэн бүтээн байгуулалтууд явагдаж байсан. Хүүхдийн ордон, номын сан, кино театр, амралт зуслан, соёлын ордны зэрэгцээ уран бүтээлийн  /дуу, шүлэг, кино, жүжиг, ном/ их аян явагддаг байлаа. Энэ ч тэдгээрийг "эдэлж хэрэглэж" байсан утгаараа тухайн үед хүүхэд явсан одоогийн "томчууд" тун ч их азтай хүмүүс. /одоогийн "хөөрхийлөлттэй" хүүхэд багачуудыгаа харахаар заримдаа тэдэнд атаархаж мөн дургүй ч хүрэх юм.сурв/ Гэтэл тэр үед баригдсан, бүтээн босгосон бас зохиогдсон бүхнээс өдгөө чухам юу үлдсэнийг тэдгээрийн буурин дээр байгаа баар цэнгээний газар, хуушуурын гуанз, мөрийтэй тоглоомын газар, машины гараж, харийн шашны сүмээс асуугаарай. Мөн үг нь аятайгаа хамт ойлгогдохоо байсан дуу зохигчдоос ч ам асуу.

Энэ удаагийн сэдэв болох хүүхдэд зориулсан дууны тухайд л гэхэд олон арван чадалтай уран бүтээлчид өөрийн сэтгэлийн бэлэг болгон их ч дуу хийсэн дээ. Эргээд бодохоор тэдгээрээс муу гээд хэлчих бүтээл байхгүй гэлтэй. Бүгд л "текстийн" талдаа цаг үеэ мэдэрсэн яруу найрагтай, аялгуу нь ямар ч насныхны цээжинд шууд буухаар энгийн хэрнээ эгшиглэнтэй байсан болохоор ард түмэн тэр цаг үеийн бүх дуунд өнөөг хүртэл хайртай байдаг. Тэртээх өнгөрсөн зууны сүүлээр манайд Хятадаас дутахааргүй соёлын хувьсгал социализмийн бүтээн байгуулалттай зэрэгцэн хүчтэй явагдаж байсан. Бараг л бүх хамтлаг дуучдад хүүхдийн тухай дуу зохиох, тэдэний сайн сайхныг магтан бадруулахыг нам засгаас даалгавар болгож байлаа. Цаадуул нь ч энэ тал дээр ихийг хийхийг хичээж байсан, хийсэн нь ч их бий. Тухайн үед хүүхдийн "Улаан бүч", "Сарнай" болон "Цэцэг" зэрэг хамтлагуудаас гадна манай рок поп хөгжмийн "Соёл Эрдэнэ", "Өргөө", Баян Монгол", "Айзам"   шилдэг хамтлагууд энэ хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн Галмандах гэж айхтар "soundmaker"  өөрийн бүх л авьяас билгээ шавхан барин чамлахааргүй олон дуу, хэд хэдэн чадварлаг дуучид, хамтлагийг гаргаж ирсэн.

үүний зэрэгцээ бүхэл бүтэн хүүхдийн дууны их наадам, олон улсын фестиваль зохион байгуулж гадны орнуудын сайн  сайн  дуучин хүүхдүүдийг бодлогоор эх орондоо урин өөрсдийн хүүхэд багачуудтай "найзлуулан" туршлага судлуулдаг арга ч байлаа. Гадаад руу ч бөөнөөр нь явуулж олон улсын чанартай уралдаанд оруулан шагнал авдаггүй юм гэхэд ядаж нүүр хагарах, тайз эзэмших, үзэгчдийг өөртөө татах, гадаад орны хөгжил цэцэглэлтийг үзэх гээд олон бодлого үүнд хамрагдаж байсан. Ингэж цочроог нь гаргасан "морь" өсөж том болох тусмаа ихээхэн туршлага суух нь ойлгомжтой. Үүний ч ачаар өнөөдөр өөрсдийгөө "од" хэмээн боддог эрхэмүүд олонд танигдахтай болсон нь үнэн.

