Морин хуурын уран яруу эгшиг, уртын дууны цээл хоолой, хадны сүг зургийг бодит мэт амилуулах уян найланхай бүжигчид... Монгол Үндэсний урлагийн нэгдэл гайхам бас бахдам аж.
Эрдэмтэн зохиолч С.Дуламын хадны зургууд дээр хийсэн судалгаанд тулгуурласан “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гурамсан бүжгэн жүжгээс ээлж дараалан тоглогдож буй билээ. Тэгвэл гурамсан жүжгийн сүүлчийн бүжгэн жүжиг болох “Босоо цагаан гурвалжин” бүжиг нээлтийн тоглолтоо хийлээ.
Хадны сүг зургийг хөгжим, бүжгээр амилуулсан “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжиг үзэгчдийн халуун алга ташилтаар эхэлж, уран бүтээлч, бүжигчин, хөгжимчид үндэсний урлагийг нэгэн тайзнаа нэгтгэж, урлагийн гайхамшгийг "утга төгөлдөр" толилууллаа.
Бүжгэн жүжигт Дэл уул, Алтай таван богд, Рашаан хадны сүг зургуудаас хамгийн тод үлдсэн 13 тэмдгийг сонгон авч, амилуулсан аж.
Бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн, ардын багш, Гавьяат зүтгэлтэн С.Дулам “Би Монгол хэл, бичгийн мэргэжилтэй хүн. Би бүжгийн мэргэжлийн хүн огт биш. Соёл урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор болохдоо сургуульдаа хийж чадах зүйлийн талаар бодсон юм. Өдөржин, шөнөжин бодсоны эцэст нь эх орныхоо уул хаданд байгаа энэ олон сүг зургуудыг дүрсийн болон дохио зангааны бэлгэдлийн кодуудаар тайлбарлаад бүжгэн жүжиг бүтээх боломж байгааг олж харсан. Улмаар “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гэх нэртэй том төсөл эхлүүлсэн юм. Үүнд гурван бүжгэн жүжиг тоглосон. Эхнийх нь "Хөмөргөн гурвалжин", хоёр дахь нь Тамганы бүжигчин" байсан. Эдгээр бүжгэн жүжгүүд нь олны хүлээн зөвшөөрч байгаагаар судалгаанд суурилсан инновацийн бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чухал жишээ болж гарч ирлээ” гэсэн юм.
Бүжгэн жүжгийн найруулагч, бүжиг дэглээч Д.Баярбаатар “Монгол оронд маань байгаа өвөг дээдсийн тамгалж үлдээсэн нууц санаа бодол болох орон нутгийн маань өнцөг булан бүрт байгаа хадны сүг зургуудаас сэдэвлэсэн бүжгэн жүжиг амжилттай нээлээ.
Хадан дээр байгаа тамга, тэмдэг бичиг соёл өнөөдөр Монголын төдийгүй дэлхийн соёлын өв байх ёстой. Тэр ч утгаараа үр хойч нь болсон бид уран бүтээлээр дамжуулан залуучуудад хүргэж, монголын бүжгийн дэгийн гайхамшгийг харуулахыг зорилоо. Хэнтий аймгийн Рашаан хаданд олон тамга байдаг. Эдгээрээс бид хамгийн тод байгаа 13 тамгыг сонгож, бүтээлдээ амилуулсан" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )