Ч.Наранбаатар: Төрөөс болж барилгын компаниуд 500 тэрбумын алдагдал хүлээлээ

2021 оны 10 сарын 20

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй барилгын компанийн төлөөллүүд Сангийн сайд Б.Жавхланд шаардлага хүргүүлсэн билээ. Сангийн сайдын зүгээс барилгын компанийн төлөөллүүдэд хариу өгөөгүйн улмаас Сангийн яамны гадаа жагсаал хийж байгаа юм. Энэ талаар Баянхонгор аймгийн Барилга угс­ралтын “Навтгар хайр­хан” компанийн захирал Ч.Наранбаатараас тодрууллаа.


-Эрх баригчдад хэзээ шаардлага хүргүүлсэн бэ?

-Бидний зүгээс энэ сарын 11-нд эрх баригчдад хугацаатай шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүллээ. Өнөөдрийг хүртэл шаардлагын хариу ирээгүй. Тиймээс шаардлагын хариуг өгч, бидэнтэй уулзаасай хэмээн Сангийн яамны гадаа жагсаж байна.

-Ямар шаардлага хүргүүлсэн бэ?

-Бид үнийн өсөлтийг 2022 оны төсөвт тусгаж өгөөч хэмээн хандаж байгаа юм. Барилга, хот байгуулалтын сайд Сангийн сайдад үнийн өсөлтийг баталж өгөөч гэх албан тоотыг энэ оны долоодугаар сарын 2-нд явуулсан. Сангийн сайд наймдугаар сарын 12-нд хариу өгөхдөө бараа мате­риалын үнийн өсөлт түр зуурынх тул үнийн индекс батлах боломжгүй. Энэ нь эрсдэл дагуулна гэж хариу мэдэгдсэн. Сангийн сайдын шийдвэрээс болж энэ асуудал гацалтын байдалтай байна.

-Сангийн сайдад уг хүсэлтийг хүргэж байх үед барилгын мате­риал ямар ханштай байсан бэ?

-Барилгын материалын үнийн өсөлт дээд цэгтээ хүрчихсэн байсан. Жишээлбэл, хөөсөнцөр нэг ширхгийг нь 7500 төгрөгөөр авдаг байлаа. Гэтэл 30 мянган төгрөгөөр худалдан авдаг болсон. Хар паниарыг чанараасаа шалтгаалаад 30-40 мянган төгрөгөөр борлуулдаг байлаа. Тухайн үед хар паниарыг 84 мянган төгрөгөөр худалдан авсан. Бүхий л жижиглэнгийн нэр төрлийн материалууд 2-4 дахин өссөн. Энэ өсөлт таван сарын турш үргэлжиллээ. Тэгэхээр түр зуурын асуудал биш байгаа биз дээ.

-Эрээний хил хаагдсан болохоор зарим бараа бүтээг­дэхүүний үнэ өссөн байна. Тэгэхээр барилгын материалын үнэ ч дагаад өсөх хандлагатай болчихов уу даа?

-Эрээний хил хаагдсан болохоор баараггүй нэмэгдэнэ. Таван сарын турш үргэлжилсэн үнийн өсөлт дахиад нэмэгдвэл юу болох вэ. Өнөөдрийн байдлаар үнийн огцом өсөлттэй байгаа барилгын материалаас дурдъя л даа. Арматур, катанг 81, хуванцар цонх 62, хөөсөнцөр 92, модон материал 69, тоосго 52, чулуун хавтан 26, хэв хашмал 40, хөнгөн блок 13 хувиар өссөн. Энэ мэтээр барилгын материалын үнэ ханш өөрчлөгчдөж, хомсдол үүсэж, бусад хүчин зүйлээс хамаарч барилгын төсөвт өртөг нэмэгдсээр  байна.

-Хуульдаа үнийн өсөлтийн зохицуулалт хийх талаар тусгаж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр Сангийн сайд хуулиа барьж ажиллахгүй байгаа гэсэн үг үү?

-Бид хууль эрх зүйн үндэс­лэлтэй шаардлага тавьж байгаа. Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх хууль гэж бий. Мөн тус хуулийн 29.7-д зааснаар “Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө” гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 40 дүгээр зүйлд ч энэ талаар заалт бий. Гэтэл Сангийн сайд хуулиа барьж ажиллахгүй байна.

-Та бүхэн бараа материалын үнэ нэмэгдсэн ч барилгын ажлаа орхигдуулаагүй юу. Өөр тулгамдаад буй асуудал юу байгаа вэ?

