Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт эмчлүүлж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29
НИТХ-ын  ээлжит Х хуралдаанаар “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв.

Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273.859 хүн эдгэрч, 27.787 хүн гэрээр эмчлэгдэж, 25.177 хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж  байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.  Мөн НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “НЗДТГ-ыг  Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэр гарсан. Одоогоор тус байранд 145 ор бүхий эмнэлэг ажиллаж байгаа. Эмнэлгийг хааш нь шилжүүлэх вэ”  гэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Зургаадугаар сарын сүүл үеэс эхлэн Яармаг дахь байранд 145 ор дэлгэж, иргэдийг хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ бол богино хугацаанд гаргасан зөв шийдвэр байсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 509 хүн тус эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн үйлчилгээ авсан. Гэхдээ нэгэнт Засгийн газраас НЗДТГ-ын байрыг нүүлгэх шийдвэр гаргасан тул тус эмнэлгийнхээ үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр нүүлгэх болно” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй:

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт найман дүүрэгт Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна гэсэн зорилт тусгасан. Энэ ажил ямар шатандаа байна вэ. Түүнчлэн цаашид Өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулах, бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгамдаж байгаа. Коронавируст халдварын үед онцгой анзаарагдлаа шүү дээ. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх чиглэлийн ажлыг сонсъё?

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шийдэх боломжгүй, Засгийн газраас эцэслэн шийдэх асуудал юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн чадамжийг сайжруулах, бүтцийг нэмэгдүүлэх зэргийн тухайд ч мөн адил төсөв санхүүгээс шалтгаалсан зүйл олон бий гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд өдөрт халдвар авсан архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа аж. Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг мөн үеэр онцолж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(139.5.219.26) 2021 оны 10 сарын 29

Фетиша би гэртээ бн эмнэлэг олдохгүй бн

0  |  0
Top