Танин мэдэхүй: Бугын засаа зүүдлэгчид олширсоор

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Нэгэн бяцхан домог ярья. Эрт урьдын цагт юмсанжээ. Ангуучин эрийн хурдан нохой гахайд хадруулан хүнд шархадсан аж. Намар орой болж байсан юмсанж. Уул хөвчийн аргил буга намнасан мань эр ангийнхаа хишгээс шархтай нохойдоо өгчихөж. Өглөө нь нохой бараг эдгэрч дээ. Бугын чив засааг нэмээд өгч гэнэ. Үдийн багцаанд нохой нь илт хүч тамир орон хөвч рүү хурдлан одох нь тэр. Ангуучин ч хойноос нь давхив. Нохой сүрэг чонотой тааралдмагц азаргыг нь хөндлөн дайрч хэмх хазсанаа өлөгчинтэй нь залгалдаад авч дээ. Ийнхүү бугын мах, чивний эрдэм чадал илрэх нь тэр. Үүнийг ухаарсан мань эр дөрвөн настай буга унагаад гэртээ очсон хойноо саваагүй зан нь хөдөлж чив засааг нь хүртжээ. Төдхөн хамаг бие нь халуу оргиж, охин сүвтэй бүхэн рүү улайран дайраад сүйд болжээ. Дорно дахины эмнэлэгт орооных нь үед авсан бугын чив, сүүл, хөвчирхийг эмийн зориулалтаар ашиглаж байжээ. Энэ нь хомхой хүмүүсийн шуналыг хөдөлгөж хөөрхий буга аюулд өртсөөр ирснийг хэлэх учиртай. Орчлон дээр цэцэглэдэг ганцхан амьтан бол буга. Ийм ховор сайхан амьтныг монгол уламжлалаар хайрлан хамгаалж, зохистой ашиглах учиртай. Хагдраад унаж буй эврийг нь авалгүй яахав, харин хулгайн анчид халуун амийг нь егүүтгэн сүүл, засаанд нь шунамхайрдгийг зогсоох юм сан. Түүхээс улбаалан үзэхэд өмнө хөршийн "зочид" хоёр зууны тэртээгээс манай бугын чивэнд хомхойрон, олз ашгийн араас хар нүднээсээ бусдыг өгч байсан нь тодорхой. Манжийн ноёрхлын үед нэг зангууд монгол анчнаас бугын чив, засаа авдаг байж. Орооны үеийнхийг өгвөл чи бид улам сайн түнш болно ваа гэдэг байж. Тэрхүү шуналт хужааг сорьж үзэхээр мань анчин гурван янзын чив засаа үзүүлжээ. Авч үнэрлэснээ нэгийг нь аваад бусдыг нь бухын чивнээс дээргүй гээд чулуудчихсан гэдэг. Гологдсон хоёрын нэг нь хаврын, нөгөө нь зуны бугынх байж дээ. Дотор газрынхан тийнхүү бугын засааны аюултай мэргэжилтнүүд байжээ. Тэр бүү хэл залуу, хөгшнийхийг нь ч мэддэг аж. Хамгийн олон салаа эвэртэй, олон согоо хураасан, сүргийнхээ сор сүр болсон тийм бугыг олж намнахыг харийн жуулчин наймаачид санаархдаг нь илэрхий. Бэлэг эрхтний хөвчрөлтийг чангатгах хийгээд үрийн шингэний дуслыг арвитгах зэрэгт орооны цагийн залуу бугын чив засаа, бөхөнгийн цусан эвэр зэрэг нь дур асааж саатуулах увидастай гэж эртний сударт бичжээ. Урд хөршөөр зогсохгүй далайн чанадаас ногоон доллар багсайтал атгасан ноёд ч цөөн биш. Тэр эрхмүүдийн ногоон барагдашгүй, харин Монголын буга хэдсэн билээ. Энэ бол эмгэнэл түгшүүр мөн. Бугын засааны ид шидийг мэдэгчид олон болж, монголын бугаруу ил далд дайрш чид олшрон, ганзагын наймаачид, их гарын панзчдын гарыг загатнуулан, өврийг түнтийлгэхэд хүмүүс минь хатуу чанд хориг тавих цаг болжээ. Мөнөөх мэдэмхийрэгчид, шуналтнуудын олзны өлөн нүд бугын зүрхэн дээр, хуруу нь бууны гохон дээр очих цаг ойртлоо. Монголын буга бидний өмч!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дунд зэрэг юм (66.181.161.206) 2023 оны 03 сарын 16

29

0  |  0
Top