Эмээ нь согтуурсан үедээ хүүхдээ алдаж, цагдаад ханджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Нийслэлийн нэгэн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б гэгчээс 2021 оны аравдугаар сарын 21-ний 23:15 цагт “Манай нагац дүү 3 настай Н нь миний ээжийн хамт гадуур явж байгаад алга болсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд самналт, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар сураггүй алга болсон охин Н нь эмээ У-гийн хамт явж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсний улмаас хаана салсан, хэзээ алга болсныг санахгүй байсан нөхцөл байдал тогтоогджээ. 

Цагдаагийн алба хаагчид явсан цаг минут, эзэнгүй балгас, гуу жалга, гудамж зэрэг зам маршрут бүрийг нэг бүрчлэн шалгаж эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны дүнд охиныг маргааш өглөө нь ... дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоот хаягнаас эсэн мэнд олж тогтоон, охиныг хүүхэд хамгааллын байгууллага, хорооны хамтарсан багт мэдэгдэж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top