Таван толгойн хэлэлцээрийн явцыг УИХ-д танилцуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингээд Засгийн газрын хуралдаанаас Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж үзжээ. Таван толгойн сонгон шалгаруулалтад дэлхийд тэргүүлдэг 15 оролцогч өрсөлдсөнөөс  АНУ-ын “Пибоди энержи”, БНХАУ-ын “Шинхуа энержи” болон “Мицуи” компаниудын консерциум, ОХУ, Япон, БНСУ-ын консерциумын нэгдэл, Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, Бразилийн “Валэ”, Люксембургийн “Арсэлор Митал” гэсэн зургаан оролцогч шалгарсан байна. Дээрх зургаан оролцогчтой 18 удаа гэрээ, хэлцэл хийж явцын дунд гурав нь тунаж үлдээд байгаа. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Таван толгойн ордыг дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий уурхай болгох, уурхайн  аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын түвшинд байлгах, нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчид хүргэхийг зорилтоо болгож байна. Иймээс ил уурхайн нүүрсний олборлолт хийх операторт тодорхой шаардлага тавьж байгаа юм. Тухайлбал, ил уурхайд олон жил олборлолт хийсэн туршлагатай, тэргүүний техник технологи хэрэглэдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр стратегитай, олборлолтыг бага өртөг зардлаар, үр ашигтай хийх илүү чадвартай, олон улсад нэр хүнд бүхий компани байх, монгол ажилчдад мэргэжил олгох цогц сургалтын хөтөлбөртэй байх зэргийг нь харгалзан үзнэ. Тиймээс оролцогч талуудтай хийж байгаа гэрээ хэлцэл амаргүй нөхцөлд үргэлжилж байгаа ч Монгол Улсын Засгийн газар УИХ-аас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top