Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар цолоо гардаж авсныхаа “Энэ хүндтэй шагнал надад маш их үүрэг, хариуцлага хүлээлгэж байна. Цаашид Монгол Улсаа дэлхийд хүчтэй харагдуулахын тулд улам хичээх болно. Монголынхоо ард түмнийг баярлуулахын төлөө хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шинэ баатарын хувьд энэ сарын 25-нд Гүржид тэмцээнд оролцох ба “Дараа дараагийн тэмцээндээ олимп, дэлхийн дээд амжилтаа шинэчлэхийн төлөө бэлтгэлээ базаана” гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчдаа бэлтгэн дасгалжуулсан Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монголын Хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр нарт Гавьяат дасгалжуулагч цол олголоо.
Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Шадавын Болормаад Хүний гавьяат эмч, чөлөөт бөхийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Халтмаагийн Баттуулд Гавьяат тамирчин цол олгов.
Эх орноо төлөөлөн “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчид, багш, дасгалжуулагчид, албаны хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүсэв.
Хамгийн гол нь Монгол Улс баг тамирчдаараа дамжуулан хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны үзэл санаанд хувь нэмрээ оруулж, цар тахлын хүнд цагийг хамтдаа давах хүсэл зоригоо илтгэн харуулсныг тэмдэглэв.
Цаашид алдаа оноогоо цэгнэж, амжилт, ололтоо улам бататган, ирэх олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе