Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх боллоо. Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.
Харин энэ удаа манай Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж( 9 КО) , нэг ялагдсан амжилттай боксчин байна. Пасильяс өнгөрөгч нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа. 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан хоёр боксчин ийн тулалдахаар болжээ. Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно. Мэргэжлийн боксын хүрээнд ярьж буйгаар энэ өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель "Бага" болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа юм. Одоогийн байдлаар тулаан болох хот, ордны нэр хараахан тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: "Таван цагариг", Ц.Энхтүвшин
Сэтгэгдэл ( 1 )
Төгсцогтын тэр өрсөлдөгчөө хүлээж тоглодог арга нь мэргэжлийн бокст ялагдлаас өөр юманд хүргэхгүй юм байнлээ. Мэнни Пакья шиг 12 раунд ”ална” гэж дайрдаг тоглолттой хүн л юманд хүрнэ. Дугарбаатарын Лхагва яг л дайрсаар байгаад л дуусдаг тоглолттой байсан шүү