Нийтийн эзэмшлийн зам, талбай бол нийслэлчүүдийн өмч. Тэдгээрийг нийслэлийнхний төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөөр барьж байгуулж, арчилж хамгаалж байдаг. Гэтэл зарим иргэний хариуцлагагүй байдал болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа авто замын хайс, хашлагыг эвдэж, нураах явдал олон гардаг. Хариуцлагагүй иргэний энэ үйлдлийг хэрхэн илрүүлж, хохирлыг барагдуулж чадаж байгаа эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэгээс тодрууллаа.
436 МЕТР УРТ ХАЙСЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛТОЛ НЬ ДАЙРЧЭЭ
-Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Үүнээс 500-600 метр хайсыг жил тутамд машинаар дайрч, гэмтээдэг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 82 гэмт хэргийн улмаас 536 метр урт хайсыг дайрснаас 436 метрийг нь огт ашиглах боломжгүй болтол дайрсан байх жишээтэй. Үлдсэн хайсыг сэргээгээд буцааж тавьсан. Авто замын хайс, хашлагыг жолооч нар хариуцлагагүй байдлаасаа болж мөргөж, шүргэж эвддэг. Шөнө оройн цагаар согтуугаар машин барьснаас хашлага эвддэг бол өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж хайс дайрах тохиолдол сүүлийн үед их гарч байна.
Тиймээс бид Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж, хайс, хашлага эвдсэн жолооч нарыг олж тогтоон, төлбөр төлүүлж байгаа.
Хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн камержуулалт сайжирснаар нөхөн төлөлт нэмэгдэж байна.
Хамгийн сүүлд л гэхэд Наадамчдын гудамжны замын хойд тал, Яармаг худалдааны төвийн баруун талд “Торгонзүлэг” ХХК-ийн арчилгаанд хамаардаг талбай дээр нэг нарс, дөрвөн ширхэг тулаас, хоёр ширхэг ногоон шон, зургаан метр урт тросс дайрсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, “Nissan Caravan” маркийн машины эзэн холбогдогч болохыг олж тогтоосон.
Хохирлын хувьд энэ жил 65 сая төгрөгийн хохирол учирснаас 63 саяыг нь барагдуулсан. Тээврийн цагдаагийн албаныхан эзэн холбогдогч тогтооход тусалж байгаа.
-Хайс, хашлагыг дотооддоо үйлдвэрлэж байгаа юу?
-Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлүүд хөгжиж, хайс, хашлагаа үйлдвэрлэж байгаа. Гадаадаас оруулж ирдэг нь ч бас бий байх. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хувьд хайс, хашлагыг сэргээх, эвдэрснийг шинэчлэх ажлыг хариуцан ажилладаг.
Сэтгэгдэл ( 0 )