Аав минь! Таныхаа өмнө тангараглая!

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Дэмбээгийн МЯГМАР

1933.2.10-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, яруу найрагч. 1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин, сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ. 1949 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Орчин үеийн сэдвээр ихэвчлэн бичдэг. Түүний бичсэн "Газар бид хоёр", "Тээрэмчин", "Тээрэмчний охин" зэрэг тууж, "Нандин эрдэнэ", "Найрын ширээний ууц", "Нэгэн няравын паян" зэрэг жүжиг нь монголын уншигчид, үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Д.Мягмар МЗЭ-ийн шагнал 1964 онд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 1973 онд, төрийн шагнал 1983 онд хүртжээ. Тэр "Тугтай чарга" 1956, "Үймэрсэн сэтгэл" найраглал 1960, "Өгүүллэгүүд" 1962, "Нийлэх замын уулзварт" 1964, "Балын амт" 1965, "Нэгэн байшингийн тууж" 1965, "Уянгын туужууд" 1967, "Цоморлигоо нээсэн цэцэг" 1972, "Уянгын арван тууж" 1975, "Найрын ширээний ууц" 1986, "Гудамжны эрдэмтэн" 1997, "Цоморлигоо нээсэн цэцэг" 1998 зэрэг 20 гаруй ном хэвлүүлжээ.

Би хулгайч бас.....

                                                                                        Өрөвдөм амьдралтай хүүхэд хөгшдөд зориулав.

Намрын сүүл сарын зэвэргэн шөнө. Өчигдөр үдээс хойш орсон бороо шөнө дөл үргэлжлэх янзтай. Өлмөн зөлмөн гэдэс хонхолзохын эрхээр орой эрт унтахаар орондоо орсон ээж, хүү, охин бид гурвын нойр хулжин хөнжилдөө эргэн хөрөвсөөр байв. Хүйтэн усанд бороо нэг үе шиврэн нэг үе ширүүсэн шаагьж ганц өрөө хүйтэн байрны цонхны тавцангийн төмрийг тачигнуулан балбасаар авай. Миний нойр хэдийнээ хулжжээ. Яагаад ч юм бэ, өнгөрсөн жил арван зургаан нас хүрч иргэний паспорт авахад, нэг ширээнд суудаг охин надад баяр хүргэж байсныг гэнэт санав. Гэтэл миний тэр бодлыг, ертөнцийг аль хэдийнээ харахаа больсон өвчтэй ээжийн минь бүгшин ханиалгах чимээ таслав. Ээж минь мөн л унтаагүй байгаа бололтой. Орныхоо өмнөх сандал дээрээс ямар нэгэн юм авах гэж гараараа самардан тэмтчиж байснаа эргэн хэвтээд янцаглан яраглав. Хөөрхий ээж минь  юун тухай бодож хэвтээг би яахан төсөөлөх билээ. Миний сэтгэлд өнгөрсөн зунаас эхлэн үе үе бодогдовч унтран замхарч байсан нэгэн санаа өнөө шөнө дахин сэргэж бүх сэтгэлийг эзэмдэв. Тэр бол хулгайч болохын хүслэн билээ. Би ээж дүү хоёроо сэрээхгүйг хичээн сэмээрхэн босож, гал тогооныхоо өрөөнд ороод чийдэнгийн унтраалгыг дартал гэрэл ассангүй. Хэд хоногийн өмнө гэрлийн шил шатсанаа санав. Цонхоор гадагш харвал хав харанхуй агаад байшин барилгын цонхнууд хоосон ухархай мэт хонхойн харлана. Би тэмтчин явж лааны хугархай олж гэрэл гаргав. Тэгээд ээж, дүү хоёрынхоо унтаж буй өрөөнд дахин орлоо. Тэр өрөө чийг даасан зэврүүнээс гадна нялуун эхүүн үнэр хамар цоргив. Би дүү охиныхоо орны дээд талд байдаг намхан шүүгээн дээрээс хүрэн жаазанд хийсэн аавынхаа зургийг аваад, хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн сэмхэн алхалсаар гал тогооныхоо өрөөнд эргэн оров. Аавынхаа зургийг хоолны ширээн дээр аяархан тавиад өөдөөс нь гөлрөн ширтэв. Тэгээд тэсэж чадалгүй зангирсан хоолойгоор "Аав аа!" гэж зөөлхөн дуудтал хоёр нүдээр минь өөрийн эрхгүй нулимс мэлмэрэв. "Та амьд сэрүүн байхдаа надад хулгай битгий хийгээрэй, архи дарс бол амьдралын дайсан шүү" гэж үргэлж захидаг байж билээ. Гэтэл хүү чинь маргаашнаас эхлэн хулгай хийхээс өөр аргагүй боллоо. Би таны захиасыг дагах гэж хичнээн их хүсэвч үнэхээр чадахгүй нь...Танд би үнэнийг цөмийг хэлье. Аав аа! Хайрт ээж минь таныг өнгөрсөн жил хоёр нүд нь юм харахаа болиод таг сохор болсон шүү. Би энэ намар сургуульдаа очоогүй. Харин дүү маань тавдугаар ангид орсон. Таныг насан өөд болсноос хойш бидний амьдралд мөн ч их өөрчлөлт гарлаа даа. Гэр бүл маань жилээс жилд өөдлөх биш харин газрын хэвгий рүү голын ус шиг урссаар байна. Аав аа! Надад, ээж дээ эм тан, хоол хүнс авч өгөх мөнгө хэрэгтэй байна. Мөнгө...мөнгө. Би хаанаас олохов. Ажил хийе гэж хичнээн чармайсан ч надад олдох ажил хаа байх вэ! Та үүнийг ойлгохгүй л дээ. Одоо чинь мэргэжилгүй над шиг нь байтугай мэргэжилтэй хүмүүс ч ажилгүй болсон шүү дээ. Бас ээжид эм авахаас гадна дүүгээ сургуулиас нь гаргачихгүйн тулд ном дэвтэр, хувцас хунар авч өгөх...ганц өрөө байрныхаа хөлсийг төлөх гээд мөнгө...мөнгөгүй хүн хаашаа ч хөдлөхийн аргагүй болсон. Та үүнийг ойлгохгүй л дээ. Бид амь зогоохын тул өнгөтэй өөдтэй бүхнээ хар зах дээр зарж үрээд дууслаа, Хамгийн сүүлд, өнгөрөгч бүтэн сайн өдөр таны хайрладаг, хэний ч гар хүргэдэггүй байсан сүх, харуул, хөрөө...мужааны тань багажуудыг хэдэн төгрөг болгож гурил мах аваад өчигдөр дууслаа. Маргааш гэхэд эм авах нь байтугай талх ч авах сохор зоосгүй болсон. Аав аа! Би аргагүйн эрхэнд хулгай хийхээс өөр зам даан ч алга. Аав минь! Таныхаа өмнө тангараглъя! Хүү чинь хүн алж хүрээ талахгүй. Алт мөнгө, эрдэнэ сувд надад хэрэггүй. Би ямар баяжих гэж хулгай хийж байгаа биш. Хөөрхий өвчтэй эхийгээ, охин дүүгээ тэжээхийн эрхэнд хулгай хийх гэж байна. Аав минь! Алт мөнгө, эрдэнэ сувд хулгайлахгүй гэдгээ дахин тангараглья. Зөвхөн идэж уух л юм. Та надад итгэ" гээд аавынхаа зураг өөд би гөлрөн ширтэв. Нээлттэй салхивчаар үлээх салхинд ширээн дээр тавьсан лааны гэрэл нааш цааш сүүмэлзэх сүүдэр эцгийн зурган дээр тусахад хөөрхий аав минь "Болохгүй. Хулгай хийж яавч болохгүй" хэмээн толгой сэгсэрч ч байгаа юм шиг, эсвэл "Одоо амь зуухын тул тэгэхээс биш яах вэ дээ, хүү минь" гээд толгой дохиж ч байгаа юм шиг харагдав. Аав минь босоод ирдэг ч болоосой хэмээн бодоод мэгшин уйлав. Тэгээд аавдаа үнсүүлэх гэж байгаа нялх хүүхэд шиг зураг руу тонгойтол хиншүү хярвас ханхлаад явчихав. Цочин өндийвөл туг үс лааны дөлөнд шатан атиралдсан байлаа. Хоолой цээж арган хатсандаа сая анзаарч данханд байгаа өнгийг нь хувиргах төдий болгосон хүйтэн хар цайнаас аяганд хийж балгав. Давсгүй үлбэгэр цай аманд орохдоо шорвог давстай мэт санагдав. Үнэхээр тийм байлаа. Миний хацрыг даган урссан нулимс аяганд орж цайг шорвог болгожээ. Би ширээний араас босож аавынхаа зургийг элгэндээ наан ээж, дүү хоёрынхоо унтаж байгаа өрөөнд орлоо. Тэгээд даарч жихүүцснээ гэнэт мэдэн орондоо орж хөнжлөө нөмрөв. Түрүүчийн бодол дахин сэдэрч далан хаалтаа сэт татсан үерийн ус мэт тархи толгойд минь буун шаагин шуугисаар одоо бол юунд ч хоригдохоо больжээ. Миний толгойноос шинэ шинэ бодол салбарлан салааж урган төлжсөөр авай. "Би маргааш хулгай хийхээр явна. Эхлээд яах ёстой вэ? миний хулгайлах юмс зам дээр бэлэн байхгүй нь лавтай. Өдрийн цагт худалдагч нар бараагаа нүд салгахгүй хариулна, шөнө болохоор хаалга үүд нь цоож цуургатай, тор сараалжтай бас харуул манааны давхар давхар хамгаалалттай. Эд бүхнийг яаж давж орох вэ? Тэгэхээр энэ чинь ганц хүний хийдэг ажил ерөөс биш юм, хань хамсаатан хэрэгтэй болох нь. Гэтэл тэр хүмүүс маань хаана байна? Үгүй үгүй. Надад хэн ч хэрэггүй. Би цөмийг ганцаараа л хийнэ. Хань хамсаатан олширвол хулгайн хэрэг маань өргөжнө гэсэн үг. Тэгээд аягүй бол даршин дарвиад архи дарс ууж, зодоон цохион, хүн амины хэрэг ч гарч мэднэ. Тэд олзондоо улам өөгшөөд алт мөнгөний дэлгүүр, банк тонъё гэвэл яана. Би ганцаараа үгүй гэж зөрөлтэй биш. Тэдэнтэй нийлээд дэлгүүр, хоршоо ухалтай биш. Энэ бол надад яавч таарахгүй ажил. Дэлгүүр банк ухна гэдэг чинь яахаас ч буцахгүй гэсэн үг. Аягүй бол манаач харуулыг нь алахаас ч буцахгүй гэсэн үг гэж бодохоос аяндаа сэтгэл хямарч айдас төрөн бүх биений хүйтэн хөлс чийхарсан байв. Нөмөрсөн хөнжлөө доош тийрэн хаяв. Гэвч сэтгэл минь нөгөө хулгай...идэж уух юмс цөм харанхуйн дунд нүднээ харагдах шиг болно. Бас яраглан шаналж хэвтээ, орчлонг харахаа больсон хайрт ээжийн минь цийж цайсан хоёр нүд, бүгшин ханиалгах зовиурт дуу, өглөө босоод юу идэж уухаа ч үл анзааран гүн нойронд автан унтаж байгаа дүү охин эд бүхэн надад хулгай хийх зориг хүч сэтгэлийн тэнхээ нэмэв. Би тааз ширтэн хэвтсээр...Миний бодол санаа нэгээс нөгөөд дамжин эцэс төгсгөлгүй үргэлжлэн хөвөрсөөр...Гэтэл надад нэгэн шинэ санаа төрлөө. "Миний хувьд бол энд тэндгүй байдаг ТҮЦ. Эзэд нь орой болохоор харьчихдаг харуул хамгаалалтгүй тийм мухлаг л болох юм. Ийм зүйл бодож олсондоо баярлах шиг. Энэ бол хамгийн зөв санаа гэж өөртөө хэдэнтээ давтан хэлээд харин мухлагны цоожийг эвдэх багаж л хэрэгтэй болно, өөр юу ч хэрэггүй гэж бодов. Өглөө эртхэн явж хотын доторх мухлагуудыг эхлээд нарийн ажиглах нь чухал юм байна гэж санатал автобусны буудал, төв замын хоёр талаар эгнэн байдаг мод, төмрөөр хийсэн шинэ хуучин эрээн цоохор хээ угалзаар гоёсон мухалгууд нүдэнд минь харагдах шиг болов. Энэ бүхнийг эргэцүүлэн бодсоор хэвттэл нэг мэдэхнээ хэдийн үүр цайж өглөө болсон байлаа. Би яаран босож данх дүүрэн ус буцалгав. Цай ч алга, давс ч алга идэх талх ч алга. Өчигдөр хийсэн амтгүй усан бантан савны ёроолд үлдсэнийг ээж, дүү охин хоёртойгоо эн тэнцүүхэн хувааж идэв. Би маш их яарч байлаа. Чухам юунд хаашаа яарч байгааг ээж минь байтугай дүү охин минь ч яахин мэдэх билээ. Би дүү охиндоо хандан "Ах нь таньдаг найзтайгаа уулзчихаад ирье. Миний дүү ээжийгээ сайн асарч байгаарай. Би оройхон ирж ч мэднэ. Талх бас идэх юм олоод ирэхийг бодьё." гэж хэлээд яаран гарах гэтэл дүү охин минь "Ах аа! Та мөнгө олж ирэхийг бодоорой. Түрүүчийн хэдэн сарын байрны хөлсөө төлөөгүй байгаа шүү дээ" гэж өгүүлэв. Дүү охинд минь өлсөж цангах ч бага хэрэг. Үүнд хэдийнээ дассан бололтой. Хамгаас чухал юм байр...Удахгүй өвөл болно. Хүйтний эрч чангараад ирэх үед дулаан сууцтай байна гэдэг юунаас ч чухал. Өлсөхөөс ч чухлыг яс махандаа шингэтэл ухаарснаас тэгж хэлсэн биз ээ. Би яаран гарч байшингийнхаа үүдэнд хаашаа явахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогсов. Тэгээд хүн амьтны хөл хөдөлгөөн ихтэй нэгэн гудамжийг зорин алхав. Тэр гудамжны нэг мухлагаас нөгөө мухлагийн онгорхой цонхны өмнө очиж юм худалдаж авах гэж байгаа хүний дүр үзүүлэн боов чихэр, хиам, чанасан мах, ундаа, бохь зэргийн үнийг асууж зогсохдоо аль мухлаг нь идэж уух юмаар элбэг дэлбэг юм бэ? гэдгийг ажиглан бас ч худалдагч нарын ааш араншин, ямар насны ямар хүмүүс худалдаа хийдгийг сонирхож байв. Нэг цэцгээс нөгөөг дамжин бал цуглуулж яваа зөгий шиг нэгэн ТҮЦ-нээс нөгөөгийн цонхонд очин очсоор явахдаа үд хэдий нь хэвийснийг ч огт анзаарсангүй. Харин юм худалдан авахгүй атлаа нэг мухлагийн өмнө байн байн эргэлдэх нь хүнд сэжиг төрүүлж болзошгүй тул дахин дахин очихгүй байх нь зөв юм гэж ухаарав. Яагаад гэвэл намайг нэгэн мухлагийн цонхон дээр хэдэнтээ эргэлдэхийг худалдагч авгай ажиглаж "Залуу минь, юм авахгүй бол энүүгээр дэмий сэлгүүцээд байх хэрэг юу байна. Хүмүүст саад болж цонх халхалчихаад" гэж хараалгаснаас болсон хэрэг билээ. Би яагаад тэр мухлаг руу өөрийн эрхгүй хэдэнтээ очсоны учир гэвэл лангуун дээр өрсөн утсан хиам, гахайн чанасан махны үнэрт ялаа батгана шиг татагдан арааны шүлс асгаран хоёр хөл минь ч хэдийнээ сульджээ. Би нэгэн өндөр байшингийн сүүдэр бараадан суув. Өнөөдөр намрын шар нар хайр найргүй төөнөсөн хачин халуун өдөр ажээ. Би сүүдэрт суугаад эргэн тойрноо ажиглав. Хүүхдүүд "ундаа" хэмээх шилтэй усыг дэлгүүрээс хайрцаг саваар үүрч авчран "Хүйтэн ундаа уугаарай" хэмээн нэг нь нөгөөгөөс өрсөн өдөржин хашгиралдана. Тэд харин цагдаа нарыг харангуутаа үрэгсэн болжмор дэрхийн нисэхийн адил тал тал тийшээ зугтан алга болно. Би тэр бүгдийг сонирхон харж суухдаа өнөөдрийн миний эхэлж буй ажил нэн сонирхолтой бас ч үгүй зөв талаас эхэллээ гэж дотроо баяртай байв. Ам цангаж байгаа гэж жигтэйхэн бас халуун наранд өдөржин толгой нүцгэн явснаас тархи хагарчих шахан ангалзана. Гэвч "Үүнийг тэвчих ёстой. Удахгүй шөнө болж амьтны хөл татрах үеэр зөвхөн өөрөө төдийгүй өвчтэй ээж минь охин дүү минь цөм гэдэс цадан баярлах болно" гэж өлссөн цангасанаа тэвчихийг хичээн шүд зуун суув. Шөнө болохыг хүлээнэ гэдэг...юутай урт хугацаа вэ? Гэвч хүлээхээс өөр арга алга. Энэ мухлагийн худалдагчдаас хамгийн түрүүнд хэн явах нь бас л сонин байлаа. Замын хажуугийн нэг муу модон ТҮЦ-ний худалдагч салга өвгөн хамгаас түрүүнд оройн таван цаг ч болоогүй байхад мухлагаа цоожилчихоод хоосон шахуу уут баруун гартаа санжигнуулан, зүүн гартаа барьсан таягаар цардмал замын хашлага чулууг тог тог тогшин миний өмнүүр бөгтөгнөн өнгөрөв. Тэр үнэхээр өрөвдөлтэй амьтан. Мод шиг хөшсөн хоёр хөлөө арай ядан урагш зөөн өвдгөөрөө ч огт нугарахгүйг харвал хиймэл хөлтэй болов уу гэмээр. Гэсэн атлаа бүслэхээрээ урагш хэт бөхийсөн бөгтөр нуруу нь салан уначих гэж байгаа юм шиг агаад тоос шороонд дарагдсан голын өлөн шиг хэдэн цайвар үс нь /Үс засуулах мөнгөгүйгээс гэзэг мэт ургасан биз/ салхинд сөрвөлзөн хийснэ. Идэр залуу насанд биед нь таарч байсан болов уу гэмээр олон жилийн нар бороонд гандаж цайгаад, хоёр суга нь урагдсан хуучин пиджак, хөөрхий өвгөний яс арьс болсон цээжинд хүрэм мэт хэлхэлзэнэ. Нэг үгээр хэлбэл ёстой л хүн сүг гэлтэй. Өдөр ам цангахын эрхээр эдний мухлагт очсоноо санав. Өвгөнөөс ундаа ямар үнэтэй вэ? гэж асуухад нэг ширхэг бохь барьж ирээд ширхэг нь арван төгрөг гэж билээ. Бодвол өвгөний чих таг дүлий бололтой. Тэгэхэд нь би бохь бишээ, ундаа гэж бүх тэнхээгээрээ хашгиран хэлбэл "Аан" гэж амандаа дуугаран жижиг шилтэй ундаа авчирч -Үнэ нь тавин төгрөг гэв. Ам цангаж байгааг бодвол тавин төгрөгөөр байтугай таван зуун төгрөгөөр ч хамаагүй аваад уучихмаар л санагдана. Даанч мөнгө алга. Байгаа нь үнгэгдэж хуучирсан арван төгрөг...Өөр юу ч алга. Би шилтэй ундааг сэгсэрч үзсэнээ

