Өвчин намдаах болон харшлын эмийн ҮНЭ НЭМСЭН зөрчил илэрчээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ.

Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм.

ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО БУУРЧЭЭ


Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд “Ковид 19”-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5686 нь энгийн ор юм. Аравдугаар сарын 31-ны байдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон тоог НЭМГ-аас нэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40.211 иргэнд эмийн багц олгосон байна. Бусад дүүргүүдийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаар НЭМГ ажиллаж байна. Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд найман эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийдэг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ.

ӨВЧИН НАМДААХ, ХАРШЛЫН ЭМИЙН ҮНИЙГ НЭМСЭН ЗӨРЧИЛ ИЛРЭВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас  мэдэгдлээ. Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж.

 Арваннэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна.

Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.

ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААСАН БАЙРШЛУУДАД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
 

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө. Тухайлбал,
 

  • Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг харьяа байгууллагуудад үүрэг болгон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хариуцууллаа.
     
  • Дүүрэг бүр барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэн, шаардлага тавин ажиллахыг санууллаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөлт хийхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгав.
     
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгын түр хашааны стандартыг хангуулан, норм дүрэмд нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудаа эрчимжүүлэхийг НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгосон юм.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top