Таван хүний амь насыг авч, 700 гаруй энгийн иргэнийг хоморголон баривчилж, хэдэн зуун цагдаагийн алба хаагчийг хүнд гэмтээн, насан туршид нь тахир дутуу болгосон “Хар мягмар гараг”-ийн гурван жилийн ой маргааш тохионо. Энэ өдөр Монгол Улсын түүхэнд тод хараар бичигдсэн. Энэ аймшигт өдөр дээрээс өгсөн тушаалын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад насан туршдаа бие сэтгэлээрээ хохирсон Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч, цагдаагийн ахмад В.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэй хүнд ахдахаар цагдаа гэдэг мэргэжлийг сонгож, төр түмнийхээ төлөө зүтгэсээр 22 жилийн нүүрийг үзжээ. Гэтэл тэр нэгэн өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад тархиндаа хүнд гэмтэл авч, 10 гаруй удаа эмнэлэгт хэвтсэн байна. Хэдийгээр олон сая төгрөг зарцуулж, эмчилгээ хийлгэсэн боловч сар ажиллаж чадахгүй эмнэлэгт хэвтдэг болсон гэнэ. Ингээд түүний яриаг хүргэе.
-Долдугаар сарын нэгэнд танайхан хаана хамгаалалтад гарч байв?
-Манай Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид 15 цагийн орчимд МАХН-ын хажууд байраа эзэлчихсэн байсан. Ердийн хамгаалалтад гардаг шиг л хувцас хэрэглэлтэй байсан юм. Тухайн үед нөхцөл байдал хүндэрч, айдас түгшүүрт автана гэж бодоогүй. Ер нь хамгаалах тусгай хэрэгсэл ховор учраас баруун талдаа хүч нэмэгдүүлсэн алба хаагчдад каск, малгай өмсгөж, бамбай бариулсан. Харин зүүн жигүүрт өдөр тутмын хувцастай эргүүлийн офицерүүдийг байрлуулсан.
-Та аль хэсэгт нь байсан юм бэ?
-30 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй манай эргүүлийн офицерийн тасаг өдөр тутмын хувцастайгаа зүүн жигүүрт үүрэг гүйцэтгэсэн.
-Жагсагчид эхэндээ маш тайван байсан шүү дээ. Хэдэн цагийн үед тэгж улайрч дайрсан юм бол?
-Байдал ширүүсч эхэлсэн цагийг сайн санахгүй байна. Ерөөсөө МАХН-ын төв байр руу будаг цацсаны дараа л жагсагчид улайрч, чулуу, модоор шидээд эхэлсэн. Тухайн үед манай дарга нар УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан нарын
зарим хүмүүс рүү утастаж “Хүмүүсийг өдөөн хатгаж, турхирахаа боль” хэмээн шаардаж байна гэж дуулдсан. Б.Жаргалсайхан миний хажууханд л утсаар ярьж байсан санагдаж байна. Хамгийн гол нь МАХН-ын байр руу будаг цацсаны дараа л хүмүүс команд өгчихсөн юм шиг нэгэн зэрэг дайрч эхэлсэн. Айхтар ширүүн гэнэт орж ирцгээсэн. Тухайн үед бид нэг л учир байна даа гэж бодож байсан.
-Тэгэхээр өдөөн хатгагчид будаг цацаж, жагсагчдад дохио өгсөн гэж ойлгох
уу?
-Бараг тэгж ойлгож болно. Үүрэг гүйцэтгэж байсан бидэнд тийм бодол төрсөн. Гэсэн ч би цагдаагийн байгууллага үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Хэдий хамгаалах хэрэгсэлгүй ч эрүүл мэндээрээ, амь насаараа дэнчин тавьж хамгаалаагүй байсан бол юу болох байсныг тааж хэлэхэд бэрх. Тийм учраас цагдаа нар үнэлэгдэх ёстой гэж бодож байна.
-Онц байдал зарласан гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Цагийг нь санахгүй байна. Ямар ч байсан эмнэлэг рүү цагдаа зөөж байхад л манайхан онц байдал зарласан гээд ярьж байсан. Жагсагчид гал тавьж эхлэх үед би гэмтэл авч хамгаалалтаас гарсан. Намайг хамгаалалтаас гарсны дараа онц байдал зарласан юм билээ. Ер нь онц байдал зарласнаас хойш хүмүүс чулуу, модоор шидээд цагдаагийн хувцас, машинтай гудамжаар явж болохоо больсон.
-Онц байдал зарласны дараахан хүн нас барчихлаа гэдэг шуум дэгдсэн. Цагдаа нарын дунд “Жагсагчид цагдаа алчихлаа” гэсэн яриа тархсан бол, жагсагчид дунд “Цагдаа хүн буудчихлаа” гэдэг яриа гарсан байдаг. Танд хүн нас барсан талаар сонсогдсон уу?
-Би хүн нас барсан гэдэг яриа сонсоогүй. Ер нь айдас, түгшүүр, стресс дунд байсан учраас тийм зүйл болсныг ч мэдээгүй. Гэмтсэн цагдаа нарыг зөөж байхад энгийн иргэд, хамгаалагч гээд маш олон хүн гэмтэж бэртэн, эмнэлэг дээр ирж байгаа харагдсан.
-Та хаанаа, ямар гэмтэл авсан бэ?
-Манайхан ямар ч хамгаалах хэрэгсэлгүй учраас зүүн гараараа нэгнийхээ бүснээс барьж, зөвхөн баруун гараараа нүүр, толгойгоо халхалж байсан. Гэтэл баруун талаас толгой руу том чулуугаар цохисон. Цагдаа нар тоосгоор цохисон гэдэг юм. Ухаан балартаад би өөрөө сайн харж чадаагүй. Тухайн үед толгойгоо баруун гараараа л хааж байсан санагдаж байна. Оногдсоны дараа ухаан алдаад босч ирэхэд баруун чих халуун оргиод тасарчихсан юм шиг байсан. “Миний баруун чих байна уу” гэтэл “Байна” л гэх шиг болсон. Тэгэхэд нь жаахан тайвширсан. Намайг чулуунд оногдсоны дараа хамгаалалтаас гаргасан. Шөнө нь шилэн хүзүүний баруун хэсэгт цус хурж, баруун чих хавдсан байсан. Гэмтэл авсны дараа манайхан надад “Эмнэлэг рүү явж, гэмтсэн хүмүүсээ хүргэж өг. Өөрөө ч үзүүл” гэсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлэг рүү машинаар гурван удаа алба хаагчдаа зөөсөн. Тэгж байтал харанхуй болсон доо.
-Та өөрөө эмнэлэгт үзүүлээгүй юм уу?
-Намайг цохиулсны дараа манайхан түргэн тусламж дуудсан байсан юм билээ. Би хамгаалалтаас гараад түргэн хүлээж байтал Японоос ирсэн нэг сурвалжлагчийн толгой дээр тоосго унаад ухаан алдчихсан. Тархиных нь яс бяцарч, маш их цус алдсан. Тэгэхээр нь түүнийг түргэн тусламжийн машинд суулгаж өгөөд явуулсан юм. Бүр орой нь гэмтсэн алба хаагчдаа зөөж дуусаад нэг үзүүлсэн. Тэр үед миний тархины яс цуураагүй байна гэхээр нь маш их баярласан шүү. Гэхдээ битүү гэмтэл авсан байсан.
-Гэмтсэн хэдэн цагдааг зөөж, эмнэлэгт хүргэсэн бэ?
-Нэг удаа явахдаа л 10-15 цагдаа зөөсөн. Гэмтсэн цагдаа нарыг хоёр машинаар ээлжилж зөөсөн. Намайг эмнэлгээс ирэхэд бас нэг машин гэмтсэн цагдаа нараар дүүрээд хүлээж байсан.
-Нарийн оношлуулахад таныг ямар гэмтэлтэй байна гэж гарсан бэ?
-Гэмтсэн шөнөө эмнэлэгт хэвтэлгүй ажил дээрээ бэлэн байдалд байсан. Тэгэхэд эмнэлэг оргүй болчихоод хөнгөн гэмтсэн цагдаа нарын цус нөжийг ажил дээр нь тогтоосон. Гэтэл шөнөжин хамраас цус гоожоод өглөө нь бие муудсан. Тэгээд л Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад тархины битүү гэмтэл, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношилсон. Мөн чих хугарсан байсан. Чихнээс нэлээн ус гарч байгаад гайгүй боллоо.
-Хэд хоног хэвтсэн бэ?
-Долоо хоноод л гарсан. Би 3-9 насны гурван хүүхэдтэй учраас тэдэндээ санаа зовоод удаан хэвтээгүй.
