Монгол Улсын Гавьяат тамирчин, хүндийн өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг өчигдөр (2021.12.19) эх орондоо ирлээ. Тэрбээр Узбекстан улсын Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн ДАШТ-д 87 кг-ын жинд огцмоор 109 кг, түлхэлттэйгээр 141 кг, нийлбэрээр 250 кг-ыг амжилттай өргөж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны Дэлхийн аварга тамирчин болж байгаагаараа онцлогтой. Гавьяат тамирчныг эх орондоо ирэхэд нь тосон авч сэтгэгдлийг нь сонсож, ярилцсан юм.
-Юуны өмнө танд Дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Монголын хүндийг өргөлтийн 65 жилийн түүхэнд насанд хүрэгчдийн анхны дэлхийн аварга та боллоо шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. 14 жил спортоор хичээллэсний минь нэг том зорилго биеллээ. Зорьсон зорилгоосоо няцаагүй, буцаагүйн төлөөх шагнал, урсгасан хөлс нулимсны минь үнэ цэн гэж бодож байна. Энэ амжилтад хүрэхэд дэргэд минь хүч өгч, урам бэлэглэж, итгэл төрүүлж байсан хайртай дотнын бүхий л хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Алтан медаль авах агшинд “Би чадлаа” гэсэн бодол орж ирсэн.
-Төрийн дууллаа дэлхийн тавцанд эгшиглүүлж, Дэлхийн аварга хэмээх нэр хүндийг хүртсэн баярт мөчдөө хүндийн өргөлтийн спортыг үзэж, дэмждэг нийт монголчууддаа юу гэж хэлэх вэ?
-Намайг ойлгож, хайрладаг бүх хүнд баярлалаа. Энэ биеийг минь төрүүлж, өдий зэрэгтэй өсгөн, хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлалаа. Энэ амжилтын минь хамгийн гол тулгуур болсон Ц.Хосбаяр багшдаа, Хүндийн өргөлтийн холбооны хамт олондоо, ханьдаа маш их баярлалаа. Үзэгч байхгүй бол спорт байхгүй. Тиймээс биднийг үзэж, дэмжиж, хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа. Илүү олон амжилтыг гаргаж, та бүхнийгээ дахин дахин баярлуулах болно.
-Тэмцээний өмнө өрсөлдөгчдөө хэр судалсан бэ. Сэтгэл зүйн бэлтгэл хэр сайн байсан бэ?
-Маш сайн судалсан. Хоёр жил олон улсын тэмцээнд оролцоогүй учраас ганц хоёр шинэ тамирчин байсан. Токиогийн олимпын дараа өндөр формоо алдалгүй, амралтгүй бэлтгэл хийсэн. Тав дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдлөө. Шагналын тавцанд хамт гарсан Норвеги, Узбекстаны тамирчидтай Азийн аваргад өрсөлдөж байсан болохоор сайн мэддэг байсан. Тэдний бэлтгэлийг цахимаар судалж байсан. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан ч тухайн мөчид өөрчлөгддөг л дөө. Үүнийг багш, дасгалжуулагч сайн мэдэрч, залж чиглүүлдэг. Саяын тэмцээн дээр яг ийм зүйл боллоо.
-Та тэмцээний өмнө ОХУ-ын Дарья Ахмероваг гол өрсөлдөгч гэж нэрлэж байсан ч тэр медаль авсангүй. Харин Узбекистаны Турсуной Жабборова, Норвегийн Сольфрид Коанда хоёр гол өрсөлдөгч байлаа. Таны хувьд хэн нь аюултай өрсөлдөгч байв?
-ОХУ-ын Дарья Ахмерова өмнө нь тэмцээнд хамт ороогүй, бас надтай адилхан захиалгатай байсан учраас эмээж байсан. Туршлага багатай тамирчин байсан юм билээ. Тиймээс надад Норвегийн тамирчин илүү хүчтэй өрсөлдөгч болсон.
-Та эхний захиалгынхаа 109 кг-ын огцом өргөлт дээрээ алдсан. Тэр үедээ юу бодогдсон бэ?
-Хэтэрхий том давуулж бодоод, сэтгэл зүйн алдаа гаргасан байна лээ. Арай няхуур бодох ёстой байсан.
-Та өөрийгөө ирлэж, зоригжуулахын тулд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Хүүхдээ бодохоор хүч орох болов уу гэж бодож үзсэн. Гэтэл харин ч сэтгэл нялхраад ирдэг юм билээ. Тухай тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөс л болдог. Бэлтгэлтэй үедээ өөр юм бодно. Тэмцээнтэй үедээ бол төвлөрдөг учраас юу ч бодохгүй байх нь чухал.
-Та туйвангаа өргөхөөс өмнө өөрийгөө зоригжуулж, чангаар хашхирч байгаа харагдсан. Тэр нь ямар нэг уриа үг юм уу, эсвэл?
-Ямар нэг үг биш ээ. Зүгээр л хашхирч байгаа нь үг хэлж байгаа юм шиг сонсогдож байгаа юм. Айдсаа үргээх, өөрийгөө зоригжуулах нэг арга л даа.
-Хятадын баг Дэлхийн аваргад оролцсонгүй, гол өрсөлдөгч тань ирсэнгүй. Энэ тухай дуулаад тэмцээний өмнө ямар сэтгэгдэл төрж байв?
-Хятадын тамирчин ирээгүй нь нэг том боломж байсан. Гэхдээ ирсэн ч, ирээгүй ч өрсөлдөх л байсан. Ирээгүйд нь баярлах бол утгагүй, ирсэн ч адилхан л хүчээ үзэх байсан шүү дээ. Миний хувьд гэхдээ нэг талаар боломж гэж харсан.
-Хятад тамирчид хүндийг өргөлтийн төрөлд тэргүүлж байна. Тэдний бэлтгэл сургуулилтын давуу тал юундаа байдаг юм бол?
-Хятадад хүндийг өргөлтийн гурван сая гаруй тамирчин байна гэсэн статистик тоон мэдээлэл байдаг. Хятад улс нэгдүгээрт, тамирчдадаа маш их хөрөнгө санхүүг хаяж, бэлтгэл хийх техник хэрэгсэл, орчин нөхцөлөөр хангаж байгаа. Хоёрдугаарт, бүр хар багаас нь бэлтгээд төгс боловсруулж гаргадаг. Тэр хүнийг зөвхөн бэлтгэл хийх, тэмцээнд оролцуулахад нь л санаа тавьдаг. Өөр бусад амьдрал ахуйдаа санаа зовох шаардлага байхгүй. Монголд 100 тамирчин хичээллээд нэг л тамирчин гарч ирэх боломжтой бол Хятадад зургаан сая хүн хичээллэж байж нэг хүн тодорч гарна. Үүгээрээ маш том ялгаатай учраас асар том өрсөлдөөн бий.
-Хүндийг өргөлтөд өргөх жингээ захиалах нь тактик байдаг байх. Саяын тэмцээнд та ер нь хэдэн кг өргөвөл түрүүлнэ гэж бодож байв?
-Багш миний туйван өргөх жин, захиалга бүх юмыг хариуцдаг. Би бол өргөх л үүрэгтэй. Багш маань ОХУ-ын захиалгаас илүүг захиалсан нь маш зөв алхам байсан.
-Та түлхэлттэй өргөлт дээрээ 141 кг өргөсөн. Өмнө нь бэлтгэл дээрээ хамгийн ихдээ хэдэн кг-ыг өргөж байсан бэ?
-Би бэлтгэл дээрээ хамгийн их нь 150 кг өргөж байсан. Тиймээс 141 кг дээр итгэл дүүрэн байсан.
-Дэлхийн аваргын медалийн тавцан дээр Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг том гавьяа. Тэр агшинд юу бодогдож байв?
-Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсож байхад Монгол хүн болж төрсний маш их урам, бахдал, омогшил төрдөг. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж бол энэ мөч байдаг, миний хувьд.
-Удахгүй энэ сарын 25-нд та 24 нас хүрнэ. 10 настайгаасаа энэ спортоор хичээллэсэн гэхээр амьдралынхаа 14 жилийг хүндийн өргөлтөд зориулсан байх нь...
-Спорт бол залуу насны эрч хүч, сүр жавхаа, хүч чадлын бэлгэ тэмдэг. Энэ насандаа гаргах ёстой амжилтаа гаргаж, хийх ёстой юмаа хийх шиг сайхан юм үгүй. Хүний амьдрал мөнх биш. Эргээд бодоход түүх бүтээжээ гэж харах л хамгийн сайхан байх болов уу. Мөн бидний араас энэ төрлийн спортоор хичээллэж байгаа олон тамирчдын түүчээ болно гэдэг бахдалтай үйл хэрэг.
-Та эргээд бодоход 14 жилийн хугацаанд юуг хамгийн их золиослосон гэж боддог вэ?
-Бүх юмаа л золиослоно. Хүүхэд байх эрх, эмэгтэй хүн байх эрх, ээж байх эрх, хүний хань байх эрхээ ч золиосолдог доо. Жирийн хүмүүсийн амьдралаар амьдраагүй ч юм шиг бүх л цаг хугацаагаа төмөр өргөж, бэлтгэл хийж өнгөрүүлдэг байлаа. Хүүхэд, гэр бүлдээ цаг зав зарцуулахаар бэлтгэл муудаж, амжилт хойш татагддаг. Бидэнд жаахан л зав гарвал биеэ амраах нь маш хэрэгтэй байдаг. Энэ үед ар гэр маань, аав ээж маань маш сайн тусалж, дэмждэг дээ.
-2024 оны Парисын олимп таны гол зорилго гэдэг нь мэдээж. Сая түрүүлээд одоо олимпын медаль л үлдлээ гэж бодогдсон уу?
-Мэдээж Парисын олимп том зорилго байна. Түүнээс өмнө 2022, 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, хоёр том даваа бий.
-Токиогийн олимпод шагналт IV байр эзэлсэн. Тэр үед юу дутсан гэж боддог бэ?
-Сэтгэл зүй дээрээ л алдсан. Эхний оролтоо чадаагүй. Тэмцээнд ороогүй удчихсан байсан. Ойр ойрхон тэмцээнд орсон бол өөр байх байсан болов уу.
-Та Монголын хүндийг өргөлтийн Залуучуудын анхны дэлхийн аварга, Оюутны анхны дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн анхны дэлхийн аваргын медальтан, бас анхны дэлхийн аварга хүн. Өөрийнхөө нэр шигээ анхдагч байх ямар байдаг бол?
-Маш том хувь ерөөл юм. Би их азтай хүн байна гэж бодогдож байна. Бүх юмны анхдагч болно гэдэг ховорхон тохиол шүү дээ. Энэ амжилтаа алдахгүй улам батжуулж явах болно.
-Таныг Дэлхийн аваргын тэмцээнээс анхны медаль авсан өдрийг Монголын хүндийг өргөлтийн тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг. Түүхэнд тэмдэглүүштэй өдрийг бүтээлцэнэ гэдэг өөрөө их сайхан юм, тийм ээ.
-Түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон. Миний өмнө үе үеийн олон тамирчид хүндийн өргөлтийн спортоор хичээллэж байсан. Энэ спортын төрлөөр бүх амьдралаа зориулсан ахмад үеийнхэн минь баяраа тэмдэглэх өдөргүй байсан. Тэднийгээ баярлах өдөртэй болох жимийг гаргаж өгсөндөө бахархдаг. Ахмадууд маань ч тэгж хэлж, талархаж байсан шүү.
-Хүндийн өргөлтийн тамирчин бусад спортын тамирчнаас ялгагдах онцлог нь юу байдаг вэ. Бие бялдар, сэтгэл зүйгээр юу нь өөр байдаг вэ?
-Өөр шүү. Хүндийн өргөлтийн спорт бол өөрөө өөрийгөө л ялдаг спорт. Өөрөөс нь өөр өрсөлдөгч үгүй. Өөрийгөө л ялж, давж, сорьж байдаг даа. Айдсаа давна. Өөрийгөө хөгжүүлнэ. Зөвхөн өөртэйгөө л ажиллана. Бусад тамирчдын техникийг нарийн судална.
-Та ямар техникээр өргөдөг вэ?
-Хүндийн өргөлтийн спортод огцом өргөлтийн нэг техник, түлхэлттэй өргөлтийн нэг техник байдаг. Хүндийн өргөлтийн спортод хувь хүний булчин, бие анатомийн онцлогт тааруулж техник нь өөр болдог.
-Таны хувьд огцом болон түлхэлттэй өргөлтийн аль төрөл нь илүү амар байдаг вэ?
-Хоёулаа л адилхан даа. Огцом болон түлхэлттэй өргөлтөд гарын ур, бяр шаардана. Нэг их ялгаа байхгүй.
-Таныг тэмцээнд явахаас өмнө хөлийн булчин өвдөөд байна гэж байсан. Өвчин намдаах эм уугаад тэмцээндээ орсон уу?
-Өвчин намдаах эм уугаад орсон. Байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Бага зэргийн гэмтэл байгаа. Хэсэг хугацаанд амрахдаа хөлөндөө ачаалал өгөхгүй байхыг хичээнэ. Багш надад хэд хоногийн амралт өгнө гэсэн (Инээв).
-Төрөөд хоёр сарын дараа бэлтгэлдээ орж байсан гэсэн. Танд тэр үед хэцүү байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Төрсний дараа хоёр сарын дараа бэлтгэлдээ орж, дөрвөн сартайдаа Хятад руу Азийн аваргын тэмцээн рүү явсан. Бие нялхарчихсан, сайн тэнхрээгүй байсан. Маш их ядарна. Азийн аваргын тэмцээнд больё гэж шантарч байсан ч бидэнд тийм эрх байхгүй. Төдийгөөс өдий болтол тэсэж тэвчиж ирчихээд иймхэн юманд халгана гэж үү гээд л шүд зуудаг. Токиогийн олимп болохоос хоёр сарын өмнө л хэвийн формдоо дөнгөж очиж байсан.
-Хэрэв та охинтой болвол ирээдүйд охин тань хүндийн өргөлтийн спортыг сонговол яах вэ?
-Хувь хүний сонголтыг хүндэлнэ. Манай хоёр дүү хоёулаа энэ спортоор хичээллэдэг. Тэднийгээ бэлтгэлийг хангахад эгчийн зүгээс зөвлөгөө өгөх нь илүү ойр санагддаг шүү.
-Сүүлийн жилүүдэд хүндийн өргөлтийн эмэгтэй баг сайн байна. Харин эрчүүд маань яагаад амжилт тааруу болчихов?
-Сайн тамирчин олон байгаа ч хөрөнгө мөнгөний асуудалтай л холбоотой байх. Овоо амжилттай явж байтал гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно. Тэднийгээ тэжээж, авч явах болно. Олон ч залуус ийм шалтгаанаар спортын замналаасаа гарч байхыг харж байлаа.
-Узбекстанд болсон тэмцээнд явж чадаагүй хэдэн хүн байв. Ямар, ямар шалтгаанаар үлдсэн бол?
-Дөрвөн тамирчин явж чадаагүй. Хоёр нь бэлтгэлийн үеэр нуруундаа гэмтэл авсан. Хоёр тамирчин тэмцээнд явах зардал мөнгөний асуудлаас болоод явж чадаагүй. Үүнд маш их харамсаж байгаа. Хэрэв явсан бол өөр, өөрийнхөө жинд амжилт үзүүлэх боломжтой чадалтай сайн тамирчид байсан. Ер нь бол түрүүлсэн түрүүлээгүй ч тэмцээнд явж өөрийгөө сорьж, хөгжүүлж байх нь хамгаас чухал байдаг. Миний хувьд олон улсын тэмцээнд явснаас хойш 11 жил болж байна. Жилд 4-5 тэмцээнд тогтмол орж байсан. Хамгийн сүүлд Узбекстанд орсон тэмцээн маань 27 дахь тэмцээн болж байна. Тэмцээнд ороход жилээс жилд л хүн сайжирч хөгжиж байдаг.
-Та өөртөө итгэлтэй, дайчин харагддаг. Та юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Би их өөдрөг, эерэг сэтгэлгээтэй хүн. Гэр бүлийн хүмүүжил маань “Хүссэнээ хий, чи чадна” гэсэн итгэл дүүрэн хүмүүжүүлсэн болохоор ч тийм байдаг болов уу. Би хоббигоо мэргэжил болгож, мэргэжлээ хобби болгож чадсан учраас сэтгэл дүүрэн явдаг.
-Мэргэжлийн тамирчдаас хэнийг хүндэлж, биширч явдаг вэ?
-Гавьяат тамирчин Н.Баярмаа эгч бол олон жил манай холбооны хувь заяаг нуруун дээрээ үүрч явна. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчийн биеэ авч яваа байдал үнэхээр гайхалтай төгс харагддаг. Бүхий л амьдралаа спортын ертөнцөд зориулсан хүмүүсийг харахад биширмээр, хүндэлмээр шүү.
-Узбекстанд болсон тэмцээний үеэр багш нь нэлээн зөвлөгөө өгөөд байх шиг харагдаж байсан. Түүний дараа таны амжилт өөрчлөгдсөн. Тэр үед багш нь юу гэж хэлсэн бэ?
-Багш маань намайг сэтгэл зүйгээ тогтвортой байлга гэж эхлээд загнасан. “Чи медалиа давж бодоод байна. Зүгээр л өргөлтөө хий” гэж хэлсэн. Дараа нь “Миний охин сайн өргөнө шүү” гэж аргадсан л даа. Тэгээд л сэтгэл санаагаа тогтворжуулж, төвлөрүүлж аваад, түлхэлттэй өргөлтөө хийсэн.
-Таныг Дэлхийн аварга болсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдож баяр хүргэж байсан. Энэ бол маш том хүндэтгэл, ач холбогдол гэж харж байна. Та тэр үед юу бодсон бэ?
-Төр нь тийм том хүндэтгэл үзүүлж, спортоо ойлгож, таниулж байгаад баяртай байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд ард түмэн даяараа бидний төлөө Монгол гэдэг нэг далбаан дор нэгдэн нийлж, нэг сэтгэлээр огшиж байгаа нь сайхан санагдаж байна. Спорт гэдэг эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ. Бүгд Монгол Улсаас минь Дэлхийн аварга төрлөө гэж баярлаж бахдаж байгаа шигээ үргэлж нэг сэтгэлтэй, нэг зорилготой эв нэгдэлтэй байгаасай гэж бодож байна.
-Олимпын төрөлд хүндийн өргөлтийн спортыг хасах тухай чимээ дуулдсан. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Хүндийг өргөлтийн спортыг олимпод үлдээх эсэх дээр олон улсын зөвлөлөөс 2023 он хүртэл ажиглана гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэсвэр тэвчээрийн хүнд сорилт, өөрөө өөрийгөө ялан дийлэхийн бэлгэ тэмдэг болсон энэ төрөл дээр няхуур хийгээд хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна.
-Танд гаднын орнуудаас иргэншлийн санал олон ирсэн. Ямар, ямар улсаас санал ирж байсан бэ?
-БНСУ-аас хамгийн том саналыг тавьж байлаа. 2016 онд гэрээ хийсний төлбөрт нь гэхэд 500 сая вон амлаж байсан. Мөн 10-12 мянган ам.долларын цалинтай. Нөхцөл нь 2024 оны олимп дуустал Өмнөд Солонгосын иргэн байх. Мөн Узбек, Канад, АНУ-аас санал ирж байлаа. Гэсэн хэдий ч эх орныхоо нэрийн өмнөөс хүч шандсаа сорьж, эх орныхоо төрийн далбааг өндөрт өргөхийн төлөө тэр бүхнээс татгалзаж, өөрийнхөө эрхэм зүйл, үнэт чанар, мөн чанарыг авч үлдсэн.
Тэр үед миний гаргасан шийдвэр миний хувьд өөрийгөө урамшуулах бахархал минь болж байдаг. Иргэншлийн саналуудаас татгалзаж, өөрийн хүсэж, зорьж, маш их хичээж байснаараа хүндийг өргөлтийн Дэлхийн аварга гэдэг эрхэм амжилтыг эх орондоо авчирсандаа их баярлаж байна. Би үүний төлөө Монголоосоо яваагүй. Хүндийг өргөлтийн спортынхоо 60 гаруй жилийн түүхэнд ийм амжилт бүтээж өгөхийг хүссэндээ би надад тавьсан ямар ч саналаас татгалзаж, улам илүү их хичээдэг байсан.
-“Эрхэт Монгол“ групптэй ямар хувь тохиолоор холбогдсон бэ. Таныг олон улсын тэмцээнд явахад нь ивээн тэтгэж оролцож байгаа шүү дээ?
-“Эрхэт Монгол” группээс Токиогийн олимпын дараа байраар шагналаа гэж хэлж холбогдсон. Тэр үед нь итгээгүй ч үнэхээр “Grand marshal luxury villas” хаус хотхонд гурван өрөө орон сууц бэлэглэсэн. Үүнд маш их баяртай байгаагаа дахин дахин хэлье. Тамирчин хүний орон байр, нийгмийн асуудлыг шийднэ гэдэг санаа зовохгүй бэлтгэлээ хийх том боломж юм. Мөн тус группээс сар бүр тэтгэлэгт цалин олгож байгаагаас гадна олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэж байгаа нь энэхүү амжилтын минь гол хөшүүрэг гэж бодож байна.
Надад тусалж дэмжсэн ээж, аавдаа, Ё.Цэрэнням, Т.Самбуу нарын эрхэм хүндэт үе үеийн багш нартаа, “Эрхэт Монгол” групп, Хүндийн өргөлтийн холбоо, Биеийн тамирын улсын хороо, “Алдар” спортын хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Иргэний нисэхийн ерөнхий газарт чин сэтгэлээсээ талархаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )