Төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй үзэж, эмчилгээ хийж байсан мисс, шүдний эмч Б.Бадамцэцэг дараагийн сайн үйлсийн ажлаа эхэлжээ.
Тэрбээр “Шүдний эрүүл мэнд, боловсролын үндэсний сан” байгуулж, түүгээрээ дамжуулан нэлээд олон ажил хийхээр төлөвлөөд буй. Саяхан байгуулсан энэхүү сангийнхаа эхний ажил болгож, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 210 хүүхдийн шүдийг эрүүлжүүлээд ирсэн. Тэгвэл энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлж байна.
Түүний баг, хамт олныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хүүхдүүдийн шүдийг эмчилж байгаа гэх мэдээллийн дагуу 13:00 цагийн үед тус төвийг зорилоо.
Биднийг очиход эмч нар хэдийн ажилдаа орсон байв.
Бяцхан хүүхдүүдийн шүдийг үзэхдээ эвлэгхэн хандаж, “Эмч нь өвтгөхгүй ээ. Энэ хоолойгоор зүгээр л шүдийг нь угаагаад боллоо” хэмээн учрыг тайлбарлах эмч, эмчилгээний орон дээр бяцхан айдас тээн хэвтэх хүүхэд. Түүнийг нь харж, баярлангуй зогсох хүүхдийн ээж. Биднийг угтсан дүр зураг энэ.
Эмчийн үзлэг дууссаны дараа Б.Бадамцэцэгтэй цөөн хором ярилцав.
-Өдрийн мэнд. Бяцхан хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаад маш их баярлалаа...
-Өдрийн мэнд. Манай сан байгуулагдаад удаагүй байна. Сангийнхаа эхний ажил болгоод Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 210 хүүхдийн шүдийг эрүүлжүүлээд ирсэн. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллаж байна. Цаашид төлөвлөсөн олон ажил байгаа.
-Энд хэдэн өдөр ажиллах вэ?
-Бид эмч нарынхаа цаг завыг тааруулж амралтын өдрүүдээр үзлэг хийж байгаа. Дараа долоо хоногийн амралтын өдрүүдээр ч мөн хийнэ. Өнөөдрийн хувьд 19 хүүхдийг үзэхээр төлөвлөсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 60 орчим хүүхэд эмчлүүлж байгаа юм байна. Бүх хүүхдийг үзэж, эмчилгээ хийнэ гэж бодож байна.
Мөн эмч нар маань ээлжилж ажиллана. Өнөөдрийн хувьд хоёр эмч, гурван туслах эмч, нэг туслах ажилчинтай баг ажиллаж байна.
-Хүүхдүүдийн шүдний өвчлөл хэр байна вэ?
-Хүүхдүүдийн эцэг эхчүүдэд талархал илэрхийлмээр байна. Маш сайн байна. Хэт их өвчлөлтэй зүйл байхгүй байна. Ихэвчлэн хөнгөн шатны цоорлууд үүссэн байна. Түүнийг нь бид эмчлээд ломбодож байна.
Хүүхдүүддээ ингэж сайн анхаарал тавьж байгаад хүүхдүүдийнх нь өмнөөс эцэг эхчүүдэд нь баярлаж байна.
Жирийн хүүхдүүдтэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд харилцааны хувьд бага зэрэг асуудалтай, бэрхшээлтэй байгаа. Тэгэхээр үзлэг хийхдээ хэт их хүчлэхгүй арга, эвээр үзэж байна. Тиймээс нэг хүүхдийг үзэхэд хамгийн багадаа 30-40 минут зарцуулж байна.
-Сангийнхаа талаар мэдээлэл өгвөл?
-Манай сангийн хүүхдүүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой. Тиймээс эргэх холбоотойгоор ажиллаж байгаа. Тухайлбал, саяхан Хэнтийн Цэнхэрмандал суманд ажиллахдаа хүүхдүүдийн шүдний өвчлөлийг 30 хувиар бууруулсан байна лээ. Дараа жил дахин очиж энэ жил хийсэн ломбонуудаа шалгаж, дахин үзлэг хийнэ.
Мөн бид дан ганц хүүхдүүдийн шүдийг эмчлэх бус шүдний талаар суурь боловсролыг эцэг эх, багш нарт нь сургалтаар олгож байгаа. Шүдийг арчлах шалтгаан, арчилснаар ирээдүйд гарах өөрчлөлт гэх мэт мэдлэг олгох сургалт орж байгаа.
Манай суманд ирээч, манайд ирээч гэсэн саналууд маш их ирж байгаа. Ойрын хугацаанд очиж чадахгүй ч гэсэн санал тавьсан бүх газруудад очихыг хичээнэ.
-Монголд хүүхдийн шүдний өвчлөл ямар хэмжээнд байна вэ?
-Монгол хүүхдүүдийн шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Шүдний өвчлөл маш их байдаг. Ийм байгаа шалтгаан нь эцэг эхчүүд маань мэдлэггүйгээс болж байна. Тухайлбал, Сүүн шүд уначихна гэсэн ойлголттой байдаг. Улмаар арчилдаггүй, анхаардаггүй. Сүүн шүд унахыг нь хүлээдэг. Гэтэл яг үнэндээ сүүн шүд эрүүл байвал байнгын шүд ч эрүүл, гоё ургадаг. Мөн дотоод эрхтний систем ч сүүн шүдтэй холбоотой байдаг. Тиймээс хүүхдийнхээ шүдийг тогтмол угааж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Mundag sain ohin , ajild , amidrald n amjilt husie.