Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Энэ үйл явдлыг тохиолдуулан нийт 92 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Эдгээрийн нэг болох “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр (2021.10.26) нээлтээ хийлээ.
Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор зохион байгуулжээ. Тус үзэсгэлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд гарах ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм.
Тэрбээр, хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан нь улс төрийн өндөр итгэлцэл, өргөн хүрээний нийтлэг эрх ашгийг харуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг онцолсон юм. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь хоёр улсын харилцааны бахдам түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд, залууст уламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулах зорилготойг хэллээ.
Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Гэрэл зураг бол түүхэн үйл явдал болон эдгээрийн болж өнгөрсөн уур амьсгалыг хамгийн үнэн зөвөөр харуулдаг эх сурвалж юм. Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд Монгол, Оросын харилцааны 100 жилийн түүх болон бусад үйл явдлын талаар тодорхой ойлголт төсөөллийг өгч, тус үйл явдлуудыг том зургаар харах боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын дагуу гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа нь үнэ цэнтэй, чухал ач холбогдолтой” гэсэн юм. 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Орос улсын Засгийн газрын хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар, их бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн салбарыг харуулжээ.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүс, соёл урлагийн алдартнууд, спортын одод зэрэг нэр хүндтэй эрхмүүдийн хөрөг бүхий 200 шахам зургаас бүрдсэн 100 самбар гэрэл зургийг толилуулж байна. Тухайлбал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1941-1945 онд фашизмын эсрэг тэмцэж буй Зөвлөлтийн ард түмнийг дэмжиж монгол орон даяар өрнөсөн "Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” хөдөлгөөн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1949 онд Улаанбаатар-Наушкийн төмөр зам баригдсан болон 1960-аад оны атар газар эзэмшсэн түүх, ХХ зууны манлай бүтээн байгуулалт "Эрдэнэт" үйлдвэр, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг, Найрамдлын Дархан хот байгуулагдсан зэрэг түүхэн үйл явдлыг товчоолон харуулжээ.
Гэрэл зураг аливаа үйл явдлын бодит байдлыг өөрчилж, утга санааг гуйвуулалгүйгээр, чин үнэнээр нь харуулж байдаг тул түүхийн ач холбогдол өндөртэй, баримт нотолгоо болдог билээ. Мөн өгүүлэмж ихтэй үйл явдлыг ч ганцхан гэрэл зургаас хараад шууд ойлгож болдог онцлогтой. Үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс ч зууны онцлох үйл явдлыг нэг дороос харж, эргэн дурсаж, эргэцүүлэн бодох ач холбогдол бүхий сонирхолтой гэрэл зургууд байгааг хэлж байсан юм. Тус үзэсгэлэнг "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төв, "Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл хамтран зохион байгуулжээ.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )