УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан өчигдөр /2021.10.07/ 74 гишүүнээс 60 хүрэхгүй хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Тэднийг төлөөлөн Х.Ганхуяг гишүүн хуулийн төслийг танилцуулсан юм. УИХ 2013 онд хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулсан байдаг. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тухайн хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой аж. Тэгвэл хууль санаачлагч гишүүд энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй. Харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгийн доод хэмжээг 50 мянган ам.доллароос доошгүй гэж зааж өгөх нь тохиромжтой гэж үзжээ. Гадаад хөрөнгө оруулагч нарт тавьж буй босго хөрөнгийг бууруулсан энэ заалт өчигдрийн хуралдаанд суусан УИХ-ын гишүүдийн дунд маргаан үүсгэсэн. Улмаар хэлэлцэх эсэхийг дэмжих талаар санал хураахад, хуралдаанд оролцсон 54 гишүүний 51.9 хувь буюу 28 нь дэмжиж, 26 нь татгалзсан. Хэлэлцүүгийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
-Босгыг нь 100 мянган ам.доллароос 50 мянган ам.доллар болгочихоор маргаашнаас эхлээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж горьдоод хэрэггүй. Ямар ч логикгүй байна. Мэргэжлийн хүмүүс хамтран анализ хиймээр байна. Аль салбарт хэчнээн хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт багассан гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ. Цээжээр хэлэхэд уул уурхайн салбар л гадаадын хөрөнгө оруулахад гол жин дарж байгаа. Үүн дээр МАН-ын бүлэг, төрийн гурав гэдэг нөхдүүдтэйгээ суугаарай. Энэ чинь тоглоом биш шүү. Шүлсээ үсэргэж эдийн засаг, хэдэн арван тэрбум ам.доллар ярьж болно. Тэр чинь мөд орж ирэхгүй. 100-г 50 болгосноор эсвэл эхнэр, нөхөр нь байнгын оршин суугчийн визтэй болгосноор гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна. Гол асуудал болох хээл хахуулиа болиул. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгч монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж дэмий юм ярьсан. Одоо үүнийгээ ажил болго. Гэтэл түүнийгээ мартчихаад тэрбум мод яриад явж байна. Ийм эргүү солиотой улсад ямар амьтан хөрөнгө оруулах вэ. Хөрөнгийг нь мод руу авна гэвэл яана. Мөн дээрэм хулгайгаа боль. Хуульгүй улс болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөөг хүндэл. Иргэнээ хүндэлж чаддаггүй улсад хэнхөрөнгөө оруулах вэ дээ.
-Монгол Улс арван жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын эдийн засагт гацсан. Эдийн засгаа тэлэх гуравхан арга бий. Экспортоо нэмэгдүүлэх, гадаадын зээл тусламж авах, гадаадын хөрөнгө оруулалт татах. Гадаадын хөрөнгө оруулалтаар Монголд ам.доллар орж ирнэ. Ингэснээр төв банк мөнгөний нийлүүлэлтийг нь хийнэ. Үүний дараа эдийн засаг тэлнэ. Тиймээс эдийн засгаа тэлэх ганц боломж нь гадаадын хөрөнгө оруулалт. Өөр ямар ч арга байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын давуу тал нь өр үүсэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ, ашигтай бол ашгаа хүртдэг. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр арга байхгүй. Жижигхэн эдийн засагтай, үндэсний аюулгүй байдал гэж том том ярьдаг улстөрчидтэй улсад гаднын хөрөнгө оруулалт ганц гарц нь шүү.
-Энэ хуулийн төслийн 12.5, 12.6 дахь заалтыг эргэж харах нь зөв. Ялангуяа 12.1.6 буюу “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтыг бүхэлд нь хасах нь зөв гэж үзэж байна.
-Цэнхэр паспортын хууль шиг харагдаад байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Бид 1990 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт, тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт ярьж байна. Хөрөнгө оруулагчид орж ирээд монголын баялгийг гадныханд зарчихаад явдаг. Нэг жишээ бол Тамсагийн орд байна. Тэр ордыг хөрөнгө оруулагчид зарчихаад явсан.
-Энэ хуулийн төслийг хаалттай байдлаар хэлэлцэх горимын санал гаргаж байна. Учир нь хуулийн төслийн гол агуулгад Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гадаадын иргэдэд олон удаагийн виз олгох тухай асуудал хөндөгдөж байгаа. Виз олголт бол үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг асуудал. Монгол төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд яригддаг. Хавар визтэй холбоотой хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцсэн.
-Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэхдээ өргөн барьсан төслийг биш УИХ-ын Ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Х.Ганхуяг гишүүний танилцуулсанаар, 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль гарахаас өмнө жилд 900-1500 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдэж байсан. Хууль гарснаар хойш энэ тоо 4-5 дахин буурсан байна. Үүний гол шалтгаан юу вэ. Хууль баталснаар хөрөнгө оруулалт буурсан бол ухралт болсон гэсэн үг. Одоо 100 мянган ам.долларын босгыг 50 мянган ам.доллар болгож бууруулснаар энэ байдал сайжрах уу. Мөн улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай компани хэд байдаг вэ. Энэ талаар тоо баримт байхгүй гэх юм. Яагаад ийм байдаг юм бэ.
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан байна. Мөн гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон байх ёстой гэж заажээ. Тэгэхээр жолооч, орчуулагчтайгаа орж ирээд, хоёр ажилтантай болчихно шүү дээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд энэ нь хэр тохиромжтой заалт вэ. Энэ хэлбэрээр нь явбал дэмжих боломжгүй.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж байгаа юм байна. Ингэсгээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдын гэр бүлийн хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх үү, манай улсад ирэх ашиг нь юу вэ. Энэ хуулийн төслийг зөвхөн Эдийн засгийн байнгын хороо бус Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцүүлэх ёстой. 50 мянган ам.доллар гэдэг нь 150 сая хүрэхгүй төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд манай улсад байнга оршин суух эрхтэй болоод байх юм байна. Эсвэл хууль бусаар Монголд байгаа гадаадын иргэдийн хууль ёсоор байлгах боломж олгож байгаа юм уу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Ганцхан ширхэг ланд хувьдаа авчихаар хөрөнгө оруулагч болчих юм байна шд ээ, тэр нь мэдээж хуучин шүү. Сайн муу талаа сайтар тооцдог л байгаа даа.
Төрийн түшээд нэр зүүсэн урвагчид төрийн ордонд төрсөн нутгаа зарсаар байх жишгийг\nтогтоолоо,50000 доллар гадаадын хөрөнгө оруулалт мөнүү, эх орноо өөрсдөө гуйлгачин \nболгочихоод ийм мөнгийг ихэд тооцдог болж,наад мөнгө чинь бидний арчаагүй дээр тоглож мөнгө хийж хужаа нарын өдрийн орлого.Улаан цайм ийм хууль санаачлагч,дэмчигчид бөөнөөрөө худалдагдаж дээ гэж хардхаас өөр ямарч хувилбар алга.\nТа бүхэнд заяагдсан учраас үнэгүй юм шиг санагдаад байгаа байх,дэлхийд хамгийн үнэтэй эх орон шүү.Хуйвалдаанд оролцоогүй бол Ерөнхийлөгч нэг хориг тавих байгаа даа.\n