ЭБЭХ-ний сайд Д.Зоригт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
-Нефть бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс үнэ өсч байна. Одоогийн байдлаар ямар хэмжээний нөөц байгаа вэ?
-Зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монгол Улс 9062 тонн дизель түлшний нөөцтэй байна. Дээрээс нь хилээр дизель түлш оруулж ирж байгаа. Энэ бол 17-18 хоногт хүрэлцэх хэвийн хэмжээний нөөц. Өнөөдрийн байдлаар “Шунхлай”, “Магнай трейд” компаниудын хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Бусад компаниуд картаар олгож байна.
-АИ-92 бензиний хувьд нөөц нь үнэхээр бага байгаа юмуу?
-АИ-29 бензиний хувьд асуудал үүсээд байна. Асуудал үүсэнгүүт хэвийн олгогдож байсан АИ-92 бензинийг картанд шилжүүлсэн. Одоогийн байдлаар 7500 тонн АИ-92 бензин агуулахад байна. Мөн гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа, ачигдчихсан бензинийг нэмж тооцвол 8450 тонн орчим АИ-92 бензиний нөөц бий. Өөрөөр хэлбэл, 13-14 хоногийн нөөцтэй гэсэн үг. Энэ нь энгийн үед аваад үзвэл ямар нэг асуудал үүсгэх хэмжээ биш. Ер нь элдэв яриа гарсантай холбоотойгоор хүмүүс маш их нөөц бэлдсэн. Зарим шатахуун түгээх станц хоногтоо 2000 тонн шатахуун зардаг байсан бол одоо 10 мянган тонныг зарж эхэлсэн. Харин дизель түлшний тухайд нөхцөл байдал тогтворжиж байгаа. Уул уурхайн компаниуд, Оюу толгой, Таван толгой, газар тариалангийн ажил хэвийн явагдаж байна.
-Нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал хөндөгдөж байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр шатахууны нийлүүлэлтийн талаар ярьсан. Саяхан долдугаар сарын нефтийн хангамжийн асуудлыг ярилцсан. Үүнээс гадна БНХАУ, БНСУ-тай энэ чиглэлээр ярилцсан юм. ОХУ-ын талтай энэ асуудлаар ярилцахад “Улаанбаатар төмөр зам” ХНН, Таван толгой, ашигт малтмалын сэдэв заавал сөхөгддөг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )