Өнөөдөр 69 нас хүрч буй ПУТИН l Тагнуулч, Ерөнхийлөгч, хамгийн сайн аав

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Өнөөдөр дэлхийн нөлөө бүхий удирдагчдын нэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 69 нас хүрч байна.

Путин хорвоод мэндэлсэн өдрөөрөө ихэнхдээ ажил, албан уулзалт зэрэгт оролцож, баярлах завгүй байдаг талаар хэвлэлийн төлөөлөгч нь ярьдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч төрсөн өдрөө тэмдэглэх боломж гарвал төрөл төрөгсөд, ойр дотныхоо хүмүүстэй тэмдэглэдэг уламжлалтай аж. Төрсөн өдөртөө чухал ач холбогдол өгдөггүй Путин 2015 онд л гэхэд 63 насныхаа төрсөн өдрөөр хоккей тоглож байжээ. Түүнтэй хамт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу байсан гэнэ. Харин 2014 оны энэ өдөр их ажлын дараа амралт авч, төрсөн өдрөөрөө Сибирийн тайгад олны хөлөөс хол байжээ.

Өнөөдөр 69 нас хүрч байгаа түүний талаар өгүүлье.

“Би энгийн хүний байдлаа үргэлж хадгалдаг”

Владимир Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотод төржээ. “Би эгэл жирийн гэр бүлээс гаралтай. Энэ байдлаараа олон жил амьдарсан. Би энгийн хүний байдлаа үргэлж хадгалдаг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч ярьжээ. Путины ээж Мария Ивановна Шеломова их зөөлөн, сайхан сэтгэлтэй хүн байжээ. Ерөнхийлөгч ярихдаа “Бид даруухан амьдардаг байсан. Ногоотой шөл хийж, гамбир хайрдаг эгэл нэгэн гэр бүл байлаа. Бүтэн сайн өдөр болон баярын өдрүүдээр ээж пирошки хийдэг байв. Ээжийн хийсэн байцаа, мах, будаатай пирошки маш амттай байдаг байсан” гэсэн юм.

Путиныг жүдогоор хичээллэхэд ээж нь дургүй байжээ. “Бэлтгэлдээ явах болгонд ээж маань “Дахиад л нөгөө зодоондоо явж байна уу” гэдэг байсан” гэж Путин дурссан байдаг. Түүний дасгалжуулагч нь уг байдлыг өөрчилжээ. Тэрбээр шавийнхаа гэрт нь ирж, эцэг эхэд нь Путины хичээллэж байгаа спорт юу болох, хүү нь ямар амжилтад хүрч байгааг хэлснээр гэр бүлийнхнийх нь жүдод хандах хандлага өөр болжээ.

Аав Владимир Спиридонович Путин нь дайнд оролцож явсан, 1950-иад онд машины үйлдвэрийн хамгаалалтад ажилладаг байжээ. Дараа нь тэрбээр үйлдвэртээ мастер хийж байсан аж. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Питерт амьдрахад хүнд болж, өлсгөлөн газар авч, Путины гэр бүл Тверийн Поминово тосгон руу нүүсэн байна. Путины эмээгийнх нь төрсөн нутаг болох Поминово дахь тэдний амьдардаг байсан байшин одоо ч бий гэнэ. Ах, дүүс нь амрахаар очдог байна. Поминовод Путины аав, ээж хоёр танилцаж, 17 настай байхдаа гэр бүл болжээ.

Дайны дараа Путины гэр бүл Питерийн энгийн нэгэн нийтийн байрны өрөөнд нүүж оржээ. “Хашаа, худаг, таван давхар лифтгүй байшинг үргэлж санадаг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч дурсдаг.

Хулигаануудтай найзалдаг хүү

Путины сургуулийн он жилүүд нэлээд адармаатай. Тэрбээр 1960-1968 онд Ленинградын найман жилийн дунд сургуульд сурчээ. Хичээлдээ байнга хоцорч очдог Путин пионер биш хулигаан байснаа ярьдаг. Түүний багш Вера Дмитриевна Гуревич “Путин тавдугаар анги хүртлээ өөрийгөө төдийлөн харуулж чадаагүй. Гэхдээ би түүнд оюуны хүч чадал байгааг мэддэг байсан. Тэр гадаад хэлд их дуртай, аливааг цээжлэхдээ маш сайн байлаа. Би түүнийг хулигаануудтай найзлахыг нь хорьж, анхаарал хандуулахаар шийдсэн” гэж ярьжээ. Багш нь аавтай нь хүртэл уулзаж хүүдээ нөлөөлөхийг ятгасан байна. Гэвч энэ нь тус болоогүй гэдэг. Харин Владимир Путин зургаадугаар ангиасаа эхлэн өөрөө хичээл номдоо анхаарч, онц сурч эхэлсэн байна.

