М.Анхцэцэг тэргүүтэй туйванчид ДЭЛХИЙН АВАРГЫГ зорино

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид ирэх долоо хоногт насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д өрсөлдөхөөр хилийн дээс алхана.

Узбекстаны Ташкент хотноо арванхоёрдугаар сарын 5-15-ны хооронд үргэлжлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 137 улсын 800 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ баталгаажуулжээ.

Энэ Дэлхийн аваргаас “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо өгч эхлэх тул туйванчдын хувьд олимпын гараагаа эхлүүлэх чухал тэмцээн юм.

Баг тамирчдын дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар ажиллана.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эмэгтэй
 

55 кг: Э.Энхтамир

78 кг: Г.Анужин 

81 кг: М.Анхцэцэг

81 кг: Э.Билэгсайхан

Эрэгтэй
 

61 кг: У.Амарбаяр

81 кг: А.Барсболд

Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн ба “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны Дэлхийн аваргаас хүчтэний эдгээр медалийг хүртэн, шинэ түүх бүтээсэн билээ. Түүний хувьд хамгийн сүүлд "Токио-2020" олимпын наадамд өрсөлдөн, IV байр эзэлсэн.

Дэлхийн аваргад хүч сорих тамирчид арванхоёрдугаар сарын 2-нд Ташкентыг зорихоор төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.138) 2021 оны 11 сарын 25

Amjilt husye!

0  |  0
Top