Бага насны хүүхэд ротавирусээр өвчлөх нь нэмэгджээ

2021 оны 12 сарын 02

Жил бүрийн аравдугаар сараас эхлэн улирлын шинжтэй амьсгалын замын халдварт өвчин ихэсч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг билээ.

Өрхийн эмнэлгээс эхлээд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн хөлд дараатай байна.

Бидний мэдэх “Эх нялхас” эмнэлэг ч мөн олны хөлд дарагдсан байлаа. Тус эмнэлгийн Хүүхдийн хүлээн авах тасгийн хаалгаар ормогц л гадуур хувцсаа барьж, хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн уртаас урт дараалал угтаж авах нь танил дүр төрх юм.

Эмнэлгийн коридорт тавьсан урт сандал дээр ээлжлэн сууж, зогсох нь зогсож, зарим нь тогтож ядан нааш цаашаагаа холхино. Энд бараг л хүн зөрөх зай байхгүй мэт харагдана. Энд тэндгүй хүүхдийн уйлах чимээ чих дэлсэж, яаж аргадах учраа олохгүй, мунгинах хүмүүс олонтаа таарч байв. Хүлээн авах хэсэгт нэг удаагийн гутлын улавч дуусаж, шал нь халтайгаад, ариун цэврийн хувьд хүндхэн дүр зурагтай харагдаж байлаа.

Энд хүн хоорондын зай барих нь битгий хэл амны хаалтаа зохих журмын дагуу зүүсэн хүн ховор байх юм. Бага насны, нярай хүүхдүүд амны хаалт огт зүүгээгүй байв. Энэ мэт дүр зураг амьсгалын замаар дамжин халдварладаг, вирусний гаралтай өвчлөлийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгаа болов уу гэлтэй харагдана. Эмнэлгийн ачааллаас болж бухимдсан 30 эргэм насны эр “Би 10.30-аас цаг авсан. Цагтаа ирчихээд бүхэл бүтэн 50-иад минут хүлээлээ. Хүүхэд маань уйлаад байна. Цагтаа үзлэгээ хийж бай” хэмээн бухимдлаа илэрхийлэхэд “Бид ачаалалтай ажиллаж байна. Дарааллийн дагуу үзлэгээ хийж байгааг та харж байгаа биз дээ. Түр хүлээчих. Одоохон таныг оруулна” хэмээх сувилагч эмэгтэй үүссэн нөхцөл байдалд аль хэдийн дассан гэлтэй.

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛД МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ийн нэмэгджээ. Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнгөрсөн есдүгээр сард болсон билээ. Тус вакциныг дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр хийсэн юм.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Бид зорилтот бүлгийн хүмүүст томуугийн эсрэг урьдчилан сэргийлэх вакциныг хийгээд дууссан” гэхээс өөр  тодорхой хариулт хэлсэнгүй.

Бид “Эх нялхас” эмнэлгээр үйлчлүүлж байсан Баянгол дүүргийн иргэн О.Ариунзаяагаас хүүхдэдээ томуугийн вакцин хийлгэсэн эсэхийг асуухад “Томуугийн вакциныг хүүхдэдээ хийлгэдэггүй. Хүүхдийн биед байгалиас суусан дархлаа гэж бий. Тиймээс вакцин хийлгэхгүйгээр шим, тэжээлтэй хоол хүнс, амин дэмээр дархлааг нь дэмжиж байгаа. Вакцин хийлгэх нь сөрөг нөлөө ихтэй гэж боддог” гэсэн юм. Харин Баянгол дүүргийн иргэн Э.Анхзаяа “Томуугийн вакциныг журмын дагуу, заасан хугацаанд нь хийлгэдэг. Ханиад, томуунаас 100 хувь хамгаалдаггүй юм гэхэд хүндрэлийг бууруулна гэдэгт итгэдэг. Нийгэмд вакцин сөрөг нөлөөтэй хэмээх буруу ойлголт түгээмэл байх шиг санагддаг” гэв.