Хүүхдэд хайргүй хүн гэж байна уу. Хайргүй хүн байвал тэр нь тархины хөгжилгүй адгуус л байх. Ер нь хүүхдийн гэх юм бүхэн хүний хайрыг татаж байдаг. Хүүхдийн тосыг хэрэглэх дургүй эмэгтэй хүн байдаггүйтэй адил хувцас, хоол, тэр ч бүү хэл нярай хүүхдийн дотуур хувцас, бохир памперсийг нь ч гэсэн хараад өхөөрддөггүй хүн байна уу. Тэгвэл яахаараа тэдгээр хөөрхөн "амьтдад" зориулан байшин бариад өгдөггүй юм гэхэд ядаж ганц сайхан дуу, шүлэг зохиогоод "-май" гэчихэж болдоггүй юм бэ. За даа, шинийг бий болгох нь битгий хэл хуучин байсныг нь устгачихдаг эрхмүүдэд энэ талаар анхааруулаад ч хэрэггүй биз.

Нэг талаас нь бодоход өдгөө хүүдэд зориулсан эсвэл хүүхдийн өөрийнх нь гэх бүтээл энэ нийгмийн яг энэ цаг үед ашиггүй талдаа байгаа болохоор "тэд" сонирхдоггүй ч байж болох юм. Үнэндээ бол рок поп урлаг тэр чигээрээ бизнес тал руугаа бохир гэх олон төрлийн арчаагүй аргаар хөгжиж байгаатай ч энэ нь холбоотой байх. Юун тэр бүхнийг хүүхдийн төлөө энээ тэрээ. Харин ч та бид хүүхдээсээ "хулгай" хийж, тэднийг хулхидаад байгаа юм биш үү. Юуг нь гэж та гайхаж магадгүй. Тэгвэл энэ сэдвийн хоёрдахь хэсэг рүү намайг дагаад анхаарлаа хандуул. Нэр нь...

"... та нар худлаа хошигруулаад л, ахдаа хэлнэ дээ"

Хүүхдүүд ингэж байгааг та мэдэж байнауу, бас мэдэрч байна уу. Харин тэд бүгдийг ойлгодог юм шүү. Ер нь ч тэгээд хүүхдийн төлөө за гэж хэлье л гээд байсан. Яг үнэнээсээ тэдний сайн сайхны төлөө ингэж ганц хэлж, хэд дуулаад л болоо юм байх даа. Цаана чинь гудамжаар дүүрэн тэнэмэл, хулгайч, тамхичин, архичин, оюунаа хөгжүүлэх гоц гойд юмгүй өрөвдөлтэй "хоёр нүднүүд" зөндөө байна. Нөгөө уран бүтээлийн талаар гэвэл сүүлийн хэдэн жилд хэн, ямар зүйл хийснийг санахгүй байна. Бараг хийгээгүй гээд хэлэхэд болно доо, хөө. За нэг хоёр гурван юм гаргасан л даа. Гэхдээ тэр нь хүүхдийн гэхээсээ илүүтэй тухайн дуучны хувийн PR эсвэл хуучин дууны хуулбар байдаг.

Жишээ нь УГЖ дуучин Ариунаа хэдэн жилийн өмнө "би л хүүхдийн төлөө юм хийнэ, надад л итгэл хүлээлгэ" хэмээн гүйсээр байгаад НүБ-ийн дэмжлэгээр нэг дуу хийсэн. Хүүхдийн төлөө гэсэн аймаар том нэртэй. Ингээд болоогүй өөрөө НҮБ-ийн элч дуучин болж зарим нэгэн хүнийг шоконд оруулах дөхөж билээ. Гэтэл тэр дуу нь Ариунаагийн сангийнхаа үйл ажиллагааг олонд сурталчилах мөн нэр алдараа жаахан ч гэсэн дээшлүүлэх хэрэгсэл болсон гэлтэй. Үнэхээр тэр сангийн үйл ажиллагаа тэр дууны нэр шигээ жинхэнэ хүүхдэд хандсан үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа гэдэгт эргэлзээ төрмөөр. Өөр хэд хэдэн хүүхдийн дуу дуулсан хэдий ч харамсалтай нь түүнийг нь хүүхэд болгон амандаа аялаад байгаа нь юу л бол.

