Лигийн барилдааны турш идэвхийн оноог тооцно

2021 оны 10 сарын 14

Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан болохтой холбоотой мэдээлэл гарснаас хойш бөх сонирхогчдын дунд хүлээлт үүссэн билээ. Тэгвэл үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан энэ сарын 16-ны өдөр 13:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болох юм. Үүнтэй холбоотойгоор “Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбооноос хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Тус хурлын үеэр Монголын үндэсний бөхийн тэргүүн Ц.Магалжав “Энэхүү барилдаан нь манай улсад урьд хожид болж байгаагүй цоо шинэ төрлийн барилдаан юм. Шударга өрсөлдөөн, шударга шүүлт, сахилга хариуцлага, ёс зүйн дүрмийг мөрдөхөөс гадна өндөр шагналын сантай. Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт монгол” групп ажиллаж байна. Нийт шагналын сан 10 сая төгрөг. Үүнээс түрүү бөхөд гурван сая, үзүүр түрүүнд 1.5 сая, шөвгийн дөрөвт үлдвэл 500 мянга, шөвгийн наймд 250 мянга, шөвгийн 16-д 200 мянга, нэгийн даваанд унасан бөхчүүдэд 120 мянган төгрөг өгнө” гэв.

Мөн Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал Н.Тамир “Анхдугаар лигийн барилдаан нь нэг ээлжинд дөрвөн хос буюу найман бөх дэвжээнд гарч барилдана. Нэг барилдааныг гурван шүүгч дэнслэн явуулах юм. Туршилтын байдлаар явж байгаа болохоор алдаа оноо байлгүй л яахав. Эхний удаа туршлагагүйтсэн ч дараагийн удаа алдаан дээрээ суралцаж, илүү сайжруулна. Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдааны гол зорилго нь дүрмийн хугацаанд уран мэхийг уралдуулж, өрсөлдөгч бөхөө өвдөг шороодуулсан, гоёмсог барилдааныг үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа. Цаашдаа сар бүр зохион байгуулна” гэсэн юм. Уг барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 32 бөх оролцох аж.

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаантай холбоотойгоор хэд хэдэн асуудлыг “Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа.


-Лигийн барилдааны гол онцлог нь юу вэ?

-Үндэсний бөхөөс ялгаатай нь хугацаатай юм. Тухайн заасан хугацаандаа барилдана гэсэн үг. Хугацаандаа хаялцах юм бол бүх зүйл тодорхой шүү дээ. Харин заасан хугацаандаа хаялцаагүй бол идэвхийн оноо тооцно. Мөн бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлэх юм.

-Тэгэхээр нэг барилдаан хэр хугацаанд үргэлжлэнэ гэсэн үг вэ?

-Нэгээс гурвын даваа нийт 16 минут үргэлжилнэ. 10 минут барилдсаны дараа дан шуудаг гурван минут, давхар шуудаг гурван минут барилдах юм. Харин дөрвийн даваагаас дээш бол 21 минут барилдана. 15 минут барилдсаны дараа дан шуудаг гурван минут, давхар шуудаг гурван минут үргэлжлэх юм. Тэгэхээр 10-аас 15 минутад барилдаж буй бөхчүүдийн хэн нэгэн нь давахгүй бол дан шуудаг, давхар шуудаг гээд үргэлжилнэ гэсэн үг.

-Оноолтын талаар ярихгүй юу. Үндэсний бөхийн оноолтоос ялгаатай юу?

-Оноолтын хувьд өөрчлөлт хийсэн. Уламжлалт үндэсний бөхийн барилдаанд ам авж барилддаг. Дөрвийн даваагаас дээш оноолтоор явдаг шүү дээ. Үндэсний бөхтэй нэг талаараа төстэй. Унасан бөх нь хасагдах журмаар явна. Харин лигийн барилдаанд хасагдах дүрмээс гадна дараагийн барилдааны оноолт нь хэдийн тодорхой болсон байна гэсэн үг. Эхний барилдаанд сугалаагаар барилдах бөх шийдэгдсэнээр дараагийн барилдаанд хэнтэй барилдах нь тодорхой болох юм.

-Энэ удаагийн барилдааны оноолт гарсан юм билээ. Оноолтын үеэр ямарваа нэгэн асуудал будлиан үүсэх боломжтой юу?

-Сугалааны үйл ажиллагааг олон нийтэд ил тодоор хийсэн. Өнгөрсөн ням гарагт ТВ8 телевизээр шууд дамжууллаа. Ямар нэгэн байдлаар гадны нөлөө орох боломжгүй.

-Барилдах 32 бөхөө хэрхэн сонгосон бэ?

-Үндэсний бөхийн холбооноос бүртгэх бололцоог хангаж өгсөн. Улмаар ирж бүртгүүлсэн эхний 32 бөхийг сонгон авлаа. Бид 56 бөхтэйгээр анхдугаар барилдаанаа хийхийг хүссэн ч цар тахалтай холбоотойгоор тоог нь хассан.

-Бөхийн чансааны талаар ярьлаа. Чансааны оноогоор жагсаах нь ямар давуу талтай вэ?

-Олон спортод чансаа гэж зүйл бий. Энэ нь тамирчдын карьерт нөлөөлдөг. Тухайн тамирчин өөрийн чансааг харж, хэдэд хэрхэн эрэмбэлэгдсэн, юун дээр алдаж, оносон зэрэг өөртөө дүгнэлт хийх илүү сайжрах боломж бүрдэх юм.

-Бөхийн бусад төрөлтэй төстэй дүрмүүд ажиглагдсан. Дүрмийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Лигийн барилдааны дүрмийн хувьд давсан бөхийг дөрвөн хэлбэрээр тодорхойлж байгаа. Нэгдүгээрт, барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө хаявал, хоёрдугаарт, барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан “идэвхийн” оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш  болсон тохиолдолд давсанд тооцно. Гуравдугаарт, барилдааны хугацаа дууссан тохиолдолд их идэвхийн оноотой бөхийг давсанд тооцох юм. Мөн барилдааны хугацаа дуусахад хоёр бөхийн идэвхийн оноо тэнцүү бол сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно хэмээн заасан байгаа. Тэгэхээр барилдааны турш идэвхийн оноо тооцож явна гэсэн үг.

-Идэвхийн оноог хэрхэн тооцох вэ?

-Өрсөлдөгч бөхийг шахаж барилдан, барилдааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлвэл нэг оноо өгнө. Хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг газарт хүргэвэл идэвхийн оноо өгөх юм. Мөн хайна болсон тохиолдолд мэх хийсэн бөхөд нэг оноо өгнө хэмээн заасан.

-Дүрмийг нь хэн зохиосон бэ?

-Дүрмийг “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд зохиогоод, оюуны өмчийн газарт бүртгүүлсэн. Бөх сонирхогчдын зүгээс үндэсний бөхийн дүрмийг өөрчиллөө хэмээн харж байгаа юм билээ. Энэ бол эндүү ташаа зүйл. Үндэсний бөхийн дүрэм хэвээрээ байна. Бидний зүгээс ердөө мэргэжлийн лигийн бөхийн дүрмийг гаргасан. Энэ бол тусдаа дүрмүүд юм.

-Үндэсний бөхтэй холбоотой нэг асуудал бол допинг. Тэгэхээр энэ удаагийн лигийн барилдаанд допингийн шинжилгээ авч оруулах уу?

-Шинжилгээ авах эсэхийг Допингийн эсрэг үндэсний төв хариуцдаг. Энэ барилдаанаас шинжилгээ авна гэвэл оролцогч бөх бүр шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин авахгүй хэмээн шийдвэл өгөх шаардлагагүй. Ийм л зохицуулалттай. Ихэвчлэн допингийн шинжилгээ хийхдээ гэнэтийн байдлаар авдаг.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржпүрэв(202.126.90.96) 2021 оны 10 сарын 14

ҮНДЭСНИЙ БӨХ СӨНӨЖЭЭ.

0  |  0
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 14

Энэ идэвхийн оноо гээч нь жинхэнэ хэруулийн алим болно доо, ундэсний бехед ямар шударга ил тод шуулт байх биш, беен найраа, хээл хахууль л болно ш дээ, телберийн чадвартай бол идэвхийн оноогоор туруулээ л гэсэн уг ш дээ

0  |  0
Top