-Өвөө! Таны ундаа мууджээ.

-Яасан байна, хүүхээ?

-Ёроолд нь булингар тогтчихжээ.

-Аа, халуун наранд олон хоносон юм гашилчихаа биз дээ гэж огт тоосон шинжгүй хэлэв. 

-Өвөө! Надад одоо байгаа нь л аравхан төгрөг байна. Маргааш үлдсэнийг нь авчраад өгье. Би уучих уу? гэж царайчлан хэлтэл,

-Тэгээ тэг хэмээн ач зээ нартаа хэлж байгаа мэт энхрий ялдам, итгэл дүүрэн өгүүлэв. Өвгөн салганаж, чичигнэсэн гараараа шилний бөглөөг онгойлгох гэж удсаныг яана. Би өвгөний гараас ундааг бараг булаах холгүй шүүрч, яаран залгилтал хүйтэн ундаа хамрын нүхээр год хийн гарахад би хахаж цацан сүйд болов. Өвгөн намайг харан толгой сэгсэрч "Ийм халуун өдөр ингэж цангатлаа юу хийж дэмий тэнэдэг байна" хэмээн сургамжлан хэлэнгээ миний өгсөн үнгэгдсэн хэдэн төгрөгийг ч тоолж ч үзсэнгүй цамцныхаа энгэрийн хиртэй хар халаасанд хийж орхисон нь хүртэл нүдэнд харагдах шиг болов.

Хамгийн сэлүүхэн хүнгүй шахуу мухлаг нь энэ өвгөнийх. Шилний ёроолд булингар тунаж, шошго хаяг нь ховхорсон хэдэн ундаа, хатаж хорчийсон печень, хамгийн хямд тамхи, бохь төдийхөн нь яг л эзэнтэйгээ таарсан мухлаг байсныг санав. Өнөө маргаашгүй үхлээ хүлээж буй энэ өвгөн дахиад арван жил амьдрах юм шиг яахаараа ингэж зоволгоо зовоож наймаа хийх гэж сөхөрч унаталаа өдөржин зогсдог байна гэж эхлээд надад гайхах бодол төрж билээ. Гэвч миний тэр бодол зэрэглээ мэт замхарч харин ч өвгөнөөр бахархах сэтгэл төрсөн юм. Болж л байна шүү дээ. Амьдрахын төлөө борвио сөхөртөл тэмцэж л явна. Үүнээс өөрөөр энэ хөөрхий өвгөн яах юм бэ? Бас ч хүн гэдэг нэрээ бодоод гудамжинд гуйлга гуйсангүй. Энэ өвгөн залуудаа хэн ч явсан юм билээ бүү мэд. Ямарч гэсэн амьдралын өмнө сөгдөхгүй хат суусан л хүн юм. Гэтэл би энэ өвгөний дэргэд хэн бэ? Арван долоон насныхаа ааг омгийг багтааж яваа залуу. Би юутай ичгүүртэй харагдана. Хүний амьдралын хамгийн адгийн арга болсон хулгайч...одоо энэ мухлагуудыг тонох гээд шөнө болохыг хүлээж сууна. Хулгай хийхгүй гээд би яах билээ? Ажил төрөл олддогсон бол сөхөрч унатлаа ч болсон зүтгээд, ээж дүү хоёроо тэжээхсэн гэтэл надад хийх ажил хаана байна. Би энэ өвгөн шиг хүмүүсийн мухлагийг бол цоожтой байтугай сул байсан ч дотроос нь юм авахгүй. Цөм л миний адил наанадаж гэдсээ тэжээх бас цаана нь өвчин эмгэгт баригдсан үр хүүхэд, хань ижил хэн ч байгаа юм билээ бүү мэд гэж бодов. Би нөгөө аманцар шар авгайн мухлаг хэзээ хаахыг хүлээн суусаар байв. Авгайн мухлаг руу харвал хүмүүс, тэр дундаа гудамжинд ундаа зарж байгаа хүүхдүүдийн ихэнх нь очоод шавчихсан байв. Тэгнээ тэр. Хүүхдийн ундаа зарж олсон хэдэн төгрөгийг салгах ухаанаа хэдийнээ сийлчихэж. Мухлагны үүдэнд дараалан зогссон хүүхдүүд бурамтай мөхөөлдөс хэмээх амтлаг хөөснөөс хэд хэдээр нь барин нааш цааш гүйлдсээр байна. Хүлээсэн хүнд нарт ертөнцийн нэгэн өдөр гэдэг юутай урт удаан хугацаа болохыг өнөөдөр л баттай мэдрэв. Би ингэж энэ тэрийг ажиглан суутал хажууханд минь нэгэн машин шурхийн зогсоод чангаар сигналдахад цочин эргэж харав. Далайн чанадах орны хийцтэй ганган хар тэрэгний жолооч цонхоор цээжээ цухуйлган ундаа зарж байгаа хүүхдүүдийн зүг гараараа даллав. Хүмүүсийн иймэрхүү дохио зангааг андахаа байсан, ундаа зарж байгаа хоёр хүү божгор бор гартаа шилтэй ундаа барин уралдан гүйж хүрэв. Гэтэл нөгөө машины жолооч өөр ундаа авна гэсэн үү? эсвэл бөглөөг онгойлгоод ир гэсэн үү? Ямар боловч хүү эргэж ухасхийн гүйхдээ замын эсрэг талаас маш хурдтай явсан тэргийг анзаарсангүй бололтой машин ч огцом чихран тооромсоглож, ундаа барин ухасхийсэн хүү тэрхүү машины урд дугуйн өмнө тас гэдрэгээ саван унахад, шил хага үсэрч шингэн ягаан ундаа барагшин зам дээр асгаран тунав. Гудамжинд явсан хүмүүс ч хүүг бүчин бүрхэв. Харин хүүгээр ундаа авчруулсан жолооч, хэрэг төвөг холбогдчихвий гэсэн мэт ганган хар машинаа яаран асааж хурдаа огцом нэмэн гудамжнаа сүлжилдэх олон тэрэгний дунд орон алга боллоо. Хэдхэн мөчийн өмнө ганц шил улаан ус борлуулж талхны мөнгө олох гэж баясан хөөрч хөл нь газар хүрэхгүй гүйж явсан тэр бяцхан хүү ганцхан агшны дотор ертөнцөөс халин одох нь тэрээ. Хөөрхий хүүгийн амь нас ганц шил ундааны ч үнэгүй гэдэг юутай өрөвдөлтэй, юутай харамсалтай. Гэлээ гээд яалтай билээ. Амьдрал, амь нас гэдэг хутганы ирэн дээр явдаг энэ хорвоо юу? Харин хэн нэгэн буянтан утсаар эмнэлэг дуудсан бололтой. Удсан ч үгүй эмнэлгийн тэрэг дохиогоо хангинуулан ирээд амьгүй болсон хүүгийн бяцхан цогцсыг аваад явах нь харагдав. Үүнийг гэр орныхон нь өдийд огт мэдээгүй байгаа шүү дээ гэж бодохоос элэг эмтрэн шимшрэв. Өдөржин шарсан хурц наран өндөр өндөр барилгуудын цаагуур хэдийнэ далд орсон байлаа. Миний отон хүлээж байгаа мухлагийн худалдагч авгай наймаагаа хийсээр...Би ч мухлаг хаахыг хүлээн тэвчээртэйгээр суусаар байв. Нар жаргаж орой болжээ. Намайг нэг харахнаа нөгөө мухлагийн үүдэнд Мерседес хэмээх сунагар ягаан машин ирээд зогсчихсон, худалдагч авгай мухлагийнхаа хамаг барааг том том цаасан хайрцгуудад хийн яах ийхийн зуургүй тэр машинд ачиж, өөрөө жолоочийн хажууд паглайн суугаад, маргааш болтол баяртай гэх шиг хоосон төмөр ТҮЦ-ээ том хар цоожоор янгинатал цоожлон бараа сураггүй алга болов. Өглөөд бараа ачиж ирээд орой нь үлдсэн бараагаа ачаад явчихдаг юм гэж би яахин мэдэх билээ. Өдөржин отож суусандаа гомдох ч шиг, харамсах ч шиг. Хоосон мухлагийн цоожийг очиж дэмий үзэв. Уул нь дотроо юмтай сан бол эвдэхэд тийм ч хэцүү биш байв. "За яахав, өнөөдөр биш гэхэд хэзээ нэг цагт энэ мухлагт орж л таараа. Тэр үед ёстой юу ч үгүй болтол хуурайлна даа. Үнэтэй гоё тамхинуудыг нь хямдхан зараад мөнгө болгож ээждээ эм авч өгнө. Бас байрныхаа хөлсийг төлнө" гэж ядарсан сэтгэлээ сэргээхийг хичээн урам муутайхан гэрийн зүг гэлдрэв. Өдөржин хоосон байсан болохоор өлсөж байгаа ч жигтэйхэн, түй гэх шүлсгүй болтлоо ам хатсан байв. Хоёр хөл минь сульдаад урагш гишгэх гэхээс дургүй хүрнэ. Гадаа харанхуй болсон ч бүгчим хэвээр. Хэсэг яваад л сууж амармаар санагдана. Надад яарах юм юу байх билээ. Би гэлдэрсээр нэгэн навтгар шавар байшингийн хажуугаар өнгөрч явтал нээлттэй цонхоор, эрэгтэй хүний харааж загнах мөн залуухан эмэгтэйн аргадан гуйх хосолсон ер бишийн хачин яриа миний анхаарлыг татав. Энэ байшинд юу болж байгаа юм бол гэсэн шүү юм бодон сониуч саваагүй зандаа хөтлөгдөн нээлттэй цонхны доорх довжоон дээр амран суунгаа чагнав. "Та хөх л дөө, хөх. Би өнөөдөр үнэхээр амжсангүй" гэж аргадан гуйх нь тодхон сонсогдовч цаад хүн нь юу хэлж байгаа ер дуулдахгүй байлаа. "Хөх л дөө, хөх" гэсэн хачин үгний учрыг олсонгүй. Энэ үг надад нэг л хачин зэвүүн юм шиг, элэгсэг зөөлөн ч юм шиг...Би салхинд үл мэдэг тунарах цонхны ягаан хөшгийг ярж сэмхэн харав. Гэтэл миний нүдэнд юу харагдсан гэж санана. Хорь гаруйхан насны зүс царайны хувьд бол хэний ч сэтгэлийг гижигдэм туранхай цагаан хүүхэн орон дээрээ энгэрийнхээ товчийг тайлан хоёр хөхөө ил гаргахад, цээжин бие нь үрчлээтэн хуниралдсан, өдрийн мухлагт харсан салга өвгөнөөс ч нэн хөгшин лав ная гарсан болов уу гэмээр...Түүний хэлж байгаа үг нь зөвхөн энэ залуу хүүхнээс өөр хэнд ч үл ойлгогдом, бодвол бүх шүд нь унаж улаан буйл үлдсэнээс үг нь ялгарч сонсогдохгүй болсон биз. Тийм нэгэн урт сахалт өвгөн, нөгөө залуухан туранхай цагаан хүүхний нүцгэн өвдгийг үсгүй халзан толгойгоороо дэрлэн нялх хүүхэд шиг хүүхний өрөөсөн хөхийг улангасан хөхөж байгаа харагдав. "Энэ чинь юу гээч болж байна аа! Би ийм юм ертөнцөд байдаг гэж ер бодоогүй байсан болохоор гайхахын ихээр гайхаж золтой л уулга алдан хашгирчихсангүй. Халуун наранд өдөржин толгой мансуурч, нүд бүрэлзсэнээс би хий хоосон юм үзэв бололтой гэж эргэлзэн бодоод нүднийхээ чилээг гаргахаар довжоон дээр эргэж суув. Тэгээд түүрүүний харсан ер бусын үзэгдлээ үнэн эсэхийг шалгахаар босож өлмий дээрээ өндийж зогсоод сайтар харваастүрүүчийн миний үзсэн зүйл хий юм биш байлаа. Харин ч залуу бүсгүй, халзан хоёроос гадна орон дээр нь өлгийтэй нялх хүүхэд үнэгчлэн унтаж байгаа харагдав. Энэ чухам юу гэгч болж байгааг би үнэндээ ухааран ойлгосонгүй. Бодвол тэр халзан толгойт зөнөг өвгөн хэмжээгүй баян чинээлэг нэгэн биз. Тэгээд хөрөнгө мөнгөөрөө түрээ барин хөөрхий энэ хүүхнээр тоглоом наадам болгон бас ч хөгшин бие тамиржуулах гэж залуу охидын хөх үлгэж хэвтээ биз хэмээн бодох тусам зөнөг өвгөнийг үзэн ядах, хөөрхий бүсгүйг өрөвдөн хайрлах сэтгэл миний цээжнээ үерийн ус шиг оволзон шаагьж эхлэв. Хэдэн хурам өнгөрсний дараа цонхны цаана нөгөө өвгөн ямар нэгэн юм гүвтнэн үгэлж дараа нь бүгшин ханиалгах дуулдав. Бодвол залуу бүсгүйн хөхний халуун сүүнд хахаж цацсан ч байж мэднэ. Би тэдний яриаг чагнан довжооны бүлээн чулуун дээр суусаар байв. Өвгөний уур хилэн нэгэн үеэ бодвол нэлээд намжсан бололтой, тасалгаан дундуур нааш цааш холхин, байн байн бүгшин ханиалгах сонсдоно. Гэтэл нөгөө залуу бүсгүй "Та одоо хэвтэж амар. Таны ор дэрийг засчихсан. Одоо яаж байна? Гол харлах тань бага зэрэг намдав уу? Би маргааш танд сүү авчирч өгнө. Эртхэн шиг сүүнд явна. Өнөөдөр сүү олдсонгүй л дээ" гэж мөн л аргадах өнгөөр өгүүлэх нь надад бүүр тод сонсогдов. Өвгөн нээлттэй цонхны дэргэд ирэнгээ: "Охин минь, гол харлах овоо намдлаа. Би ч сүүгүйгээр ганц ч хонож чадахгүй болсон амьтан юмаа. Муу охиноо ч мөн зовоож гүйцэхнээ" гэж хэлээд нээлттэй цонхоо хаав. Би босож гэрийн зүг гэлдрэв. Хүний үр гэдэг ийм л байдаг юм байна. Өсгөж өндийлгөсөн эцэг эх, өвөө эмээгээ ингэж хайрлан халамжилдаг юм байна. Тэгэхэд миний явж байгаа царайг, үхлүүт өвчтэй эхдээ хоолойг нь дэвтээх цай ч үгүй, ходоодыг дүүргэх хоол ч үгүй орхичихоод, хулгай хийнэ гэж хар өглөөгүүр гараад хатсан талхны булан ч олоогүй гуринхатсан нохой шиг хов хоосон харьж явна гэдэг үнэхээр ичгүүртэй санагдав. Би өглөө гудамжинд суугаад гуйлга гуйдаг л байж. Тэгсэн бол ядахдаа ганц талхны мөнгө олох ч байсан юм билүү, хэн мэдлээ. Гэтэл яагаад ч юм бэ. Өвөөдөө хөхөө хөхүүлж байсан туранхай цагаан хүүхний дүр нүдэнд харагдаад болдоггүй.

Бодвол тэр хүүхэн , нялх балчир байхдаа өвөөгийнхөө өвөр дээр дэгэн дэрвэж өссөн, өвөөгий нь хамгийн хайртай охин байсан бизээ. Би ч ялгаагүй, үхлүүт өвчтэй байгаа эхийнхээ уураг цагаан сүүг хөхөж ээждээ эрхлэн наадаж өдий зэрэгтэй болоогүй гэж үү? гэж бодохоос нэг л хачин муу ёрын совин татаад явчихав. Арай намайг ингээд очиход ээж минь үхчихсэн байх юм биш байгаа. Тэгэхдээ бүүр өлсөж харангасаад....гэж бодонгуут хүч тэнхээ ч нэмэгдэх шиг болоод явчихав. Би яаран алхасаар нэг мэдэхнээ гэрийнхээ хаалгыг хэдийнэ татсан байлаа. Дүү охин минь хаалгаа нээнгээ:

-Ах аа! Та бүтэн өдөржингөө хаашаа алга болчихов оо? Тэгээд ийм орой болтол хаана байв аа? гэж асуух нь миний бодож явсныг улам ч лавшруулах шиг болоход би яаран сандран:

-Ээжийн бие яаж байна? гэж өөрийн эрхгүй асууж орхив.

-Ээж гайгүй гэхэд нь сая нэг санаа амрах шиг болов.

-Ах аа! Өнөөдөр Дандий өвөө намайг дуудаж сүү тараг ааруул өгсөн гээд баяр хөөртэй шулганаж гарав.

-Дандий өвөө гэдэг чинь хэнсэн билээ?

-Яагаав дээр үед аавтай хамт барилгад ажиллаж байсан. Би ээжид сүүтэй цай чанаж өгөөд, ээж бие нь амраад одоо унтаж байгаа гэв.

-Миний дүү овоо л доо. Ээж тараг ааруул идсэн үү?

-Идсэн бүр цадталаа идсэн. Танд ч бас тавьсан. Хоёулаа гал тогооны өрөөнд орьё гэв. Би дүүгийнхээ чанасан сүүтэй цайнаас ууж ааруул тараг идэн алжаал түр тайлав.

-Ах аа! Та нөгөө найзтайгаа уулзаж чадсангүй юу? -Уулзсан. Ачаа бараа нь хараахан ирээгүй байна. Надаар бараагаа заруулна гэсэн миний дүү ч бас туслана шүү. Тэгээд хоёулаа мөнгөтэй болно гэхэд -Ээ! Ямар гоё вэ! гэж дүү охин минь бүүр үнэмшиж баярлан хөөрөв. -Ах нь маргааш бас явна. Миний дүү ээжийгээ сайн асарч байгаарай гэсэнд

-Та өнөөдрийнх шиг битгий оройтож ирээрэй. Ээж бид хоёр санаа зовоод байх юм гэв.

Маргааш өглөө нь би тийм ч эрт явсангүй. Бараг үд өнгөрч байхад гэрээсээ гарлаа. Хүмүүст сэжиг авахуулахгүйн тулд талийгаач эцгийнхээ надад яльгүй томддог саарал костюмыг өмсөж, цав цагаан цамцан дээр зангиа зүүж, хуучин муу шаахайгаа гялалзтал тосолж өмсөв. Ингэж би дээд чинээгээрээ гоёж гангалав. Бас орчин үеийн залуучуудын үүрэх дуртай том эрээн үүргэвчийг айлынхаа залуугаас түр хэрэглэхээр гуйж авав. Тэгээд хоосон үүргэвчиндээ мухлагийн цоож хөшин эвдэх урт богино хоёр лоом хийв. Намайг гэрээс гарах гэж байтал

-Өнөөдөр та яасан их гоёов? Нөгөө найзын чинь бараа ирэх юм уу гэж дүү охин минь шалгаав.

-Тийм ээ, тийм. Наймаа хийх хүн чинь гоё хувцастай явахгүй бол болдоггүй юм гэж хэлээд би гэрээсээ яаран гарлаа. "Өнөө орой яасан ч хоосон ирэхгүй ямар ч болсон нэг мухлаг ухна" гэж амандаа давтан үглэв. Тэгээд өчигдрийнхөө очсоноос ялимгүй холдож хэдэн гудамжны цаана байгаа мухлагуудад хүрэв. Тэнд мөн л хөл хөдөлгөөн ихтэй. Барагцаалбал тэр гудамжинд арваад мухлаг байв. Би сурсан зангаараа нэг мухлагаас нөгөөд очин барааны үнэ сонирхож лангууны нь баян ядууг сэм ажигласаар явав. Тэндхийн мухлагууд цөм л ойролцоо бараатай ажээ. Харин аль мухлаг нь бараагаа үлдээгээд явдгийг мэдэхэд үнэхээр эрт байлаа. Би нэгэн байшингийн довжоон дээр суун дээрх мухлагуудыг хараа салгалгүй отон хүлээв. Ажил тарах цаг болсон бололтой. Гудамжинд хүмүүсийн хөл үймээн мэдэгдэхүйц ихэслээ. Гудамжны эхэнд байгаа модон ТҮЦ-ний цонхон дээр нэг хүүхэн ирж худалдагчтай нь маасаганан хөхрөлдөж зогссоноо яаран дотогш ороход нь би сүүдэр бараадсан хүний дүр үзүүлэн мухлагийн хананы дэргэд очиж суугаад тэдний яриаг чагнав. Нөгөө хүүхэн:

-Чи одоо мухлагаа хаа л даа. Би долоон цагийн киноны билет авчихсан. Зургаа өнгөрч байна. Аягүй бол хоцорно шүү гэж хэлэхийг сонсоод би тэндээс яаран холдов. Удсан ч үгүй худалдагч залуу, цонхны хаалтыг хийж бэхлээд мухлагаа яаран цоожилж горзгор бор хүүхэнтэй сугадалцан инээж хөхрөлдсөөр яваад өгөв. Би тэр хоёрын хойноос дагаж хэсэг харлаа. Тэд киноноос хоцорно гэж яарч байгаа бололтой. Нэгэн автобусанд суугаад бараа сураггүй алга болов. Би эргэж ирээд харанхуй болж амьтны хөл татархаар л энэ мухлагийг ухна даа гэж бодож суутал яагаад ч юм бэ "Харанхуй болохыг хүлээх юу байна. Харин ч амьтан хүний хөл татраагүй байх нь дээр юм биш үү? Хэн ч ажиг сэжиг авахгүй. Мухлагийн эзэн л гэж бодно шүү дээ" гэсэн сонин санаа төрмөгц яаран босож очоод хаалганы цоожийг үзэв. Барагтай бол онгойхооргүй олон давхар өргөстэй монгол цоожоор цоожилсон ажээ. Харин мухлагийн яс модонд суулгасан цүү төмрийг суга татвал хялбар мэт бодогдов. Тэгээд үүргэвчнээсээ хөшүүрэг төмрөө гарган хаалганы яс модонд зоосон цүүг хөшүүрэгдэн гөжвөл яах ийхийн зуургүй сугаран гарч ирлээ. Одоо би хулгайч шиг биш жинхэнэ эзэн хүн шиг ажиллаж эхлэв. Хүнд сэжиг авхуулахгүйн тулд сугарсан цүү цоож хоёрыг даавуугаар боож орхив. Тэгээд мухлаг байгаа үнэтэй тамхи гадаадын янз бүрийн бохь, нарийн боов зэрэг аль олигтойг нь сорчлон том эрээн үүргэвчиндээ багтаж ядтал чихэж гарлаа. Өргөж үзвэл сүр овор нь их болохоос биш тийм ч хүнд зүйл биш байлаа. Тэгээд мухлагаа хааж байгаа эзэн хүн шиг аажуу тайван гарч цүүг ормоор нь сайтар шургуулчихаад үүргэвчээ үүрэн алхлав. Намайг хэн ч сэжиг авсангүй. Би хоёр гудамж өнгөрөн өчигдрийн мухлагууд байдаг гудамжны эхэнд ирж хэсэг амрав. Хэрэг явдал амжилттай болсонд дотроо хязгааргүй баяртай байлаа. Үдшийн цэнгэг агаарт толгой сэргээд юм бүхэн надад зориулагдсан мэт азтай сайхан санагдав. Энэ гудамжны мухлагууд ихэнх нь хаасан ажээ. Харин нөгөө тарган шар авгайн мухлаг л нээлттэй байгаа харагдав. Би тэр мухлаг руу очлоо. Авгай юм хумаа янзлан цаасан хайрцагт хийж унаагаа ирэхийг хүлээж байгаа бололтой.

-Эгчээ! Та хямдхан тамхи, бохь, печень авахгүй биз? Цөм гадаадын дээд зэргийн бараа шүү гэсэнд худалдагч авгай цонхоороо шагайн миний толгойноос хөл хүртэл ширтэн, бас үүргэвч рүү минь хяламхийн харснаа,

-Ямар тамхи байгаа юм гэж тоомжиргүй асуув.

-Камел, кент, ротманс бас өөр ч тамхи бий.

-Яаж өгөх юм бэ?

-Ярилцаж байгаад л болно доо. Би үнэрхэхгүй хямдхан өгнө. Нөгөөдөр Сингапур явах гээд билет юмаа авчихсан. Ямар сайндаа ингэж сандарч явах вэ. Таны зарж байгаагаас тавин хувиар хямд өгчихнө гэсэнд хямдхан барааны үнэ дуулсан авгайн нүд сэргээд ирэв.

-Алив чи ороод ир гээд хаалганыхаа доторх түгжээг мултлан намайг оруулав. Тэгээд үүргэвчинд байгаа барааг цөмийг гарган зарим тамхины боодлыг хүртэл задлан нарийвчлан шалгаж үзсэнээ халааснаасаа тооны машин гаргаж тооцоо бодон авах бараагаа ялган тавих зуураа -За дөчин мянгаар бол бөөндөөд цөмийг нь авъя гэж авгайг хэлэхэд

-Өө юу гэсэн үг вэ. Тавин мянгаар бол бөөндөөд ав. Түүнээс нааш ярихгүй шүү.

-За яахав.Чи Сингапураас ирэнгээ эгчтэйгээ заавал уулзаарай гэснээ лангуун доороосоо том хар цүнх гарган -Эгчид нь одоо дөчин мянган төгрөг л байгаа байх. Арван мянгыг нь өглөө мухлаг онгойхоор ирээд авчихаж болно биз дээ? гэхэд -Тэр ч уул нь бололгүй яахав. Харин би өнөө орой хэдэн найз нөхдөө гэртээ урьчихсан юм. Гэтэл мах шөл авч амжсангүй. Дэлгүүр хоршоо хаалгачихлаа. Та арван мянган төгрөгөнд тааруулаад энэ утсан хиам, гахайн махнаасаа өгчихөж болно биз дээ гэвэл -Бололгүй яахав. Хэд хичнээн хилийг авах вэ? гэж уриалгахнаар хэлэв.

-Танд бас ганц нэг шил юм байхгүй биз? найз нараа зочлоход:

-Хүн хадгалуулаад ирж авна гэсэн хоёр шил юм байгаа байх.

-Та түүнийгээ тооцоонд оруулаад бодчихоорой гэв. Нөгөө тарган шар авгайд баймааргүй хөнгөн хөдөлгөөнөөр миний авах зүйлсийг яг таг тааруулав.

-Ашгүй бүх юм нэг газраас бүтчихлээ. Орой болчихлоо. Би ч явья даа гээд үүргэвчээ авч үүртэл худалдагч авгай бугуйн цагаа харсанаа

-Пөөх, арав өнгөрч байна. Намайг авахаар машин ирэх ёстой юм. Оройн долоон цагаас хэтрэхгүй гэсэнсэн. Өдий болтол ирэхгүй байгааг бодоход хүн зөөгөөд Дархан руу ч юмуу, нэг тийшээ явчихсан бололтой. Эсвэл тэрэг нь эвдэрчихээ юм болов уу! Ер нь автобус зогсчихоос өмнө би ч гэсэн хөдлөе гэв.

-Би ирээд тантай уулзанаа. За баяртай гээд намайг мухлагаас гартал худалдагч авгай:

-Хүүе, хүү минь хүлээж бай. Ханиндаа буудал дөхье. Надад бас барьж явах хоёр тортой юм байгаа. Түүнийг хүү минь дөхүүлэлцээд аль. Би мухлагаа хаагаад орхиё гэж бүүр хань татан гуйв. Би тэр авгайн мухлагныхаа цонхыг бэхэлж, хаалгаа цоожилж байгаа бүхнийг ажиглан зогсохдоо "Өнөө шөнө л амжуулах хэрэгтэй. Ийм боломж дахиад тийм ч их олдохгүй шүү" гэж дотроо бодов. Авгай бид хоёр автобусны буудал руу яаран алхаллаа. Би нөгөө авгайг буудал хүргэж өгөөд:

-Та одоо ингээд явчихна биз, би өөр чиглэлийн автобусанд сууна. Баяртай гэж хэлээд яаран эргэв. Тэгээд нөгөө мухлаг руу буцаж ирлээ. Хүмүүсийн хөл хэдийнэ татарч шөнийн арван нэгэн цаг болж байв. Цоожийг дахин үзвэл эвдэхэд тийм ч хэцүү эд биш, нэг муу орос цоож ажээ. Энэ авгай орой болгон бараагаа авч явдаг болохоор хоосон мухлагаа тийм бат бэх цоожоор цоожилдоггүй нь илт байв. Би цоожийг эвдэхээр хөшүүрэг төмрөө гаргатал, гэнэт нэгэн бодол толгойд зурсхийн оров. "Чи одоо үүнийг эвдэж болохгүй. Саяны авгай гэртээ харингаа бараагаа авахаар машинтай хүрээд ирвэл яана" гэж хэн нэг хүн хэлэх шиг болов. Нээрээ би болгоомжгүй юм хийх гэж байна. Тэр авгай эргээд ирэхийг хэн байг гэхэв. Ер нь шөнө дунд өнгөртөл харья. Тэр болтол ирэхгүй бол өглөө л ирж таараа. Би одоо харьж идэж уух юмаа ээж дүү хоёртоо өгчихөөд шөнө дундаас хойш ирье гэж бодов. Гэтэл авгай буцаж ирээд бараагаа аваад явчихсан эсэхийг яаж мэдэхэв гэж бодтол гэнэт нэгэн сайхан санаа төрж зажилж явсан бохиороо мухлагийн хаалганд утсаар даруулан лац болгон тэмдэг наав. Ингээд гудамжны эхэнд гарч, насандаа сууж үзээгүй хамгийн ганган тэрэг хөлөглөн гэрийн зүг жинхэнэ баян хүн шиг давхин одов. Намайг гэртээ ирэхэд, дүү охин минь унтаагүй хүлээж суув. Би гал тогооны өрөөнд яаран ороод авчирсан юмнуудаа гаргаж эхэлтэл дүү охин минь:

-Ахаа таны найзын чинь бараа ирээ юу? гэж сонирхон асуув.

-Тэгсэн өдөржингөө наймаа хийгээд гэж худал хэлэнгээ

-Алив миний дүү тэр хиам, гахайн утсан махыг ав. Ах нь, ээж дүү хоёроо нэг сайн цадаг гэж бодоод баахан идэх юм авчихлаа. Тэр тамхи, бохь, боов чихрийг далд хийчих. Маргааш зарах юм гэснээ -Өө тийм, хамгийн чухал юмаа мартах нь.. .гээд тэвхийтэл боосон бөөн мөнгө гаргаж энд гучин мянган төгрөг байгаа. Хэд хоногоос ээжийгээ эмчид үзүүлж эм авна. Найзтайгаа уулзаж ярих чухал ажил байна. Бас маргааш зарах бараагаа авчирна. Миний дүү ээжтэйгээ үүнээс цадталаа идээрэй. Би шөнө оройтож ирэх байх. Ээж та хоёр намайг хүлээх хэрэггүй. Эртхэн унтаж амар. Ахад нь илүү нэг түлхүүр яваа юм чинь гэж хэлээд би үүргэвчээ аван бостол

-Та ийм орой болчихсон байхад яваад яах нь вэ? Шөнө дунд өнгөрч байна шүү дээ. Маргааш өглөө эрт яв л даа гэж дүү охин минь хориглон гуйв. -Арилжаа наймааны ажил гэдэг чинь өдөр шөнийг ялгалгүй явж байж л хэдэн төгрөг олдог ажил, хэвтээд байвал хэн бидэнд мөнгө өгөх вэ? гэж дүү охиноо аргадан тайвшруулаад үүргэвчээ авч яаран гарлаа. Тэгээд гудамжнаас машин хөлслөн давхисаар нөгөө мухлаг байдаг гудамжны эхэнд буув. Эргэн тойрон эл хуль. Ганц нэг зольбин нохой гудамж уруудан идэх юм шиншлэн шогшино. Би яаран явсаар нөгөө мухлагны үүдэн ирж лац ломбоо шалгав. Ер нь хөдөлсөн шинжгүй яг хэвээр ажээ. Авгай бараагаа авахаар буцаж ирээгүй нь тодорхой байлаа. Би цоожны сэнжинд нөгөө урт төмрөө эвтэйхэн шургуулж хүчлэн дартал цоож ч хэмхрэн унав. Гэтэл архан талд минь хүний хөлийн чимээ гарах шиг болоход нь эргэн харвал "Өө муу хулгайч чи ингэж..." гэж хэлэхийг хальт сонсон лавлан харвал тэр хүн гартаа барьсан хутгаараа над руу далайх агшинд би балмагдан айхдаа барьж байсан урт төмрөөрөө түүний толгой руу бүх тэнхээгээрээ буулгаж орхив. Нөгөө хүн дуугарах аядсанаа доош сууж, газарт гулдайн унав. Миний ухаан балартах шиг болж "Ийм амархан үхчихлээ гэж үү" хэмээн амандаа үглэн дээрээс нь тонгойн харвал нөгөө хүний завьжаар цус хөөс урсан хоолой нь хэржигнэн байхыг сонсов. Бас барьж байсан хутга хажууханд нь хэвтэхийг сарны саруулд тодхон харав. Би эргэж ч харалгүй ум хумгүй яаран зугтлаа. Хэсэг гүйснээ нэгэн байшингийн буланд нуугдан амьсгаа даран зогсов. "Би юу хийчих вэ? Тэр хүн хэн байв аа? Харуул манаа байв уу? Эсвэл...Хэрэв харуул манаа байсан бол яалаа гэж над руу хутга сунган дайрах билээ? Арай над шиг, тэр баян мухлагийг ухахаар отож байсан хулгайч дээрэмчин байсан юм биш биз. Хэрэв түрүүлж цохиогүй бол би өдийд тэр хүний оронд үхлүүт хэвтэж байх байсан биз гэж бодохоос өрсөж цохисондоо ер гэмшсэнгүй. Гэвч би цааш явчихаж нэг л зүрх хүрсэнгүй. Эргэн очиж үзмээр санагдаад байв. Тэгээд ямар боловч сэргийлэх эсвэл эмнэлэг дуудах нь зөв гэж шийдэв. Ойр орчим утастай газар алга...Харин гадаадын нэгэн элчингийн хамгаалалтын харуулд хандаж "Та намайг утсаар сэргийлэх рүү яаралтай яриулж өгөөч. Би гудамжинд үхсэн хүн хэвтэж байхтай таарлаа" гээд сэргийлэхийн жижүүрийн утсанд залгаж мухлагийн дэргэд үхсэн хүн хэвтэж байхтай тааралдлаа" гэсэнд "Үхсэнийг нь та яаж мэдээв? Согтуу хүн л унтаж байгаа биз" гэхэд нь би "Үгүй үгүй би тонгойж харсан хамар амнаас нь цус хөөс..." гэвэл "За мэдлээ. Бид одоохон очно. Чухам хаана гэнээ?" гэж заалгаж аваад "Харин та биднийг очиход хэрэг гарсан тэр газраа хүлээж байгаарай" гээд утсаа таслав. Би тийшээ очиж болохгүй. Өөрийгөө барьж өгнө гэсэн үг. Харин эндээс хурдхан зайлах хэрэгтэй" гэж бодтол "Чи эрт орой хэзээ боловч баригдана шүү дээ" гэж хажуунаас хэн нэгэн хэлэх шиг..."Тийм ээ, би хэзээ нэг цагт баригдана. Тэр үед хөөрхий муу өвчтэй эх минь, дүү охин минь. Би эцгийнхээ зургийн өмнө тавьсан тангаргаасаа няцлаа гэж үү! Тэглээ. Би хулгайч бас алуурчин" хэмээн бодож алмайран зогссоор байв.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top