Б.Батбаяр: Нүүр, ам судлалын салбарынхан анх удаа чуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Нүүр ам судлалын судлалын салбарын 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "НҮҮР, АМ СУДЛАЛЫН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН"-ыг арванхоёрдугаар сарын 4,5-нд зохион байгуулах гэж байна.

Нүүр, ам судлалын салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх гэж буй асуудлын талаар АШУҮИС-ын Нүүр, ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Б.Батбаяртай ярилцлаа.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

-Нүүр, ам судлалын сургуулийн мэргэжилтэн бэлтгэж эхлээд 60 жил болсон байна. Энэ талаар яривал?

-Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургууль нь 1961 онд анхны мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн. Улмаар 2021 онд үндэсний нүүр, ам судлалын салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. 60 жилийн хугацаанд манай нүүр ам судлалын сургууль Монгол улсад бэлтгэгдсэн нийт нүүр амны мэргэжилтний 99 хувийг бэлтгэсэн байна. Үлдсэн нэг хувийг манай улсад байдаг хувийн сургуулиуд бэлтгэдэг.

Нүүр, ам судлалын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн 99 хувь нь манай сургуульд бэлтгэгдсэн боловсон хүчин учраас нүүр, ам судлалын сургуулийн биш, салбарын ой гэж харж байгаа. Тиймээс бид “Нүүр, ам судлалын салбарын үндэсний анхдугаар чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.

-Чуулганаар юу хэлэлцэх вэ?

-Нүүр, ам судлалын салбар маань дотроо 16 чиглэлд хуваагддаг. Өнгөрсөн хугацаанд эдгээр 16 чиглэл нь тус тусдаа хурал, зөвлөгөөнөө хийж, асуудлаа дотроо ярьдаг байсан. Харин энэ жил бүгд нэгдэж, салбарын томоохон тулгамдсан асуудлаа хэлэлцэх гэж байна.

Салбарын үндэсний анхдугаар чуулганаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Гадны орноос эрдэмтэн, доктор урьж, илтгэл тавиулж байгаа. Үүнд Япон, Солонгос, Хятад болон европын орнуудын найман профессор илтгэл, лекцээ тавина. Мөн манай улсын эрдэм шинжилгээ, судалгаа хийж байгаа судлаачид, эмч нар маань ч илтгэлээ тавина.

Хоёрдугаарт, Бид панел хэлэлцүүлэг хийнэ. Энэхүү хэлэлцүүлгээр бид хоёр асуудлыг ярилцах гэж байна. Эхнийх нь манай нүүр, ам судлалын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, гарц гаргалгаа эрэлхийлнэ. Дараагийнх нь "Шүд угаалтын цаг" гэх хөтөлбөрийг бага, дунд, ахлах ангийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгаа.

-“Шүд угаалтын цаг” хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Шүдний өвчлөлийн хойноос нь, өвдсөнийх нь дараа эмчлээд гүйцэхгүй. Тиймээс хүүхдийн шүдийг өвчлүүлэхгүй байх тал дээр багаас нь анхаарч, шүд угаалтын цаг гаргах хэрэгтэй. Тиймээс шүд угаалтын цаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа. 

Дэлхий нийтийн шүдний цоорлоосоо хамгийн хямд, хурднаар салсан арга бол шүд угаалтыг хэвшүүлсэн. Тэгэхээр яг энэ аргыг бид өөрсдөдөө хэрэгжүүлж, өсөж байгаа хүүхдүүдийг эрүүл шүдтэй иргэн болговол энэ өвчлөл маш бага зардлаар буух боломжтой гэж харж байгаа. 

-Монгол улсад нүүр ам судлалын салбарын хөгжил ямар түвшинд байгаа гэж та харж байна вэ?

-Өнгөрсөн 60 жилийн хугацаанд манай нүүр, ам судлалын салбар үсрэнгүй хөгжсөн. Ингэснээр гадны өндөр хөгжилтэй аль ч орны эмч ирээд манай улсын хувийн хэвшлийн аль нэг эмнэлэгт ороод ажиллахад дутагдах, эсвэл хоцрогдох зүйл байхгүй.

-Нүүр, ам судлалын салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Нүүр ам судлалын салбарын хувьд тулгамдаж байгаа асуудал гэвэл манай улс үйлдвэрлэгч орон биш учраас хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ гаднаас импортоор авдаг. Дотооддоо үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж нэг ч байхгүй.

Тиймээс бүх бүтээгдэхүүнээ гаднаас өндөр үнээр авдаг. Мөн ачаа тээврийн хөлс, замын зардлаас эхлээд худалдаалж буй байгууллагын ашиг гэх мэтээр үнэ нэмэгдсэний дараа манай эмнэлгүүд худалдаж авдаг. Үүн дээр нь түрээс, ажилчдын цалин гэх мэт ашиг орлого, татвар нэмэхээр бидний үйлчилгээний төлбөр иргэдэд өндөр тусдаг.

Монголд шүдний өвчлөл сүүлийн үед маш их болж байна. Өмнө нь хот, хөдөөгийн ялгаа гардаг байсан бол одоо ямар ч ялгаагүйгээр бүгд шүдний өвчлөлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top