АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл ковидын улмаас тэнгэрт халив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, генерал Колин Пауэлл ковидын хүндрэлийн улмаас 84 насандаа таалал төгсжээ.

Пауэллын ар гэрийнхний мэдээлснээр, тэрээр коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Сүүлийн өдрүүдэд Колин Пауэлл Мерилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит анагаах ухааны төвд эмчлүүлж байжээ.

Колин Пауэл АНУ-ын Төринй нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан анхны хар арьстан, АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын газрын тэргүүнээр томилогдсон хамгийн залуу офифер /52 нас/, анхны хар арьстан болж байв.

Колин Лютер Пауэлл 1937 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нью Йорк хотод Яймакийн цагаачдын гэр бүлд төржээ. Колин Пауэлл АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг 2001-2005 онд хашиж байв. Тэрээр 21 насандаа армид элсэж, 1962 онд Вьетнамын дайнд оролцож, ирснийхээ дараа Пентагонд ажлын гараагаа эхэлжээ. 1983 онд тэрээр Пентагоны тэргүүний туслах, 1986 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч захирлаар томилогдож байв.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн үед АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын газрын даргын албан тушаалыг хашиж, 1991 онд “Цөлийн шуурга” ажиллагаанд оролцож байв. 2001 онд Колин Пауэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож, 2003 онд Ирак руу довтлох ажиллагааны бэлтгэл ажилд оролцсон байна. 2003 оны хоёрдугаар сарын 5-нд тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хийсэн илтгэл нь түүний карьер дахь хамгийн зөрчилтэй үйл явдал гэж үздэг. Колин Пауэлл 75 минутын илтгэл тавих үеэр Иракийн тэргүүн Саддам Хусейнд биологийн зэвсэг үйлдвэрлэх технологи байгаа тухай мэдээллийг баттай эх сурвалжаас авсан гэж мэдэгдэж, үүний нотолгоо болгон Иракт үйлдвэрлэгдэж буй үй олноор устгах зэвсгийн дээж гэх шилтэй цагаан нунтаг үзүүлж байжээ. Хожим нь АНУ-ын Тагнуулын төв газар түүнд ташаа мэдээлэл өгсөн болж, шилтэй цагаан нунтаг нь хуурамч болж таарсан билээ. Удалгүй тэрээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа өгч байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(139.5.216.62) 2021 оны 10 сарын 19

Эмгэнэх юмаа ч олж дээ

0  |  0
Top