УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Таныг АНУ руу УИХ даргатай айлчлалд явах үеэрээ КОВИД-19 туссан. Тэгээд буцахдаа БНСУ-д үлдэж эмчлүүлсэн гэдэг мэдээлэл гарсан. Та ер нь сүүлийн долоо хоног хаана байв?
-“Хуурай гүжирт хариугүй” гэдэг байдлаар л хариу өгье дөө. Олон жил гөрдүүлж, гүжирдүүлж байна. Энэ харин зөөлөн, цагаан гүжир болжээ. Хөөрхий ковид тусчихсан байна, юу юу гэсэн гэлээ. Бүгд худлаа мэдээлэл шүү. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт тойрог дээрээ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж ажилласан. Ялангуяа ажилгүйдэл ихтэй зургаан багтаа зориулж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.
Ингэхдээ Барилга, хот байгуулалтын яамнаас ном ёсоор нь зарласан тендерт ялсан компанитай холбогдож, уулзаж ярилаа. Тэгээд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих компаниуд, хувь хүмүүсээ сонгож авах дээрээ яг одоо ажиллаж байна. Үүний үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр маш олон хүн ажилтай болно, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн эдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болоод бусад төрийн өмчит компаниуд ямар давуу байдалтай авах вэ гэдэг дээр бид тодорхой ажил зохион байгуулаад явж байна даа.
-Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл сүүлийн хэдэн өдөр нэлээд маргаан дагууллаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг би 100 хувь эсэргүүцэж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж олон жил ярилаа. Яагаад үндэсний бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаа дэмжих талаар нэг ч үг хэлдэггүй юм бэ. Ийм захиалгын хуулиудын эсрэг бид хатуу зогсож сурах ёстой юм. Өмнө нь 2012-2016 онд УИХ-д байхад яг үүнтэй утга нэгтэй хууль орж ирж байсан. Ерөнхийлөгчөөс санаачилсан гээд 2014 онд орж ирж байсан санагдаж байна. Тэр үед бид маш хүчтэйгээр эсэргүүцэж, тэр асуудал зогсож байсан. Энэ удаа дахиад орж ирж байна.
-Цэнхэр паспортын хууль гэж байсан бил үү?
-Тийм. Цэнхэр паспортын хуулийг ярьж байгаа юм шүү. Энэ удаад ч Монголын ард түмний талд шийдэгдэх байх аа.
-Гэхдээ цар тахлын дараа дэлхий даяар бага ч хамаагүй хөрөнгө оруулалт татах уралдаан болно. Түүнд зориулж л босгоо намсгаж байгаа юм гэж хууль санаачлагчид нь тайлбарлаад байгаа шүү дээ?
-Бодоод үз дээ. Манай хоол, үйлчилгээний салбарт монголчууд хийж чадах олон ажлыг гадаадууд хийж байгаа. Маш олон үсчний газрыг өнөөдөр гадаадууд ажиллуулж байна. Монгол хүн үс засаж чадахаа байтлаа дордсон гэж үү. Бас буяны ажил хийж байгаа гадаадын маш олон компани бий. Яагаад үндэсний компаниуд үүнийг хийж чаддаггүй юм. Ингэтлээ үндэсний компаниудаа үл ойшоож, дээрэлхэж, дорд үзэж болохгүй. Үндэсний бизнес эрхлэгч нараа яаж дэмжих вэ гэдгийг бодох ёстой биз дээ. Намайг бизнес эрхлэгч нарын эсрэг байдаг хүн гэж л байнга ярьдаг, харлуулдаг, бичдэг. Би “Рио Тинто” буюу уул уурхай дээр байгаа гадаадын хамгийн том хөрөнгө оруулагчийг “Шударга байгаач ээ, Монгол ашигтай байгаач ээ” гэж үндсэндээ 17 жил шаардаж, тэмцэж явна. Нэг ч үндэсний бизнес эрхлэгчийг муулж, эсрэг нь тэмцэж үзээгүй. Тэдэнд муу юм байдаг. Ялангуяа Монголын банкууд зүгээр дээрэмчин шиг байдаг. Гэхдээ би яг албан ёсоор тэдний эсрэг байдаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг IT, технологийн гэх мэт бидний сайн хийж мэдэхгүй, чадахгүй байгаа салбар дээр оруулж ирэх тухайд бол чиний ярьж байгаа зөв. Гэтэл үсчин, хоол, хүнсний салбар, дэлгүүр, худалдаа, буяны үйлчилгээн дээр яагаад гадныхныг ингэж чөлөөтэй оруулж ирээд байгаа юм бэ. Энэ асуудлыг л би дахин, дахин яриад байгаа байхгүй юу. Уул уурхай дээр бол ялангуяа болзол, босгоо өндөр байлгах ёстой шүү дээ.
-Таны “Рио Тинто” буюу “Оюутолгой” төсөлтэй холбоотой хийж байгаа тэмцлийг Монгол Улсаа л хорлож байгаа үйлдэл гэж ил цагаан ярьдаг хүмүүс бий. Тэдэнд ямар хариулт өгөх вэ?
-Хуц гэж хэлье.
-Сүүлийн үед гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслээр “Рио Тинто”-гийн тухай гарч байгаа мэдээллийг харж байгаа юу. Энэ төсөлд монголчуудыг оролцуулсан болохоор л цаг хугацаандаа амжиж чадахгүй, өртөг нэмэгдээд байгаа мэт бичсэн байна лээ?
-Сая УИХ-ын даргатай АНУ-д очихдоо Дэлхийн банкны төв оффис дээр нь уулзалт хийгээд ирлээ. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчтэй уулзлаа. Яг үүнтэй адилхан эхлээд “Рио Тинто”-г өмгөөлж ярьсан. Би бүх бодит үнэнийг хэллээ. Чи бодоод үз дээ. Бид 400 тэрбум ам.долларын баялгаа өгөөд одоо 2.1 тэрбум ам.долларын өрөнд орчихсон байна. Та нар үүнийг мэдэж байгаа биз дээ. Надад цагдаа, шүүх, прокурор гээд ямар ч ар тал байхгүй. Хэрвээ би худлаа хэлж байгаа бол аль хэзээний мушгиад хаячихна шүү дээ. Би үнэн ярьж байгаа. Тэгэхээр “Рио Тинто” гэдэг ганцхан компани Монголд ийм сөрөг, ийм ашиггүй гэрээ хийчихээд байна. Үүнийг засахын төлөө бид ярьж байна. Ярихдаа тоо баримттай ярьж байгаа шүү. Албан ёсоор удахгүй 23 тэрбум ам.долларын өрөнд Монгол Улс орно гэдгийг бас албан ёсоор мэдэгдэж байгаа шүү дээ. Та нар үүнийг мэдэж байгаа юу.
-Та Дэлхийн банкны удирдагуудтай уулзахдаа яг юу хэлэв?
-Би яг чамд одоо хэлж байгаагаа л хэлсэн. “Ийм байхад та нар “Рио Тинто”-г яагаад дэмжээд байгаа юм бэ. Та нар яагаад Монголын ард түмний эрх ашгийг ерөөсөө ярихгүй байгаа юм бэ. Дэлхийн банкыг “Рио Тинто”-гийн банк гэж би ерөөсөө бодохгүй байна” гэсэн. Хариуд нь тэд “Маш зөв зүйтэй зүйл ярилаа” гэсэн байр суурьтай байсан. Яагаад гэвэл тэдэнд мэдээлэл өгдөггүй. Маш олон сэтгүүлчид худалдагддаг. Ийм арчаагүй байдалтай байгаа учраас тэд мэдээлэл аваагүй байна шүү дээ.
-Манай сэтгүүлчид худалдагддаггүй юм аа. Яахав том салбар болохоор дунд нь ганц хоёр хүн байдаг байж болох юм. Түүнээс биш сэтгүүлчид ажлаа хийгээд л явж байгаа. Таны өрөөнд орж ирээд ярилцлага аваад л сууж байгаа биз дээ?
-Ер нь бол нарийн яривал сэтгүүл зүйн салбарынхны дэмжлэгээр л ах нь явж байгаа. Та нар бол миний хамгаалагчид. Гэхдээ нэр хэлээд яахав, томоохон сайт, телевизүүдийн зарим нь аймаар хэцүү шүү дээ. Тэр байгууллагууд болоод нэр зүстэй томоохон нийтлэлчид худалдагддаг. Үүн дээр ах нь аягүй шанална. Миний нас 50 гарчихлаа. 2004 оноос эхлээд 17 жил тэмцлээ. Чин үнэнийг хэлэхэд одоо таван улсын шүүх дээр “Рио Тинто”-г шүүгээд явж байна. Нөгөө том сэтгүүлчид хамгаалаад байсан ч гэсэн Англи, Америкийн шүүх нь авлига өгч байгаад “но”-той гэрээ хийчихсэн байна гэдэг мэдээллийг баталгаажуулаад явж байна. С.Ганбаатар өнөөдөр үүнийг зөв, буруу гэж хэлсэнгүй шүү дээ. Олон улсын таван шүүх хангалттай хариулт болно. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр ах нь дахиад дөрөв эсвэл найман жил л тэмцэнэ биз, бүү мэд. Мань мэт шиг хүмүүс тэмцэхээ болибол залгаад яг ингэж тууштай балбуулаад зүтгэх залуу хүн гарч ирэх болов уу гэдэг л байна. Миний хүүхдүүд та нарын хүүхдүүд хамтдаа найзалж, нөхөрлөөд амьдарна шүү дээ. Сая миний ярьсан “Рио Тинто”-гийн асуудлаар та нар унш л даа. Яг тэр “Рио Тинто”-г өмгөөлөөд, хамгаалаад бичиж байсан улсууд өнөөдөр яагаад юу ч ярихаа больчихов. Намайг чинь “Энэ хүн ингэж орилж, жагссанаас болж “Рио Тинто” Монголоос гарлаа, хөрөнгө оруулалт зогслоо” гэх мэтээр ямар аймаар хэлдэг байлаа даа.