Энэ мэтчилэн иргэдийн томуугийн эсрэг вакцинд хамрагдах хандлага харилцан адилгүй байлаа. Яаралтай тусламжийн хүлээн авах, Хүүхдийн хүлээн авах тасгаар ороод гарах төдийд л халуурсан, бөөлжсөн, суулгасан зэрэг олон шалтгаанаар хүүхдээ  үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд дараалал үүсгэж, эмч сувилагч нар шуурхайлан ажиллаж харагдана. Томуугийн нөхцөл байдлын талаар “Эх нялхас” эмнэлгийн ажилтнаас тодруулахад “Томуу, томуу төст өвчнөөр халдварласан хүүхдийн тоо нэмэгдэж байна. Мэдээж хүйтний улиралд хүлээн авахын ачаалал их байдаг. Амралтын өдрүүдэд ачаалал улам бүр нэмэгддэг. Өндөр халуурч, ханиалгах, бөөлжих, суулгах зэрэг түгээмэл шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгаа. Мөн манай эмнэлэгт ротавирус хэмээх халдварт өвнөөр өвчилсөн” гэсэн юм.  

РОТАВИРУС ХАЛДВАРТӨВЧИН НЬ ХҮҮХДИЙН АМИНД ХҮРЭХ АЮУЛТАЙ

Ротавирус халдварт өвчин нь есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэлх хугацаанд идэвхжил хамгийн өндөр байдаг бөгөөд нийтлэг шинж тэмдэг нь бөөлжих, суулгах, халуурах хэлбэрээр илэрдэг байна. Тус өвчнөөр 0-5 насны хүүхэд өвдөх эрсдэл өндөр байдаг аж.

Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг хөөн гаргадаг бөгөөд ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алдаж, шингэний дутагдалд орсноор хүүхдийн аминд хүрэх аюултай гэнэ

Энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүүхдийн ээж хэлэхдээ “Манай хүү 39,2 хэм хүрч халуурсан. Зарим хүүхдүүд халуундаа таталт өгч хүндэрч байгаа гэсэн. Өдөрт 10-аас дээш удаа гүйлгэж, шингэнээ хоромхон зуурт алддаг. Хувийн эмнэлгүүд ийм шинж тэмдэгтэй хүүхдүүдийг хүлээж авахгүй байгаа. Үүнээс болж улсын эмнэлгүүдэд ачаалал нэмэгдэж байна. Ротавирусээр өвчилсөн хүүхдүүдэд шингэн нөхөж, дусал тариа хийж, асар их арчилгаа хийлгэж байж тэнхэрч байгаа” гэсэн юм.

Эмнэлгийн ажилчид халдвараас сэргийлэхийн тулд  ротавирусний эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байв.

Уг вирусний эсрэг дархлаа тогтоох вакцин нь БНЭУ-ын “Rotasiil” бөгөөд 2-24 сартай бага насны хүүхдэд нэг сарын зайтай гурван удаагийн тунг амаар уулгаж дархлаа тогтоодог байна. Одоогийн байдлаар манай улсад Интермед эмнэлэгт тус вакциныг хийж байгаа бөгөөд нэг тун нь 50 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Халдварт өвчний эсрэг вакцин хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга хэдий ч 150 мянган төгрөгөөр гурван тун вакцин хийлгэх боломжгүй иргэд цөөнгүй байгаа билээ. “Rotasiil” вакциныг "Гурван гал" эмнэлэг мөн хийж байгаа гэсэн мэдээлэл байсан хэдий ч тус эмнэлгээс тодруулахад “Манай эмнэлэг энэ төрлийн вакциныг хийж эхлээгүй байгаа. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байна” гэв.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганэрдэнэ(202.126.89.250) 2022 оны 04 сарын 25

Сайн БНуу манай хүүхэд ротавирус тусаад 15 хонож бнаа хөдөө орон нутаг танаа эмнэлэг вакцин хийж байгаа гэсэн очоод хийлгэвэл бол хуу хийж байгаа болуу баттай хариу хэлээрээ холбоо барих дугаар 99935202

0  |  0
Top