Олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтнийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26


Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 09, 10 дугаар саруудад оройн цагаар ганц нэгээр явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсонтой холбогдуулан тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олж тогтоох чиглэлээр ажиллагаа зохион байгуулсны үр дүнд 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны аравдугаар сарын 2-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган, айлган сүрдүүлж, хүчиндсэн, мөн тус дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны 3 хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн, Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны аравдугаар сарын 04-05-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн, Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тус тус тогтоогдсон байна.

Иймд, иргэд Та бүхэн шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, хувь хүний аюулгүй байдлаа ханган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал, үйлдэлтэй тулгарвал нэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хууль 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх 1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гэж заажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

сэрэмжтэй байхыг сануулсан хэрнээ айх сэрэмжлэх ёстой дээрэмчнийхээ нүүрийг бүдэгрүүлэн нэрийг нууцалдаг чинь бид яаж мэдэж энэ хүнээс чинь зугтах болж ббайнаа.цагдаа нар минь тав гурван төгрөг авчихаад нэрийг хэлэхгүй нүүрийг харуулахгүй гэж тохиролцохоо боливол яасан юмбэдээ.ядуу цагдаатай байх нэг зовлон, баяжсан цагдаа бол бүр илүү зовлон.Тэвч гэжүү.

0  |  0
Зочин(124.158.70.199) 2021 оны 10 сарын 29

Зургийг нь ил гаргаж, хүмүүс мэдэж байх ёстой. Иймэрхүү юмнуудыг танихгүй болохоор дахин гэмт хэрэгт өртөж болзошгүй\n

1  |  0
Монгол(103.26.194.205) 2021 оны 10 сарын 26

Ийм нөхөд зурагын ил тавьж бай

1  |  0
зочин(202.21.104.98) 2021 оны 10 сарын 26

маньяк

0  |  0
Top