-Гарчихвал оронд нь хятадууд л ороод ирнэ шүү дээ?
-Тэгээд чиний санаа бол энэ бидэнд алдагдалтай чигээрээ байсан нь зүгээр гэж байгаа юм уу.
-Яахав сайжруулах ёстой л доо.
-Яг зөв. Сайжруулахыг л би ярьж байгаа. Би “Рио Тинто”-г гар гэж хэлээгүй. Сайжруулах тухай л ярьдаг. Тэгэнгүүт түүнийг гар гэсэн болгож мушгиад байдаг байхгүй юу. Миний амнаас нэг ч удаа гар гэсэн үг гараагүй шүү дээ.
-Сүүлд Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн төслөөс Монголын тал 34 хувийг авсан нь алдаатай болсон. Тухайн үед УИХ-аас Засгийн газарт ийм чиглэл өгснийг л хийсэн. Түүнээс биш хувь эзэмшилгүйгээр татвараа өндөр тавих байсан гэсэн байна лээ. Сангийн сайд асан С.Баярцогт ч энэ талаар бичсэн номынхоо эхэнд тэр 34 хувийн асуудлыг л шийдэх ёстой гэсэн байдаг?
-2009 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхдаа явуулсан миний захидал байдаг юм. 2004 оноос эхлээд миний явуулж байсан санаа бол хувь битгий ав гэдэг дээр байсан. Би анхнаасаа энэ 34 хувийн эсрэг байсан шүү. Одоо ингэж хэлэхээр хүн бараг итгэхгүй. “Энэ хувиа нэмэх гээд байсан хүн” л гэж харлуулаад байдаг байхгүй юу. Яахав иргэний хөдөлгөөнүүд дотор олон байр суурь байдаг. Тийм болохоор би бичиж байсан захидлаа үзүүлье гээд байгаа юм. 34 хувийн оронд роялтигаа (АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) нэмчих ээ гэж гуйгаад байсан байхгүй юу. Хэдээр нэмэх вэ гэдэг дээр би бүр тооцоогоо гаргачихсан байсан. Багадаа 15 хувь гэж тооцсон. Одоо таван хувь байгаа шүү дээ. 15-20 хувь дотор байж болно. Ийм хэмжээний роялти аваад хувь эзэмших хэрэггүй гэж бичиж байлаа. Энэ хэмжээг би өөрөө зохиосон ч юм биш, олон улсын туршлага байдаг. Түүнийг ах нь өөрийнхөө хэмжээнд судлаад санал болгож байв. Тухайн үед УИХ-ын дарга нь Д.Дэмбэрэл гуай, Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж гуай байсан. Ерөнхий сайд нь хэн байлаа даа. Төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь би захидал бичсэн байдаг юм. Гэхдээ өнөөдөр хэн нэгнийг буруутгахаас илүү үүнийг ашигтай болгоё гээд байгаа байхгүй юу. Би С.Баяр, С.Баярцогтыг ч айхтар буруутгасан үг хэлдэггүй. Тэр тусмаа “Рио Тинто”-г Монголоос хөөж гарга гэж ерөөсөө яриагүй. Үүнийг хийсэн хүмүүс ч хөөрхий хүн л юм хойно одоо Монгол ашигтай болгох тал дээр өөрсдөө зөвшөөрч эхэллээ. Бүр таг ашиггүй гэрээ хийчихсэн байхгүй юу.
-Одоо тэр “Оюутолгой” төслөөс Монголын эзэмшдэг 34 хувийг УИХ дээр шийдвэр гаргаад цаад талд нь худалдаж болдоггүй юм уу?