-Таныг нэлээн олон удаа эмнэлэгт хэвтсэн гэж байсан?
-Тийм, би өнгөрсөн гурван жилийн хугацаанд 20 гаруй удаа эмнэлэгт хандаж, 10 гаруй удаа хэвтлээ. Эхэндээ гайгүй байсан ч жил ирэх тусам л дордож байна. Энэ жил гэхэд л дөрвөн удаа эмнэлэгт хэвтсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаа хийж байтал бие муудаад чөлөө авсан юм. Гэтэл гэртээ байж байгаад нэгдүгээр сард бүр муудаж сэхээнд орсон. Сүүлдээ хоол унднаас гарч, дуслаар л тэнхэрч боссон доо. Дөрөвдүгээр сарын дундуур ажилдаа ортол 14 хоноод дахиад л муудсан. Ерөөсөө ажлын ачаалал даахгүй юм билээ.
-Танд одоо ямар зовиур илэрдэг вэ?
-Чих шуугиж, толгой өвдөөд байдаг юм. Даралт огцом өснө. Заримдаа хөл гуйвж, ярихаар хэл ороолдоод байдаг болсон. Бүр согтуу хүн шиг гуйвж дайваад эхэлдэг. Зарим юмыг ойр ойрхон мартчихаад байна.
-Гэмтэл авсны дараа таны сэтгэцэд бага зэргийн өөрчлөлт орсон гэсэн?
-Тийм. Ер нь ойр ойрхон юм мартаад байдаг. Тархины цусан хангамж саармагжаад ирэхээр толгойд нөлөөлж, сэтгэн бодох чадвар ой тогтоолт буурдаг гэсэн. Баруун гар, хөл байнга өвдөнө. Сүүлдээ баруун хөлөөрөө гишгэж чадахаа байгаад Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Мэдрэлд их ноцтой нөлөөлсөн юм шиг байна лээ. Гэхдээ би эмнэлэгт удаан хэвтдэггүй. Ажил хийхгүй болохоор гурван хүүхэд маань хоосон хононо гэж бодогдоод болохгүй юм билээ.
-Нөхөр тань ажил хийдэггүй юмуу. Таныг өвчтэй байхад хүүхдүүдээ асраад байж болно биз дээ?
-Манай нөхөр өнгөрсөн дөрөвдүгээр сард биднийг хаяад явчихсан. Хүний чанар л танигдаж байгаа юм байлгүй дээ.
-Танай хамаатан садан гэж байдаг биз дээ?
-Ер нь надад туслах хамаатан садан ховор л доо. Хэдэн дүү нар маань өөрсдийгөө болгоод л явж байгаа. Дүү нартаа туслах биш, өөрөө эмнэлэг гэж явсаар байгаад таарч байна. Би айлын том болж үлдсэн юм. Миний том ах цагдаа байсан ч 10 гаруй жилийн өмнө өөд болсон. Гэхдээ цагдаагийн байгууллага надад үнэхээр их тус болж байгаа. Миний амь насыг авч үлдсэн гэхэд болно доо. Би бүр энэ жил Цагдаагийн байгууллагынхаа 90 жилийн ойг үзэж чадахгүй нь л гэж бодож байлаа. Харин ч сайн санаатай сайхан хамт олон, найз нөхдийн хүчинд өдий зэрэгтэй явж байна. Тийм учраас ЦЕГ, НЦГ-ын удирдлагууд ЭХГ, НХЭГ, ЭЦГ-ын хамт олон болон намайг хөл дээр минь босгосон эмч нартаа баярлалаа гэж хэлье. Ийм сайхан хүмүүст баярлаж, талархсанаа илэрхийлэх боломж өөрөөр олдохгүй юм. Манай эмэгтэй цагдаа нар намайг сэхээнд байхад ээлжилж сахидаг байсан шүү дээ.
-Та Цагдаагийн байгууллагад хэдэн жил алба хааж байна?
-22 жил. Цагдаагийн бүрэлдэхүүнд орж ажиллаад яг 16 жил болж байна. Би ч энэ байгууллагаар л овоглуулсан өнчин хүн шүү дээ.
-Эргүүл хамгаалалтын газарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-2003 онд ЭЦГ-аас шилжиж очсон. Тэгээд өнгөрсөн жил НХЭГ-т ирсэн.
-Одоо ажлын ачаалал хэр байна вэ. Ядарч байна уу?
-Би сая зургадугаар сарын нэгэнд ажилдаа орсон. Одоохондоо хэвийн байна. Өглөө толгой даагдахгүй байх л юм бол ядарч байгаа юм байна гэж боддог. Тэгээд даралтны эмээ цаг тухайд нь хэрэглээд байхад болчихдог юм. Халуунд удаан байвал толгой хавагнана. Удаан зогсвол нуруу чилж өвддөг.
-Байгууллагаас тань таны ажлын ачааллаас хөнгөлөх зүйл байх уу?
-Цагдаа бол үүрэг хүлээсэн төрийн албан хаагч. Тийм болохоор бусдын л адил ажлын цагаараа ажиллана.
-Та өнгөрсөн гурван жилийн хугацаанд эмчилгээний зардалдаа хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Нарийн хэлж мэдэхгүй байна. Зарим тохиолдолд улсын эмнэлэгт хэвтдэг. Гэхдээ эм тарианд мөнгө их л зарцуулдаг. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хэвтэж байхад дотор нь эм тариа байхгүй гээд гаднаас 400 мянган төгрөгийн эм тариа авсан. Ажлын хамт олны дэмжлэгээр л тэр үнэтэй эм тариаг авч байлаа. Хэдийгээр манайхан цалин хангамж багатай төрийн албан хаагчид ч гэсэн цалингаасаа надтай хуваалцдаг юм. Ер нь эмчилгээнд цалин хүрэхгүй цалингийн зээл аваад л явж байна. Нийт хоёр сая төгрөгийн зээл авсан. Харин төрөөс 1.3 сая төгрөгийн нөхөн олговор өгөхөд нэг саяар нь цалингийнхаа зээлийг дарсан. Тэгж хоёр сая төгрөгийн зээлээсээ нэг саяыг нь өгсөн. Бид эмчилгээний зардлыг улс даана гэж сонсоод хамаг байдгаа барьцаалж, найз нөхөд, ах дүү нараасаа мөнгө зээлсээр байгаад ийм өртэй болчихсон байсан. Одоо 1.5 сая төгрөгийн зээлтэй үлдсэн.
-Тухайн үед хичнээн эмэгтэй цагдаа үүрэг гүйцэтгэж байсан юм бол?
-Олон байсан. Гэхдээ эмэгтэй алба хаагчдаас гэмтсэн нь дөрөв юм шиг байна лээ.
-Үймээний үеэр гэмтэл авсан нэг цагдаа нас барсан гэсэн?
-Тэгсэн. Толгойндоо битүү гэмтэл авсан ЭХГ-ын нэгдүгээр тасгийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч н.Эрдэнэ-Очир нас барсан. Би түүнтэй хамт төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хэвтэж байлаа. 30 нас ч хүрээгүй залуу. Хэл нь орооцолдоод ярьж чаддаггүй байсан юм. Талийгаач гэмтэл, бэртлээсээ болоод ажлаасаа гарчихсан байсан. Түүнд төрөөс 700 мянган төгрөгийн нөхөн олговор өгсөн боловч хаана нь ч хүрэлгүй байсаар нас барчихлаа. Ийм зүйл намайг дайрахгүй гэх баталгаа алга. Тийм болохоор би гурван хүүхдээ хоолонд нь хүргэчих юмсан л гэж бодож байна. Одоо том нь 12, бага нь зургаан настай. Дор хаяж 10 жил ажиллачих юмсан гэж боддог. Гэхдээ бие хүчрэхгүй юм шиг байна.
-Дөрвөн хохирогчийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ харамсалтай хэргийг шалгадаг газар нь шалгаж байгаа байх. Удахгүй тогтоох байлгүй дээ.
-Ер нь долдугаар сарын нэгэнд буун дуу сонссон уу?
-Үгүй. Буун дуу сонссон албан хаагч байдаг ч юмуу, үгүй ч юм уу, сайн мэдэхгүй байна. Би эмнэлэг рүү гэмтсэн алба хаагчдыг зөөж байсан шүү дээ. Буун дуу, сумны хонгио гээд яригдаж байдаг л даа. Гэхдээ бидэнд нэгдсэн журмаар үүрэг өгдөг. Хэрэв цагдаа нарт буу хэрэглэх тушаал өгсөн бол бидэнд ч гэсэн үүрэг ирнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )