Б.Арго: Гиннесийн амжилт тогтоох нэг хэрэг, бүртгүүлнэ гэдэг амаргүй юм байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

 

"Арго" төвийн захирал, хэл шинжлэлийн доктор, профессор Б.Арготой ярилцлаа.

-Таныг Гиннесийн номонд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа гэж сонссон?

-Нэг хүн хамгийн олон хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн гэсэн номинацид бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа. Судалж үзэхэд дэлхийн хэлзүйн түүхэнд нэг хүн таван хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн тохиолдол байдаггүй юм байна. Энэ бүхэн бидэнд горьдлого төрүүлж байгаа. Тиймээс бид Гиннесийн амжилтыг бүртгэх хороонд таван хэлний сурах бичгийг бүрэн эхээр нь явуулсан. Мөн Гиннесийн рекорд амжилтыг бүртгүүлэхийн тулд өөрсдийн хийсэн судалгааг явуулсан. Ямар ч байсан хэл шинжлэлийн гурван том төвд ийм тохиолдол байхгүй байна. Тийм учраас энэ амжилтыг рекордоор бүртгэж өгнө үү гэсэн өргөдөл илгээсэн юм. Үүний дагуу экспертүүд ирж шалгадаг юм байна. Тэд нэгдүгээрт зохиогчийн эрхийг шалгах юм байна. Хоёрдугаарт тухайн ном Монгол Улсад хэдэн хувь хэвлэгдсэнийг, хэдэн хувь зарагдсан, тархац нь ямар байгааг шалгах юм билээ. Дөрөвдүгээрт Монголын шинжлэх ухаан болоод олон нийтийн байгууллагууд тухайн номыг хэрхэн дүгнэснийг анхаардаг юм байна. Энэ мэтчилэн их ажил ордог юм байна. Хамгийн хэцүү нь санхүүгийн асуудал. Экспертүүдийн замын зардал, байр, хоол, ажлын хөлс, материалыг бэлтгэх, судлах зардлыг Гиннесийн рекорд амжилтыг бүртгүүлэхийг горилогч нь даадаг юм байна. Ямар ч байсан дэлхийд нэг хүн таван хэлний бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн тохиолдол байдаггүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Гиннесийн рекорд тогтоох нь нэг хэрэг, бүртгүүлнэ гэдэг амаргүй юм байна. Энэ зөвхөн миний ажил биш нийт монголчуудын ажил болов уу. Яагаад гэвэл Монголоос нэг ч гэсэн хүн оюуны салбарт Гиннесийн рекорд тогтоовол нийт монголчуудын оюуны рейтинг дээшилнэ. Тийм учраас Монголын том компаниуд, хувь хүмүүсийг ивээн тэтгэхийг уриалж байна.

-Хэдий хэр мөнгө шаардлагатай вэ?

-Наад зах нь 30000-40000 орчим доллар. Экспертүүдийг Монголд нэг сар ажиллуулах зардлыг нэлээд танаж тооцоход ийм байгаа юм. Би өөрийнхөө зүгээс чадах ядахаараа гаргахыг оролдох боловч жирийн нэг монгол хүн учраас илүү гараад байх юм байдаггүй. Урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхөөд явж байдаг.

-Та хэдэн орны хэл мэдэж байна?

-За би англи, герман, франц, япон, солонгос гэсэн таван хэл дээр бүрэн хэмжээний сурах бичиг зохиосон. Бүрэн хэмжээний сурах бичиг гэхээр тухайн хэлний бүх дүрэм орсон, ярианы дадлагын дасгалуудтай номыг хэлдэг. Энэ номуудыг сүүлийн таван жил бичээд, Ардын хувьсгалын 90 жил, Хүннү гүрний 2220 жилийн өмнө дуусгасандаа туйлын баяртай байгаа. Эдгээр ном арван жилийн судалгааны ажил, 11 жилийн туршилтын ажлын үр дүнд бүтсэн.

-Б.Ринчен, Чой.Лувсанжав нарыг олон хэлтэй байсан гэдэг. Та багш нарынхаа тухай яриач?