-Энэ хугацаанд нэг ч өдөр ажлаа орхигдуулаагүй. Гол нь иргэд буруу ойлгоод байна. Бид улсын төсвөөр барилга барьдаг. Улсын төсвөөс санхүүг нь шийдэж өгөхгүй бол бүтээн байгуулалт гэж байхгүй. Ерөнхийдөө барил­гын ажлууд 50-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Үнэ өссөнөөс болж барилгын ажлыг гүйцээх боломжгүй боллоо. Зээлээ ч төлж чадахааргүй, алдагдалд орсон. Ажилчдын цалинг тавьж чадаагүй гурван сар болсон компаниуд ч бий. Барилгын салбарт нэн шаардлагатай тулгамдсан асуу­дал 10 орчим байна. Үүнээс өмнө нэн тэр­гүүнд үнийн өсөл­тийг шийдвэл бусад асуудлаа зохицуулах боломж­той болох юм.

-Өнгөрсөн долоо хоногт Сан­гийн сайд Б.Жавхлан сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс улсын төсвөөр барилга барьж буй компаниудын алдагдлыг нөхөх мөнгөн дүнг 2022 оны төсөвт тусгаж болохгүй юу гэх асуултыг тавьсан. Сангийн сайдын зүгээс хяналтын байгууллагаар орж, магадлал гаргуулах хэрэгтэй ба үнэн гэдгийг баталгаажуулсны дараа төсөвт тусгах боломжтой хэмээн мэдэгдсэн л дээ. Энэ нь барилгын компаниудын алдагдлыг бүрэн гүйцэд нөхөж чадах уу?

-Сангийн сайд Б.Жавхлан 187 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан хэмээн мэдэгдсэн юм билээ. Гэтэл бид хэдийн 500 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Гол асуудал нь магадлал хийлгэсэн төслийн мөнгөн дүнг төсөвт тусгасан талаараа хэлсэн. Гэтэл барилгын салбарт магадлал хийхийг зогсоочихсон. Хэзээ магадлал хийх нь тодорхойгүй байна. Магадлал хийхийг зогсоогоод хоёроос гурван сар болж байна. Барилгын хөгжлийн төвд магадлал, хүний өсөлтийн тооцоолол хийлгэх олон компаниуд бий. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамнаас магадлал хийхийг зогсоосон. Бид Сангийн сайдыг 187 тэрбум төгрөгийн төсвөө задалж тайлагнахыг хүсэж байгаа. Үнийн индексийг ч тооцоосой хэмээн хүсэж байна.

-Тэгэхээр магадлал хийхээ больсон гэдгийг Сангийн сайд мэдээгүй гэсэн үг үү. Үгүй бол олон нийтэд худлаа мэдээлэл өгсөн болж таарах нь ээ?

-Барилгын салбарын асуудал яамдуудад хуваагдсанаас болж нэгдсэн мэдээлэл орж ирэхгүй байна л даа. Барилга, хот байгуулалтын яам магадлал зогсоосонг Сангийн яам мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Магадлал хийгээд ирвэл төсөвт оруулна гэдэг ч нөгөө яам нь магадлал хийж өгөхгүй байгаа юм. Барилгын салбараа Барилга, хот байгуулалтын яаманд шилжүүл­чихвэл ийм асуудал гарахгүй шүү дээ. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг нь Төсвийн захирагчид болох Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Соёлын сайд гэх мэт сайдууд шийдэж байна. Иймэрхүү байдлаар яамдуудад эрх мэдэл нь хуваарилагдаад барилгын бодлого шийдвэрлэх яам өөрөө эрх мэдэлгүй болсноор өнөөдрийн асуудлууд ар араасаа гарсаар байгаа юм. Сангийн сайд энэ асуудлыг царцаахгүйгээр шийдчихвэл улсын төсвөөр барих барилгууд ч асуудалгүй үргэлжилнэ шүү дээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нийслэлийн иргэд(64.119.25.63) 2021 оны 10 сарын 20

тендерийн луйварчингууд хохь нь улсын мөнгийг тендер нэрээр төриынхөнтэй нийлж хусдаг тендерийн ялагч нарыг тэнгэр цээрлүүлж бга юм тэнгэрийн үнээр улсын ажил авдаг нь нууц биш алдагдал ч хүлээгээгүй тэртэй тэргүй тэнгэрт хадсан үнээр ажил гүйцэтгэж бга ш дээ худлаа жүжиг ьавихаа боль

0  |  0
Top