“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, “Эрхэт Монгол” групп хамтран Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Тус лигийн эхний барилдааны сугалаа өнгөрсөн ням гарагт TV8 телевизээр явагдсан юм. Тэмцээний талаар "Хил хязгааргүй спорт" ТББ, Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал Н.Тамираас тодрууллаа.
-Монголын үндэсний бөхийн лигийн барилдааныг зохион байгуулж байгаа. Энэ лигийн барилдааныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Спортын хөгжилд тогтмол, тогтвортой удаан хугацаанд тэмцээн, уралдаан явж байж тамирчид амжилт үзүүлж, цаашаа өсөн дэвждэг. Би өөрөө спортын сэтгүүлч хүний хувьд спортын олон төрлийн лигийг гаргахад хувь нэмрээ оруулж явсан. Хөлбөмбөг, сагсны лигийн тэргүүлэгч гишүүнээр тухайн үедээ ажиллаж байлаа. Энэ лигүүдийг гаргаж ирэхэд алдаа оноотой олон зүйл байсан. Харин үндэсний бөхийн лигийн барилдаан зохион байгуулах, мэргэжлийн түвшинд аваачих тухай олон жил бодож, судалгаа хийж явсан. Харамсалтай нь үндсэндээ 20 жил холбоо нь хоёр хуваагдаад, тамга, тэмдэгний асуудлаар шүүхээр явлаа. Эцэст нь тамга, гэрчилгээ нь нэг болсон учраас одоо энэ асуудлаа тавиад хамтран ажиллахаар болоод явж байна. Үүнээс өмнө яриад аль нэгтэй нь хамтраад хийе гэхээр хэдэн удаа амжилттай явж байтал өнөөх л хэрүүл рүү орчих гээд байсан учраас хойшлуулаад байсан юм. Боксын гавьяат тамирчин, Барселонагийн олимпын хүрэл медальт Н.Баярсайхан, Азийн Даамын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Ч.Бат-Эрдэнэ гэсэн найзуудтайгаа ярьж байгаад спортын менежмент талдаа үйл ажиллагаагаа явуулах “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаа байгуулсан. Ингээд хамгийн түрүүнд үндэсний спортын хамгийн топ нь болох бөхийг сонгоод МҮБХ-нд танилцуулсан. Ингээд энэ сарын 10-нд TV8 телевизээр сугалааны үйл ажиллагаагаа шууд дамжууллаа.
-Энэ удаагийн лигийн барилдаанд хэдэн бөх бүртгүүлсэн бэ?
-Эхний тэмцээнд 32 бөх оролцохоор бүртгүүлсэн. Бидний барьж байгаа зарчим бол A, B, C гэсэн ангилал тус бүр дээр 56 бөх барилдан, чансаагаараа өгсөж урууддаг байдлаар явуулна. Шагналын сан бол маш боломжийн байгаа. Х.Мандахбаяр захиралтай “Эрхэт Монгол” групп дөрвөн жилийн хугацаанд энэхүү лигийн тэмцээнийг ивээн тэтгэж оролцохоор МҮБХ-той гурван талт гэрээ байгуулсан. Энэ сарын 16 буюу бямба гарагт Монгол бөхийн өргөөнд анхныхаа барилдааныг хийх гэж байна.
-Үндэсний бөхийг лигийн хэлбэрт оруулж явуулна гэхээр дүрэм ямар байх вэ?
-Барилдааны дүрмийн хувьд МҮБХ-ны дүрмийн бараг 90 хувь нь байгаа. Харин хэд, хэдэн онцлог бий. Энэ удаад 32 бөх барилдах учраас тав даваад түрүүлнэ. Бид уламжлалаа харж байгаад эхний гурван давааны үндсэн барилдаан 10 минут, дан болон давхар шуудагнаас гурван минут буюу нийтдээ 16 минут барилдахаар зохицуулсан. Харин дөрөв, тавын барилдааны үндсэн цаг нь 15 минут, дан, давхар шуудагнаас зургаан минут гээд нийт хугацаа 27 минут байна. Минутаасаа өмнө хаялцсан тохиолдолд хаясанд тооцож таарна.
-Барилдааны явцад оноо өгөх үү?
-Чөлөөт, жүдо, самбо, сумо гээд дэлхийд алдартай бөхийн спортын онооны систем дээр бид судалгаа их хийсэн. Тэгээд чөлөөт бөхийн онооны системийг түлхүү ашиглахаар болсон. Дөрвөн тохиолдолд тухайн бөхийг давсанд тооцно. Эхнийх нь дээр хэлсэн хугацаанаасаа өмнө өрсөлдөгчөө давсан тохиолдолд. Хоёрдугаарт, барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан барилдааны идэвхийн оноо арваас дээш болсон бол давсанд тооцно. Чөлөөт бөхөд оноогоор цэвэр ялдаг шиг юм. Хугацаа дуусахад идэвхийн оноо нь өндөр байгаа нь, идэвхийн оноо тэнцвэл хамгийн сүүлд оноо авсан нь ялна. Мөн гурван тохиолдолд нэг оноо өгнө. Бөхийн өргөөний дугуй хивснээс бүтэн улаараа гарсан, хамгаалахын тулд гараараа газар тулсан бол өрсөлдөгчид нь нэг оноо өгөх дүрэмтэй. Хайнцсан тохиолдолд мэх хийсэнд нь нэг оноо өгнө. Харин мэх хийгээд гараараа газар тулсан бол оноонд тооцохгүй гэсэн заалттай.
-Оноог хэн өгөх вэ?
-Манай дүрмээр 56 бөх маань дөрвөн хос найман бөх дүйц болон гарч барилдана. Энэ нь цар тахлын үед хамгийн тохиромжтой байгаа юм. Дөрвөн хос бөхийг 12 шүүгч буюу хоёр бөхийн барилдааныг гурван шүүгч шүүнэ. Засуулууд бөхөө дэвжээнд гаргаад дэвжээний гадна гарч зогсоно. Харин бөхчүүд барьц барихдаа хойрго байвал засуулуудыг дуудаж, барьц бариулна. Нэг ёсондоо бөхөө дагаад дэвжээн дээгүүр яваад байхгүй гэсэн үг. Дэвжээний шүүгч гэж тусдаа байна. Тэр нь буруу халах, дэвжээнээс гарах, гараар тулах зэргийг хараад онооны шүүгчид хэлнэ. Харин энэ хоёр шүүгч санал зөрсөн тохиолдолд ахлах шүүгч асуудлыг шийдвэрлэх ёстой. Шаардлагатай гэвэл удаашруулсан бичлэг үзнэ.
-Энэ лигийн барилдаан сар, улирал гээд ямар хугацаанд явагдах вэ?
-Шинэ тутам барилдаан учраас одоогоор бөхчүүдэд чансааны оноо байхгүй. Харин эхний барилдаанаас түрүүлж, үзүүрлэсэн гээд чансааны оноо өгөөд явна. A зэрэглэлийн 56 бөхөөс нэг давж чадаагүй бөхчүүд нь дараагийн B зэрэглэл рүү, B зэрэглэлийн нэг даваагүй нь C зэрэглэл рүү унах зарчмаар явна. Яг үүн шигээ дээшээ зэрэглэл ахиж барилдах учиртай. Мөн 56 бөхөөс цолны эрэмбээр 24 бөх нь барилдахгүйгээр өнжинө. Үлдсэн 32 бөхөөс нь хоёр давсан бөхчүүд нь цаашаа өнөөх 24 бөхтэйгөө нийлээд 32 бөх болоод барилдаад явах юм. Эхний тэмцээнд энэ урьдчилсан хоёр давааны барилдаан явагдалгүйгээр шууд 32 бөх барилдахаар бүртгүүлж, сугалаагаа сугалсан. Цолны эрэмбээр амлахгүй, сугалаагаар учраас бөхчүүд сэтгэлзүйн хувьд эмээх зүйлгүй, бэлтгэлээ сайн хангах байх. Энэ он дуустал барилдаанаа сард нэг хийнэ. Тэгээд чансаагаар тэргүүлж байгаа 16 бөх оны эцэст “Оны шилдэг бөх шалгаруулах барилдаан”-д оролцоно. Харин ирэх жилээс нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл оноо цуглуулах барилдаанууд болно. Барилдаан бүрд шагналын сан нь A зэрэглэлд 10 сая, B зэрэглэлд долоон сая, C зэрэглэлд таван сая төгрөг байна. Цаашид ивээн тэтгэгч “Эрхэт Монгол” групптэйгээ бөхчүүдийн идэвх оролцоо, барилдааны чанараас шалтгаалан шагналын сангаа нэмэх талаар мөн ярилцаж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Сэрчихгуй бол сайхан л зууд байна даа, ухамсар дорой, боловсрол нойл, шуналдаа хетлегдеж явдаг бекчингууд наад системийг чинь хулээж авахгуй дээ, яаж ийж байгаад л еерсдийнхеерее жонхууруулаад юу ч биш болгоод хаях биз
Онооны систем энэ тэр гээд солиорч өгч байна аа, шуналдаа хөтлөгдсөн явдаг жорлонгууд нь энэ системд нь яг зохицож барилдаж харагдаач, бөөн хэрүүл, зодоон, аягүй бол нэгнээ алаад дуусна даа
undesnii uv soyliig gadaadiinhnii dagan duuraij ingej dapuuruulj boloh uu??!