ОХУ-ын Пермийн хязгаарын Сарс тосгоны сургуулийн зургаадугаар ангийн сурагч өчигдөр /2021.10.18/ сургууль дээрээ буутай ирж, гал нээсэн юм.
12 настай сурагч Дмитрий Губаев ангийнхаа охиныг хөнөөхийг хүссэн гэж мэдүүлжээ. Сурагч хүү аавынхаа бууг курткан дотроо нуун сургууль руугаа нэвтэрч чадсан байна. Өглөөний 8:00 цагийн орчимд хичээл эхлэхээс өмнө тэрбээр хоёрдугаар давхрын коридорт ангийнхаа Даша гэдэг охиныг дуудан хашхирч эхэлжээ.
Сурагчид Дмитрийг жинхэнэ буутай байна гэж бодоогүй ч сурагч хаалга болон тааз руу хоёр удаа буудсан байна. Азаар тэр хэний ч аминд хүрээгүй юм. Нэг сурагч шатаар өгсөж явахдаа хаалганы шилний хагархайд өртөж хөнгөн шархаджээ.
Гал нээсэн сурагчийг сургуулийн захирал аюулгүй болгожээ. Сарс тосгоны сургуулийн захирал Галина Зайцева сурагч хүүг өрөөндөө оруулан зэвсгээ өгөхийг ятгасан байна.
Хэрэг гарах үеэр сурагчид ангидаа дотроосоо түгжсэн байсан бөгөөд өчигдөр Сарс тосгоны дунд сургуулийн бүх хичээлийг цуцалжээ.
Дмитрий “Намайг гадуурхдаг ангийн охин Дашагаас өшөөгөө авахыг хүссэн” гэж мэдүүлсэн бол багш нар нь түүний үйлдэлд ихэд цочирдож байгаа гэнэ. Дмитрий чинээлэг айлын хүүхэд бөгөөд онц сурдаг аж. Хүүгийн эцэг, эх нь салсан бөгөөд Дмитрий ээжтэйгээ байдаг гэнэ. Түүний аав нь Челябинскт үйлдвэрт ажилладаг бөгөөд хүүтэйгээ өдөрт 2-3 удаа утсаар ярьдагаа хэлжээ. Аавынх нь ярьснаар түүний бууг хүү нь авах боломжгүй газарт байжээ.
Сурагч хүү компьютерийн тоглоом тоглох их дуртай аж.
Дээрх хэргийн өмнө Пермьд их сургуулийн оюутан сургууль дээрээ гал нээж, зургаан хүний аминд хүрч, 28 хүнийг шархдуулсан юм. Халдлага үйлдсэн оюутан залуу шархадсаны улмаас хөлөө тайруулж, комд байсан билээ. Тэгвэл хэрэгтэн ухаан орсон бөгөөд үйлдсэн хэргийнхээ талаар огт санахгүй байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Salalt huuhdiig iim emzeg bolgodog
Ийм үйлдэл хийх болтол нь нэгнээ гадуурхах гэж. Эцэг эх эргэн тойрны хүмүүсийнх нь үйлдэл тэр охиныг ийм муухай болгосон бна.