Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас юу хүлээх вэ?

2021 оны 12 сарын 17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар албан айлчлал хийж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өчигдөр Кремлийн ордонд биечлэн угтаж авчээ.

Айчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргалаа. Улс төр судлаачид болон гадаад харилцааны мэргэжилтнүүд хоёр улсын төрийн тэргүүн нар 100 жилийн тунхаглал гаргаж байгаа нь Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа, харилцааны түвшинг ахиулах түүхэн үйл явдал гэж харж, дүгнэж байгаа юм билээ. Улмаар хоёр орны төрийн тэргүүний ганцаарчилсан уулзалт хийв.

Тус уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Манай хоёр улсын эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж байна. Та маш шахуу айлчлалын хөтөлбөртэй ОХУ-д айлчилж байна. Таны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 20 хувиар буурсан. Гэхдээ энэ жилийн эхний гурван улирлын байдлаар, 25 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Цар тахлын өмнөх түвшинд хүрч, цаашлаад давж гарна гэдэгт итгэж байна. Тантай уулзсанд баяртай байна” гэжээ.

Түний хариуд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагаа нөхөрлөл бүс нутагт төдийгүй бусад улс оронд үлгэр жишээ болохуйц гэж монголын ард түмэн үздэг. Та бид хоёрын уулзалтын өмнө Засгийн газар хоорондын комиссын хурал болж, сайд нар хоорондоо уулзсан. Хоёр орны хооронд олонх жил яригдсан аж ахуйн шинжтэй асуудлууд шийдэгдсэн. Цаашдаа харилцаагаа улам сайхан хөгжүүлэх шинэ цаг ирж байгаа гэж ойлгож байгаа.

Таныг ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа харилцаа улам бүр сэргэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Та Монголд дөрвөн удаа айлчилсан. Монголын ард түмэн танд болон оросын ард түмэнд маш их сэтгэл дүүрэн байдаг. Бидэнд одоо тулгамдаж буй асуудал бол худалдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм. Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирэхдээ Транзит Монгол болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг хэрэгжүүлэхэд холбогдох ёстой гэж үзэж байгаа. Таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг бид бүхэн дэмжиж байгаа. Бид Ази-Европыг, нэн ялангуяа БНХАУ, ОХУ-ыг холбосон өргөн уудам оронд оршин тогтнодог.

БНХАУ-ОХУ-ыг холбосон хамгийн дөт зам бол Монгол Улс. Тийм учраас Монгол Улсыг транзит Монгол болгоё гэсэн зорилт тавьж, хоёр улсыг холбосон төмөр замыг зүүн талдаа алс дорнод өвөр байгалийг Хятадын зүүн хойд хэсэгтэй холбох, Баруун талаараа БНТува улс, Кизилээс орж ирж байгаа төмөр замыг Хятадтай баруун талаар холбох. Мөн төв коридорын төмөр замаа сайжруулах, хурдны авто зам тавих асуудал байна. Орос Хятадыг холбосон хийн хоолой Монголын газар нутгаар дамжих асуудал амжилттай явж байгаад баяртай байна. 2019 онд би Ерөнхий сайд байхдаа тантай энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Энэ асуудал одоо маш урагштай яваад талархаж байна.

Мөн эрчим хүчний коридорыг бий болгох  шаардлагатай гэж үзэж байна. 2016 оноос хойш ярилцсан БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг бүрэн эрхийн зургаан жилийн хугацаанд эрчимжүүлэх зорилготой байна. Мөн бусад ажлыг хэрэгжүүлэхэд тантай ойр дотно хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол, Орос хоёр орны хооронд дипломат хүрээнд цөөнгүй айлчлал болж, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинд өндөр хэмжээнд хүрсэн байдаг. Харин эдийн засгийн харилцааны хувьд чамлахаар үзүүлэлттэй. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын эхэнд Транзит Монгол, эдийн засгийн коридорын асуудал, байгалийн хийн хоолойг хөндсөн байх. Үүнээс гадна төмөр замын болоод эрчим хүчний асуудлууд, бизнесийн хамтын ажиллагаа ч хариултаа хүлээж байгаа юм. Энэ талаар тоймлон дурдаж байна.

ТӨМӨР ЗАМЫН ТУХАЙД

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцохдоо газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байгаа талаараа албан ёсоор илэрхийлсэн билээ. Тэрбээр Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай  хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байгаагаа илэрхийлж байв.

Гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тээврийн бүх төрлөөр, түүний дотор төмөр замын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх харилцан уялдаатай төлөвлөлтийн тухай тохиролцсон байдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов мөн тодотгож байсан. Түүнчлэн Ази-Европ болон ОХУ-БНХАУ  хоорондын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхийн тулд гурван улсын тээврийн дэд бүтцийн харилцан уялдааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ, Монгол Улсыг бид үргэлж дамжин өнгөрүүлэгч маш чухал улс гэж харсаар ирсэн хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлсэн байдаг.

Мөн тэрбээр Монгол Улсын төмөр замын сүлжээний өргөтгөлд тус дэм болоход хэзээд бэлэн, энэ бүх үйл явц, хамтын ажиллагааны тулгуур, зүтгүүр нь УБТЗ гэж хэлсэн нь хэвлэлийн хуудсанд үлджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2019 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр  манай улс ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдсан. 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.доллароор Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 километр төмөр зам, Овоот-Эрдэнэтийн 560 километр төмөр зам барих, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхэд зарцуулах талаар ярилцсан байдаг. Тодотгоход, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Төмөр замын ерөнхий захирал О.В.Белозёровтой төмөр замын асуудлаар яриа, хэлэлцээр хийх юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙД

Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. 2020 оны статистик харахад, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 312.1 сая кВт.цаг буюу 18.3 хувийг ОХУ-аас, 1,393.5 сая кВт.цаг буюу 81.7 хувийг БНХАУ-аас авчээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд 39.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг ОХУ-д экспортолсон нь өмнөх оноос 13.3 сая кВт.цаг буюу 33.5 хувиар өссөн үзүүлэлт байсан.

Тэгэхээр эрчим хүчний экспорт, импортын хэрэгцээ аль аль талдаа байгаа. Гэхдээ манай тухайд эрчим хүчний системийн найдвартай, баталгаатай байдал чухал юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгаа.

Эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй учир цаашид дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын зогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасралт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн эрчим хүчний салбараа бэхжүүлэх үүднээс ОХУ-аас тодорхой дэмжлэг авах, хамтран ажиллах шаардлагууд тулгарсаар байна” гэж байсан.

Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт+75МВт-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчтэй гэрээний хэлцэл хийх, техникийн тодорхойлолтыг нарийвчлан боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байлаа. Уг төсөл нь төвийн эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээ, систөмийн найдвартай ажиллагааг хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах ач холбогдолтой.

Мөн эрчим хүчний асуудлаар ОХУ-той ойлголцох, хамтран ажиллах хэрэгтэй бусад төслүүд гэхээр сэргээгдэх эрчим хүч буюу УЦС-ын төсөл юм. Тодруулбал,  Эгийн голын усан цахилгаан станцын талаар олон жил яригдаж байгаа ч, бодитой хэрэгжилт байдаггүй. Эдийн засагчид, судлаачдын санал санаачилгыг харахад, Багануур, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордууддаа түшиглэн,  эрчим хүчний хамтарсан шинэ эх үүсвэр, станцууд барих тал дээр ОХУ-тай хамтран ажиллах боломжууд бий гэдэг.

САНХҮҮ, БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙД

Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан багтсан. Тэгвэл айлчлалын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзалт хийжээ. Уулзалтаар Сангийн сайд нар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, санал солилцсон байна.

Мөн Ерөнхийлөгчийн ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар багтаж байгаа. Тэд өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуровтай уулзах уулзалтад оролцжээ.

Түүнчлэн “Росконгресс” сангийн захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Александр Стуглевтэй уулзаж, МҮХАҮТ-ОХУ-ын Росконгресс сантай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж. Гэрээний хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт-импорт, аялал жуулчлал, соёлын чиглэлүүдэд хамтран ажиллах юм байна. Үүнээс гадна талууд олон улсын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, Монгол-Оросын бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны шинэ түншлэл эрэлхийлэх асуудалд анхаарал хандуулан ажиллахаар тохиролцсон гэнэ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид Росконгресс сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь ОХУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна гээд хоёр орны бизнесүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн, гэрээний хэрэгжилтийг бодитоор хангах зорилт тавин энэхүү гэрээг байгуулж байна” гэжээ. Тэгвэл “Росконгресс” сангийн захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Александр Стуглев "Орос Монголын бизнесүүдийн харилцааг идэвхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно” гэсэн байна.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(124.158.67.207) 2021 оны 12 сарын 17

пид пид хийсэн энэ нөхрийг яаяй даа байз?!? гэсэн харцаар Путин агаа хараад байна уу даа ккк

0  |  1
Зочин(202.126.93.204) 2021 оны 12 сарын 17

Ямар их алдаатай мэдээ вэ, Ж.Сайхаан? ... Ерөнхийлөгч Ү.Хүрэлсүх хэлсэн үгэндээ ”Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагаа ...” гэжээ. Манай хоёр орны харилцаа. хамтын ажиллагаа гэж бичдэг. Кизил биш Кизыль, алс дорнод өвөр байгалийн гэдгийг томоор бичих, за за орхие, сэтгүүлчийн алдааг засах гэж. Дунд сургуулийн хүүхдүүд зөв бичгийн дүрмийн алдааг сурчих вий. Ерөнхийлөгчийн маань айлчлал үр дүнтэй байгаа нь

1  |  0
Top