Поп хатагтай гэхээр хэний ч сэтгэлд Сараа бууна. Сайхан хүүхэн, сайн ч дуучин. Гэтэл тэрээр хүүхдийн гэх ямар дуу дуулсан билээ. Энд тэнд зарим нэгэн хуучны дууг дуулсан л байх. Гэтэл поп хатагтайн нэгэн "аймшгийн" гэмээр дуу мэдээллийн хэрэгслээр цацагдах болоод удсан. Тэр нь МүОНТВ-ээр өдөр болгон цацагддаг үлгэрийн цагийн төгсгөлд явдаг бүүвэйн дуу. Түүнийг нь сонссон хүүхэд байтугай том хүн ч гэсэн нойр нь сэргэж нярайнууд бол бүр цочиж уйлмаар болдог. Үнэхээр ч аймшигтайгаар "бүүвэй, бүүвэй" гээд гонгинуулахын оронд тэр ТВ-д өөр сонгочих дуу баймаарсан.

Ийм маягаар хоёр хатагтай маань хүүхдээр "тоглож" байх бусад нь яах нь ойлгомжтой.  Монголдоо л зэрлэг хип хопчид гэж өөрсдийгөө магтаж тэнэгтдэг хэдэн нөхдүүд сүүлийн үед их "даварч" байна. Элдэв янзын райм холбон монгол хэлэнд шинэ үгсийн сан бий болгож байна бид хэмээн сайрхах тэд хараалын үгтэй дуунуудаа хийгээд зогсохгүй бүр даварч хэдэн хүүхдүүдийн маань сайхан дуунуудыг ёстой "тамлан зовоож " байна, цаана чинь. Нөгөө багачуудын маань цэцэрлэг сургууль дээрээ дуулдаг "Маамуу нааш ир", Нараа, нааш ир"," Болжмор", Жигмэд Тогмид хоёр", "Олуулаа", "Цонхон дээр суусан тагтаа", "Ишиг", "Дээвэр дээр суудаг Карлсон" гээд олон дуунууд аль хэдийн тэдний гарт ороод "алуулчихсан". Жинхэнэ хип хоп дууны үгийг би яаж зохиодогийг харуулна хэмээн онгирч байсан Quiza гэгч "Олуулаа" гэдэг хүүхдийн аз жаргалын тухай дууг өнөөгийн нийгмийн хар болгоныг харуулсан эмгэнэлт клиптэй болгосон. "Ишиг" гэдгийг нь бас нэг хэдэн пацаанууд "ишиг, ишиг, ичиг ичиг" гээд доромжилж байх юм. "Болжморыг болохоор эгээтэй л шөнийн хүүхэнд зориулсан мэт болгосон  байна шүү. Гадны хүмүүс тэдгээр хип хоп гэгч дуунуудийг нь сонсвол нээрээ л ийм дуу байдаг юм байна гэж бодно доо. үнэхээр эмгэнэлтэйеэ. Амилдаг бол цаад Карлсон чинь Жигмэд Тогмид хоёртойгоо ирээд та нартай тооцоо бодох гээд ёстой өөрсдийг  чинь жинхэнэ "нааш ир" гэх байх даа. Тэгдэггүй юм аа гэхэд хэзээ нэгэн цагт хүүхдүүд маань "том" болоод та нараас "ял асуух" бус уу. Нөгөөтэйгүүүр өнөөдөр монголын урлагт "од" болсон хэнээс ч гэсэн "та надад зориулж юу бүтээсэн бэ" хэмээн асуувал яанаа, ичмээр юм. Ер нь Хүнд рок, хөнгөн жаз, хэмнэлт поп, үгэлдэг реп, хашгирдаг альтернатив гээд аль ч стилээр тоглодог байсан  үнэхээр л хүүхэд гэдэг "амьтанд" хайртай л бол нэг биш нэлээн хэдэн "сак" дуу хиймээр сэн дээ. Та нар ч гэсэн аав ээж ш дээ, уг нь зайлуул даа...

 

Бичиглэж зүрхэлсэн нөгөөх Слава чинь....

Үндэсний чөлөөт мэдээллийн портал  Зиндаа сайтад зориулав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top