-34 хувийг худалдана, зарна гэвэл би үүний эсрэг байна. Үгэн дээр анхаарах хэрэгтэй. Роялтигаа нэмж солино гэвэл дэмжинэ. Үүнийг би Оюутолгой эхлэхээс өмнө ч хэлж байсан, одоо ч ижилхэн. 34 хувийг худалдана гэхээр одоо энэ компаний чинь үнэлгээ тэрбум ам.доллар хүрэхгүй л байдаг байхгүй юу. Тэгээд 34 хувь гэхээр 300 мянган орчим ам.доллар болно. Сайн өслөө гэхэд 1.5 тэрбум ам.доллар болгоно гээд яриа байдаг юм. Чингис бонд шиг бондоор 34 хувийг зарах юм бол манайх бүр нойллож орхино биз дээ. Тэгэнгүүт яана гээч, “Рио Тинто” шууд хятадуудад зарна. Тэгэхээр роялтигаа нэмэх байдлаар солино гэвэл хамгийн зөв болно. Уншаагүй, сайн судлаагүй хүнд миний яриа сайн буухгүй байж магадгүй.
-Энэ ярилцлагыг унших ихэнх хүн над шиг л мэдээлэлтэй байгаа. Хүн болгон тэр гэрээг үзэхгүй шүү дээ?
-Тайлбарлана гэвэл дараа нь чөлөөтэй уулзаж, цаас гаргаж тайлбарлаж хэлж өгье. Энэ чинь дэндүү том асуудал байгаа юм даа. Монголд өөр том асуудал байхгүй шүү. 400 тэрбум ам.долларын баялгийн асуудал. Бид чинь одоо өсгөөд, өсгөөд улсаараа 30 хэдэн тэрбум ам.долларын л өртэй шүү дээ. Та нарт материал байхгүй байна гэдэг аргагүй. Би махаа идэж байж олж байгаа байхгүй юу. Тийм болохоор материал өгье гэсэн юм.
-Та Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт байгаа шүү дээ. Энэ хувь, роялтигын асуудлыг ярьж байна уу?
-Одоо бол нарийн яривал гэрээн дээр Монголд бүр давуу талтай болгох юм ярьж байгаа.
-Энэ удаагийн УИХ-д та анх удаа бүлэгтэй болж байна. УИХ дахь намын АН-ын бүлэгт орсон нь бие дааж явсан үетэй харьцуулахад юугаараа өөр байна?
-Ер нь ганцаараа байна гэдэг бол давуу талтай. Бодсон санаснаа чөлөөтэй хэлнэ. Яг тойргийн сонгогчдынхоо санаа бодлыг нэлээд хүчтэй тусгаж чадна. Бүлэгт орно гэдэг бас давуу талтай. Ганцаардахгүй, санаа бодлоо хамтдаа хуваалцана, асуух зүйлүүдээ хоорондоо ярилцана гэх мэт.
-Та АН-ын өнөөгий байр байдлын талаар дүгнээд байр сууриа илэрхийлэхгүй юм уу?
-Энэ удаа Оюутолгойг л ярьсанаараа дуусгая.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
С.Баяр, Баярцогт хоёрыг буудах л ёстой юм байгаа юм даа. Улс орноо худалдсан хүмүүсийг ганц жил шоронд суулгаад гаргана гэдэг арай л шударга бус байна. Биднийг 29 тэрбум долларын өрөнд оруулчихсан хүмүүс шүү дээ. Бидний хүүхдүүд, ач гуч маань ч төлж барахгүй.
Ганбаатар гишүүн үнэнийг хэлж байна. Та нар энэ хүн шиг эх орноо гэж ядахнаа нэг ч гэсэн дугарч тэмцэж чадах уу хөлсний бичээч троллуудаа. Сайн муу ч чиний ирээдүй үр хүүхдийн чинь төлөө тэмцэж хэлж явна.одоо ингэж муу хэлүүлэн ганц ч гэсэн хүн цаашдаа энэ шуналуудын хулгайг илчиж ярих хүн гарах бол уу .
Оюу Толгойн талаар тууштай байж чадсан цор ганц хүн шүү. Цаг хугацаа шүүнэ гэдэг юутай үнэн бэ..Ганбаатарыг нийлж шоолон, ганцаардуулж байсан луйварчид одоо үнэнд гүйцэгдэж байгаа биз дээ.Сайханбилэг нь гадаад руу зугатаасан,Баярцогт Баяр нар нь шоронд орж улс төрөөс арчигдлаа.Үнэнд гүйцэгдэтлээ монголд мөн ч их гай тарьсан даа өмхий цөөврүүд.
Гай чинь бас хаанаас гараад ирэв ээ, кимчид хорионд байна гээгуй бил уу
ойрд овоо хэл ам хэрүүл сонсогдоогүй. найз эргэн ирлээ. бага хашгирч, нүдэнд харагдах дорвитой ажиллаа