Зургаадугаар ангид байхдаа Путин амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрнэ гэсэн зорилт тавьжээ. Тэрбээр 3 авахаа больж, пионерт түүнийг хүлээж авснаар залуу Путин огт өөр болж, удалгүй пионерийн зөвлөлийнхөө дарга нь болжээ. Тийнхүү гадуур атамандаж, тэнэж явах нь хангалтгүй санагдсанаар Путин спортоор хичээллэж эхэлсэн байна. “Бас онц сурах хэрэгтэй байлаа” гэж Путин дурссан байдаг.

Далайчин уу, нисгэгч үү, тагнуулч уу

1970 онд Владимир Путин Ленинградын их сургуулийн хуулийн факультетэд элсэв. 1975 онд их сургуулиа төгсчээ. Дараа нь 1980 оны эхээр Москвагийн Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ)-ны дээд сургуулийг төгссөн байна. Путин 1975-1990 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны гадаад тагнуулын ажил хариуцсан нэгдүгээр хэлтэст ажиллажээ. Дараа нь сөрөг тагнуулын ажилд шилжүүлсэн байна. Сөрөг тагнуулын албанд тэрбээр таван сар ажиллажээ. Энэ үеэрээ тагнуулын томчуудад таалагдах болж, гадаад тагнуулын академид сурсан гэдэг.

Дунд сургуулиа төгсөхөөсөө өмнө л түүнд тагнуулчаар ажиллах хүсэл төржээ. Мөн далайчин болох уу, нисгэгч болох уу гэж эргэлзэж байснаа ОХУ-ын Ерөнхийлөгч ярьсан байдаг.

Гэрлэлт ба Германд амьдарсан он жилүүд

Путиныг Герман руу томилж, 1985-1990 он хүртэл Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дрезден хотод ажиллаж, амьдарчээ. ЗХУ-АГУ-ын “Найрамдлын ордон”-ы захирал гэх албан тушаалын дор тэрбээр тагнуул байсан гэгддэг. Ардчилсан Германы нам, улс төрийн дотоод чиг хандлага, тэргүүнүүдийнх нь тухай зэрэг олон чухал мэдээллийг цуглуулдаг байжээ. Путины Дрезденд байсан он жилүүдийнх нь тухай мэдээлэл маш бага байдаг. Тэрбээр аж үйлдвэрийн тагнуул хийж, одон медаль хүрттэлээ гарамгай ажилласан тагнуулч гэж Германы хэвлэлүүд бичдэг.

Герман руу явахаас нь өмнө Путины амьдралд нэгэн чухал үйл явдал тохиосон нь эхнэр Людмила Шкребневатайгаа танилцсан нь юм. Найз нар нь тэднийг танилцуулжээ. Людмила дотоодын нислэгт онгоцны үйлчлэгч хийдэг байсан аж. Түүнийг найзтайгаа Ленинградад гурван өдөр ирээд байхад нь Путины найз театрт урьж, Володяг дагуулан очжээ. Путин Людмилатай уулзах гэж дараа өдөр нь мөн найзтай нь театрт урьсан байна. Үүний дараах өдөр нь ч мөн Путин тасалбар худалдан авч Людаг театрт урьсан гэдэг. Тийнхүү Владимир, Людмила хоёр найзлах болж, удалгүй тэдний дунд хайр сэтгэлийн харилцаа үүсжээ. “Гурав, дөрвөн сарын дараа би Путиныг энэ хүн л надад хэрэгтэй гэдгийг мэдсэн” гэж Людмила ярьсан байдаг. Гурван жилийн дараа тэд гэрлэжээ. Путины ганцаардмал амьдралыг Людмила өөрчилсөн гэдэг.

Хамгийн сайн аав

1985 онд Герман руу явахынх нь өмнө охин Мария нь төржээ. Бага охин Катерина нь 1986 онд Дрезденд төрсөн байна. Путин, Людмила хоёр охиддоо эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэн Мария (Путины эмээ), Екатерина (Людмилагийн эмээ) гэх нэр өгсөн гэдэг. Путин охиддоо маш их хайртай талаар эхнэр нь ярьсан байдаг. “Бүх аав хүүхдүүддээ түүн шиг ханддаг бол сайхан байхсан” гэж Люда ярьсан билээ. Путин охидоо их эрхлүүлдэг байсан болохоор хүмүүжлийнх нь тал дээр эхнэр нь л анхаарахаас өөр аргагүй болжээ. Оросын Ерөнхийлөгчийн охидын талаарх мэдээлэл маш бага байдаг юм. Путин, Людмила нар 2013 онд хоёулаа шийдсэний үндсэн дээр салж байгаагаа мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонин(103.111.68.3) 2021 оны 10 сарын 07

Энэ жинхэнэ Путин мөн үү 69 хүрсэн гэхэд анх байсанаасаа ялгарахгүй байна

0  |  0
Top