Мальтад тээврийн хэрэгслийн тоог бууруулах, замын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байгаа юм байна. Тус улсын Санхүү, хөдөлмөр эрхлэлтийн сайд Клайд Каруана ирэх оноос хэрэгжиж эхлэх уг санаачилга нь Мальтад ирсэн гадаадын жуулчдад хамааралгүй бөгөөд зөвхөн оршин суугчид нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой талаар онцолсон байна. Мальта газар нутгийн хувьд харьцангуй жижиг, хүн ам багатай хэдий ч хамгийн их тээврийн хэрэгсэлтэй орнуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг. Албан ёсны статистик мэдээгээр, 500 мянга гаруй хүн амтай тус улсад өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 400586 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох уг шийдвэр нь 2022 оны төсөвт тусгагдсан амьжиргааны өртгийн өсөлтийг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээний нэг юм. Түүнчлэн цахилгаан автомашины лицензийн хураамжийг таван жилийн хугацаатай чөлөөлөх, ирэх гурван жилийн хугацаанд цахилгаан автомашин цэнэглэх 1200 станц байрлуулах, унадаг болон цахилгаан дугуй худалдаж авсан нөхцөлд татварын буцаан олголтыг олгохоор болсон талаар Клайд Каруана мэдэгдэлдээ дурджээ. Мальтаас гадна дэлхийн зургаан улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон. Үүнд:
Тус улс өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн трамвай, галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээврийг үнэгүй болгосон. Люксембург 2018 оноос эхлэн нийтийн тээврийг үнэгүй болгохоор төлөвлөж байсан бөгөөд хоёр жилээр хойшилсон билээ. Нийтийн тээврийг үнэгүй болгосноор 2025 он гэхэд автомашиныг 15 хувиар бууруулна гэж үзэж байгаа юм. Люксембург нэг хүнд ногдох автомашины тоогоороо Европын орнуудыг тэргүүлдэг. Нийт 2586 км кв газар нутагтай тус улсын нийслэл Люксембург хотоос Бельги, Франц, Герман руу машинаар цагийн дотор л хүрнэ. Хөрш зэргэлдээх орнуудаас өдөр бүр 180 мянган хүн Люксембург хотод ажиллахаар ирдэг. Эдийн засаг нь огцом өсөж, ажлын байр нэмэгдэх нь хэт их ачаалал, бөөгнөрлийг үүсгэх гол шалтгаан болсон гэдгийг Люксембургийн их сургуулийн профессор Жеофри Карусо тайлбарлажээ.
Бүх нийтийн санал асуулга явуулж, оршин суугчдын 75 хувь нь дэмжсэн учраас Таллин өнгөрсөн 2013 онд нийтийн тээврээ үнэгүй болгосон билээ. Ингэснээр Таллин нийтийн тээвэр үнэгүй дэлхийн анхны хот болсон. Эстонийн иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчих ногоон карт авахын тулд Таллин хотын оршин суугчаар бүртгүүлж, хоёр евро төлөхөд л хангалттай. Харамсалтай нь жуулчид болон гадаадын оршин суугчид үүнд хамрагдах боломжгүй гэнэ. Одоогоор энэхүү схем амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Эстонийн Засгийн газар үүнийг улс даяар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Өмнөд Австралийн Аделаид хот дотроо автобус, трамвайгаар үнэгүй үйлчилдэг. Австралийн хамгийн тренд хот болох Мельбурн нь мөн хэдэн тодорхой чиглэлд нийтийн тээврээр үнэгүй үйлчилдэг байна. Тухайлбал, хотын оршин суугчид болоод жуулчид Докландын Виктория боомт хүртэл, Хаврын гудамж, Флиндерс болон Холбооны талбай руу нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой ажээ.
Гент хот нь өнгөрсөн 2017 онд хорт утаа бага ялгаруулдаг бүс болохоо мэдэгдсэн бөгөөд зөвхөн шаардлага хангасан бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн. Уг шийдвэрийн улмаас замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо эрс буурсан учраас хотын эрх баригчид цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлж, ард иргэдээ үнэгүй зорчуулж эхэлсэн. Гент хотын захиргаа уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ердөө 3.4 сая фунт стерлинг зарцуулсан нь нэг миль авто зам барих зардлаас хэд дахин бага байгаа юм. Нэг миль автозам тавихад ойролцоогоор 20-30 сая фунт стерлинг шаардлагатай байдаг аж. 2017 оноос хойш Гент хотын агаар дахь азотын ислийн хэмжээ 20 хувиар буурсан байна.
Солт Лейк хот 2019 оноос эхлэн нийтийн тээврээ долоо хоногийн хоёр өдөр нь үнэ төлбөргүй болгосон. Үүний зэрэгцээ Миссури мужийн Канзас-Сити, Вашингтон мужийн Олимпиа зэрэг хот нийтийн тээврээ үнэгүй болгохоо зарлаад байгаа ажээ.
Йоркшир тэргүүтэй Их Британийн хэд хэдэн хот суурин газруудад, тухайлбал Вэйкфилд, Хаддерсфилд, Дьюсбери хотод нийтийн тээвэр үнэгүй байдаг ажээ. Бүгд анх туршилтын журмаар нийтийн тээврээ үнэгүй болгосон боловч үр дүнтэй нь батлагдсан байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )