УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад аймгийн бүх сумдын 70 гаран бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ирсэн бөгөөд бизнес эрхлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, орон нутгийн онцлог нөхцөл, ажил байдлынхаа талаар Сангийн сайдтай ярьж байлаа. Тэрээр хөдөө орон нутагт ажил олдохгүй тул иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, өрхийн аж ахуйг хөгжүүлэх сонирхол ихтэй байдаг. Гэвч орон нутгийн удирдлагууд иргэдээ мэдээллээр хангадаггүйгээс болж жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг авах сонирхолтой байсан ч авч чадаагүй иргэд олон байгааг учирлалаа. Түүнчлэн зээлийн хүртээмж муутай, олдсон ч хүү өндөр, үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй бага хэмжээтэй зээл олгоддог, барьцаа хөрөнгө их шаарддаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд их байгааг учирлаж энэ талаар анхааралдаа авч зээлийг улам хүртээмжтэй болгох талаар анхаарахыг хүслээ.
Сангийн сайд хэлэхдээ Монгол улсын Засгийн газар хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ахуй амжиргааг дээшлүүлэхэд онцгой анхаарч ЖДҮ-ийн сан байгуулж өнгөрсөн жилээс эхлэн нийт 60 тэрбум төгрөг тараасан. Мөн Японы Засгийн газраас 70 тэрбум төгрөг өгч байгаа. Үүний зэрэгцээ аймаг бүрт 800 сая төгрөг, мөн хүн амын тооноос хамаарч сум бүрт 50-75 сая төгрөг хуваарилж байгаа. Орон нутагт олгож байгаа мөнгийг ямар хүүтэй, хэрхэн яаж хуваарилах эрх нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нээлттэй байгаа тул та бүхэн тэр боломжийг зөв ашиглах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )