Дурсахыг хүсэмгүй ч мартах аргагүй 7-р сарын нэгэн

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

мь үрэгдэгсдийг дурсч, Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр долдугаар сарын 1. Монголчууд хуанлийн энэ өдрийг энгийнээр бус аймшигт бослого, үймээний санаанд оромгүй дүр зургаар нь төсөөлөн хүлээж авдаг болоод гурван жил өнгөрчээ. 2008 оны долдугаар сарын 1-ний "хар өдөр"-ийг эргэн санахад, УИХ-ын сонгуулийн шийдвэрийг танилцуулмагц хэсэг бүлэг иргэд тухайн үеийн МАХН-ын төв байрны өмнө цугларан, эсэргүүцэл илэрхийлэн, тэр нь эцэстээ үймээн болж, таван эрдэнэт хүний амь нас эрсдэн, олон арваараа гэмтэж бэртсэн эмгэнэлт явдалд хүргэсэн. Үймээний явц хэт аюултай байдалд хүргэж мэдэхээр байсан учир арга буюу нийслэлд онц байдал зарлах шийдвэр гарч, бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэн, шатаасан гээд олон олноор нь баривчлан саатуулж байх тэр үеэр таван хүн амь насаа алдсан юм. Гэсэн ч өнөөг хүртэл үймээнийг зохион байгуулсан, турхирсан байтугай хүний амь хөнөөсөн буруутныг олж илрүүлж чадалгүй гурван жилийн "ойндоо" хүрлээ. Тэр "хар өдөр" амь насаа алдсан, гэмтэж бэртсэн иргэдийн ар гэр нийлж Хохирогчдын холбоо байгуулж байв. Шударга бус, хууль бус үйлдэл шийдвэрийг эсэргүүцсэнийхээ төлөө амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байхад одоог хүртэл үнэн мөн нь илрээгүйг байгааг шүүмжилж, нийгмийг байсхийгээд нэг "чимхэж" явсаар тэд өнөөдрийг хүргэсэн юм.  Харин өчигдөр тэд "хар" өдрийн "ой"-г угтаж хэвлэл мэдээлэл, ард иргэдэд дахин хандаж, буруутнуудыг олж, шийтгэх хүртлээ тэмцэх гэдгээ илэрхийллээ. Тэд энэ удаад "Эрх чөлөө шударга тогтолцоог бий болгох хүсэлдээ хөтлөгдсөн сэтгэлийн дуудлагаар жагссан ард иргэдийн жагсаал хутган үймүүлэгчдийн гайгаар үймээн самуун болсон. Эцэстээ ард түмэн л хохироод, үймээн самуун дэгдээсэн нэрийдлээр иргэд хоморголон яллагдаад, энэ хэргийн бурууг үүрээд өнгөрсөн. Одоо дарга нарынхаа тушаалыг гүйцэтгэсэн цагдаа нарыг хүн буудсан хэргээр яллах гэж байна. Тиймээс долдугаар сарын 1-ний хэргийн үнэн мөнийг олохыг төр засгаас хүсч, тэр хүртэл зогсолтгүй тэмцлээ үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдэж байв. Үр хүүхэд, хань ижлээ ямар нэгэн шалтгаангүйгээр алуулж, тэгээд алуурчныг нь мэдэж чадалгүй өнөөг хүртэл сэтгэлийн тамд хатаж яваа тэдний нэхэл хэдий хатуу ч буруутгах аргагүй. "Хар" өдрийн үймээний хохирогчдын тоонд алба үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн цагдаа нар зүй ёсоор ордог. Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, дарга, удирдлагынхаа тушаалыг биелүүлэн, үймээний үеэр тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байгаад хоёр хөлөө хугалуулж, нүдээ ухуулан, тархи толгойны хүнд гэмтэл авсан цагдаа цөөн бус. Идэр залуу 20 гаруйхан насандаа групп тогтоолгон, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, хэдхэн мянган төгрөгийн тэтгэмж аваад, бусдынхаа адил гүйх нь байтугай хурдан алхаж ч чадахгүй ярих тэднийг хохирогчид тооцохгүй байхын аргагүй. Ганцхан жишээ дурдахад, Эргүүл хамгаалалтын газар /хуучнаар/ Нийслэлийн хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн гуравдугаар тасгийн цагдаа, ахлагч Б.Бат-Эрдэнэ гэх залуу үймээний үеэр баруун гуяндаа хурц төмрөөр нэвт сүлбүүлсэн байдаг. Тэрбээр "нэг мэдэхэд жагсагчид намайг дундаа оруулан зодож байсан. Миний каск цоорч, хөл бадайраад явчихсан. Маш олон хүмүүс хэдэн талаас өшиглөж дэвсч байсан болохоор тухайн үед ухаан балартаж байсан. Хүчтэй өвдөлт хэсэг хугацааны дараа мэдрэгдэж, хүмүүс миний дээрээс балбаж, хашгирч байлаа. Тэр үед надад нэг л зүйл бодогдож байв. Би энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээн тэмцэж байхад тэд намайг зодож байх ч гэж гээд уур, гомдол хүрч байсан" гэж нулимс цийлэгнүүлэн ярьж байв. Тэнд ажиллаж байсан албан хаагчдын өөдөөс том том чулуугаар бороо оруулж байхад эхэндээ тэдэнд эмх замбараагүй байдлыг намжаах, өөрсдийгөө хамгаалах техник хэрэгсэл байгаагүй. Улаан гараараа шахуу намын байрыг хамгаалж байгаад цөөн тооны техник хэрэгсэл авсан ч жагсагчдын дунд орсон танхайчуудад зодуулж, каск, бамбай, гав, бороохой, станц, бичиг баримт, хувцсаа уруулж байв. Зөвхөн манай Эргүүл хамгаалалтын газраас 163 цагдаагийн албан хаагчид гэмтэж бэртсэн гээд бодохоор бусад хэлтэс газруудын маш олон хүн ямар нэг хэмжээгээр гэмтсэн нь ойлгомжтой. Ингэж ажлаа хийснийхээ төлөө хохирч үлдсэн тэднийг төлөөлж Цагдаагийн ар гэрийн холбоо гэдгийг байгуулж, тэргүүнээр Г.Алтангэрэл гэж хүн ажиллаж эхэлсэн юм. Үймээнээр гэмтэж бэртсэн цагдаа нарыг төрөөс 14 хоног эмнэлэгт хэвтүүлж, 500 мянган төгрөг өгөөд орхиход үнэлж баршгүй эрүүл мэнд, амьдрах баталгааг нь нэхэн явсан холбооныхон ч өнөөдөр дорвитой амжилт олоогүй явна. Хоёр хөлөө хугалуулсан дэд ахлагч, гэдсэндээ буудуулсан залуус ч группын мөнгө гэх сарын 40 мянган төгрөгнөөс илүүг авдаггүй. Дээр нь ажлаа хийж чадахгүй. 40 мянган төгрөгөөр хоёр нялх хүүхдээ эхнэртэйгээ тэжээж чадалгүй цөхөрч, хэдий хүртэл ингэж амьдрахаа мэдэхгүй гутран суугаа алба хаагчтай ч таарч байлаа. Ингээд бодоход дахин үймээн самуун гарахад цагдаа нар эрүүл мэнд, амь насаа бодох уу, алба үүргээ сонгох уу гэх том эргэлзээний өмнө зогсож байх ч юм шиг. Эргэн дурсахыг хүсэмгүй ч Монголын нийгэмд томоос том сургамж болон харлаж үлдсэн тэр өдрийг бас мартаж үл болно. Өнөөдөр Хохирогчдын холбооныхон үймээний үеэр амь үрэгдсэн талийгаачдаа дурсч, Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, Д.Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулах бол Иргэний Зориг-Ногоон нам мөн тайван жагсаал хийж эмгэнэл илэрхийлэх аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top