-Хүн өөрийн хүчинд сайн явдаггүй. Дандаа бусдын дэмээр явдаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Эмээ маань Б.Ринчен багштай ойр дотно. Гэр орноор нь орж гардаг сайхан танил айлууд байсан учраас тэр хүн шиг сайхан мэдлэгтэй хүн болъё гэсэн багын мөрөөдөл маань намайг энэ зам руу оруулсан юм болов уу гэж боддог. Б.Ринчен багш маань 20 улсын хэл мэддэг. Чой.Лувсанжав багш маань 16 улсын хэл мэддэг. Номын гүүш улсууд л даа. Аз болж Чой.Лувсанжав багшийн гарын шавь болох сайхан учралыг миний найз өгсөн юм. Тэгээд би Чой.Лувсанжав багшийн гарын шавь болохын төлөө явдаг. Чой.Лувсанжав багшийн бие нь муу байхад уулзахад "Чи миний гарын шавь болох уу, хөлийн шавь болох уу" гэж асуусан юм. "Гарын шавь гэж юуг хэлдэг юм" гэхэд маань "Гарт багтах арван хэдэн шавийг хэлдэг юм", "Хөлийн шавь гэж юу юм" гэхэд "Хөлөөр нэг л хөглөрсөн шавь нарыг хэлнэ" гэж байсан юм. Их шогч хүн байсан л даа. "Яавал таны гарын шавь болох вэ" гэхэд минь "Б.Ринчен багш ч тэр би ч тэр таван хэлний сурах бичиг зохионо гэҗ боддог байсан. Би англи хэлний сурах бичиг гаргасан. Лувсантай хамтраад герман хэлний сурах бичиг гаргасан. Франц хэлний сурах бичгэн дунд нь оруулаад хэвлүүлж чадаагүй. Эртний Монголын ёсонд манж, түвд санскрит, хятад япон хэлийг сурсан хүнд бандид цолыг олгодог. Тэр нь таван ухааны нэг, хэлний ухаанаар мэргэшлээ гэсэн үнэлгээ юм шүү" гэж ярьж байсан. "Таван хэлний номыг зохиож чадах уу" гэсэн. Би багшдаа "Чадахын төлөө бүхнийг хийх болно" гэж амласан. Багш маань 1998 онд таалал төгссөнөөс хойш 13 жилийн дараа таван хэлнийхээ номыг бичээд, хэвлээд, тараагаад, хичээл заагаад, дээр нь таван хэлний багш бэлтгэж байгаа. Дал орчим багш бэлтгэсэн. Гиннесийн номд бүртгүүлэх гэж оролдож байгаа маань багшийнхаа өмнө өргүй боллоо гэсэн үг. Номынхоо хавтас болгон дээр би "Б.Ринчен багш, Чой.Лувсанжав багш, О.Дашбалбар багш болон эмэг эх Давгийнхаа гэгээн дурсгалд зориулав" гэж бичсэн. Миний таван хэлний ном Монголын зах зээлд 64 мянган хувь борлогдсон. Том хүний шавь болно гэдэг том үүрэг өөртөө хүлээдэг.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би Горькийн нэрэмжит Уралын их сургуулийг утга зохиолын хэл зүйч мэргэжлээр төгссөн. Гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний багш орчуулагчийн ангийг оройгоор төгссөн.

-Хэлний авьяастай гэдгээ хэзээнээс мэдрэв?

-Таван хэлийг сурахад авьяас хэрэгтэй юу гэж миний шавь нар асуудаг. Хэрэггүй. Харин таван хэлний ном зохиоход авьяас хэрэгтэй. Би өөрийгөө авьяастай гэж боддог л доо. Гэхдээ би хэлнээс илүү утга зохиолын салбарт амжилт үзүүлж магадгүй байсан. Даанч надад утга зохиолын талаар ажиллах зав гараагүй л дээ. Би утга зохиолын хэл зүйч мэргэжилтэй хүн. Өөрөөр хэлбэл "Анна Каренинад ямар дагавар хэдэн ширхэг байгааг тоолдог л мэргэжилтэй гэсэн үг ш дээ. Би Тунгалаг тамир романаар хэл зүйн задлан ялгал хийе гэж мөрөөддөг байсан ч надад тийм бололцоо гараагүй юм. Би аравдугаар анги төгсөхдөө нэг тууж, нэг найраглал, 70 өгүүллэг, 120 шүлэгтэй байлаа. Одоо бас хошин шог зохиол бичдэг юм уу гэсэн мөрөөдөл бий л дээ. Утга зохиол талдаа би Р.Чойномыг шүтдэг.

-Хэн танд ийм нэр өгсөн юм бол?

- Манай эмээ өгсөн нэр. Арго гэдэг тэнгэрт байдаг одны нэр. Тэгэхээр тэндээс хүч авдаг байж болно. Цөл дундуур усан онгоц чирч яваад алтан хурганы арьс авчирдаг эрэлхэг зоригтой, юмыг нээгч хүмүүсийг аргонавт гэж ярьдаг байсныг би сүүлд дээд сургуульд ороод мэдсэн л дээ. Ийм нэртэйдээ бэлгэшээж явдаг.

-Та эмээгийнхээ тухай дурслаа. Аав, ээж тань ямар хүмүүс байна?

-Аавыг Ё.Батсүх гэдэг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат. Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер. НАХЯ-нд ажиллаж байсан хүн. Дэд хурандаа цолтой. Миний ээж Д.Цэнд-Аюуш Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат. Нийтийн хоолны салбарт ажиллаж байсан.

-Таны хүү бас өвөрмөц нэртэй юу?

-Би хүүдээ нэр өгсөн. Нялх нойтон хүүхдийг тэр, энэ гэдэг гэж айхавтар ярьж болдоггүй, бөөгийн ёсонд. Хүүхдийг таван настай болоход хамаатан садан дундаа танилцуулдаг. Чингэс хааны үеийн монголчууд төрсөнөөс хойш 70 хоног аав ээжээс өөр хүний царай харуулдаггүй байж. Нялзрай биенд нь гадны муу сүнсний нөлөөлөл орохоос хамгаалсан хэрэг. Яагаад хүүхдэд цөв ордог гэхээр манай монголчууд сүүлийн үед цаг нь болоогүй байхад баяр хийдэг нь буруу юм.

-Таны ах дүү нар бас хэлний авьяастай юу?

-Эхээс гурвуулаа. Яг хэлний салбарт ажилласан хүн байгаагүй. Манай дүү Голландад амьдардаг. Нэг дүү маань Германд амьдардаг. Тэр хоёрын гадаад хэлний мэдлэгийг эс тооцвол нэг их айхавтар цоорсон хүн байхгүй.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Би эхнэр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр шашин судлаач мэргэжилтэй. Удган хүн байгаа.

-Таны бусдаас илүү дутуу өвөрмөц чанаруудыг хүлээн зөвшөөрсөн хүн байх нь ээ?

-Дугуй дугуйгаа олно гэдэг. Миний оюун ухааныг хүндэтгэж, хайрлаж, ар тал болж явдагт талархдаг. Эрийн сайнд явдаггүй. Сайн ханийн буянд амьдардаг. Тавдугаар Далай ламын шүлэгт өгүүлснээр "Өөрийн санаанд тохирсон хүнийг олж, өнийн багтай ханиа болгох нь өргөн далайн гүн ёроолоос өв тэгш эрдэнийг олох мэт" гэдэгчлэн тийм хэцүү юм байна л даа. Сайхан хань заяасан тэнгэр бурхандаа баярладаг. Монгол эмэгтэй хань болж чаддаг. Дэлхийн бусад эмэгтэйчүүд хэзээ ч нөхрийнхөө төлөө өөрийгөө зориулж чаддаггүй.

-Зарим гоц хүмүүс өвөрмөц араншинтай байдаг. Та ааштай юу?

-Хүн өөрийгөө мэддэггүй. Яагаад гэвэл хүний таван мэдрэхүй бүгд гадагшаа чиглэсэн байдаг. Нүд гэхэд гадагшаа л харна. Тархин доторхоо харж чадахгүй шүү дээ. Далай багштай нэг уулзаад хоёр асуулт тавьсан юм. Ямар хүнийг тэнэг хүн гэдэг юм гэхэд "Алдаагаа давтдаг хүн", Ямар хүнийг ухаантай гэх вэ гэхэд "Алдаагаа давтдаггүй хүн" гэсэн. Би өөрийнхөө тухай ярих дургүй, номоо л ярьдаг. Зарим хүн "Арго болсон болоогүй ном бичдэг" гэдэг. Болсон болоогүй юм бичиж, тэр нь боловсорч чанагдсаар сайн бүтээл гардаг ш дээ. Би өөрийгөө сайн хүн гэж боддог. Аль Капоне гэдэг дээрэмчний толгойлогч хүртэл "Би сайн хүн шүү" гээд цаазаар авахуулсан гэдэг шиг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top