ЗУЛ: Багш минь, аав минь байлаа, та

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Намар байлаа. Намарт ч би дуртай байлаа. Элдэв чамин хийцгүй, энгийн хэрнээ ирээдүйг минь өөрчилсөн тийм нэг гайхамшигт намраар МЗЭ-ийн гуравдугаар давхарт байрлах “Монголын нууц товчоо” дээд сургуулийн Яруу найргийн дугуйланд зүрх гарган очсон нь эргэн санахад хамгийн зөв алхам байлаа. Энэ л өдрийн тэр танхимд үеийн олон залуус дундаас Баасанжавын Оролзодтойгоо танилцаж байлаа. 2006 он л доо. Тэгэхэд би “харь хол” ШУТИС-ийн Хүнсний сургуулийн оюутан байлаа... Байлаа гэж байн, байн үг, өгүүлбэрээ төгсгөх нээрээ ямар хэцүү байдаг юм бэ.

Хүн төрснөөсөө эхлээд төгсөх хүртэл дүүрэн дурсамж дунд амьдардаг хэрнээ зарим зүйлийг эргэн санах, “Байлаа, Байжээ” гэж хүчээр итгэн бодох үнэхээр хүнд байна, надад. Яг л “Залуу жанжин” шиг явсан таны амьдралын тодорхой хугацаанд хувь ерөөл, аз тохиолоор хамтдаа аж төрж, тэгэхдээ бүр ч ойрхон байж, зарим үед нэг зовлонгоор зовж үзсэн гэж бодох сайхан байдаг юм байна.

Үнэндээ энэ тухай хамгийн анх удаа л бодож үзэж байна БАГШАА. Анхлан танилцсан тэр л намар Оргоо маань бүх Монголыг бишээ гэхэд аймаг, сум хоорондын машиныг эзлээд байсан “Тогоруутай нуур” дуугаа хийчихсэн том нөхөр явлаа.

Тэр өдрөө л бид хоёр анд, нөхөр бололцож дараахан нь багшийгаа зорьж очиж билээ. Өнөөдөр тэр сайхан анд минь ч алга, багш минь ч алга. Гавихгүй шүлэгтэй ч гайгүйхэн зүрхтэй явсан тэр л үедээ хуучнаар Дорно дахины дээд сургууль буюу “Их Монгол” дээд сургуулийн багшаар ажиллаж байхад нь шар хадгаа дэлгээд очиж байлаа. Тэгж л талхыг хэрхэн зүсэх, гуляшны мах 22 грамм байх ёстойг заалгаж явсан хүү эргэлт буцалтгүйгээр монгол хэл, уран зохиолын ангид орж, өдгөө сэтгүүл зүйн салбараас талхны мөнгөө олж явна.

Оргоогийнхоо, багшийнхаа буянаар би гэдэг хүн ингэж аугаа их Дармын Батбаяр гэдэг хүний даасан ангид суралцаж, бас “БИШҮБИ” дугуйлангаас нь “зугатааж” явлаа.

Хайку бичихийг голдуу сургаж байхдаа “Өвгөн багш” минь “За яах вээ, чи Хуягааг дагадгаарай л дагаарай, алзахгүй ээ, буруудахгүй” гэж хэлсэн юм. Тэр л цагаас хадаг барьсан багштайгаа хаа газар хамтдаа байхыг хичээдэг, хэтэрхий хичээнгүй, хөдөлмөрч зангаас нь бага ч гэсэн суралцахыг хичээж явжээ. Гэсэн хэдий ч багшийнхаа хөдөлмөрч зангаас хэлтэрхий ч аваагүй, хэтэрхий үнэнч шударга зангаас нь сэмэлж үлдээгүй байж мэднэ.

Момо бол миний хувьд дан ганц багш минь байсангүй, аав минь байлаа.

Долоон настайдаа эцгээ алдсанаас хойш энэ орчлонд яасхийгээд л бусдын арга эвийг олж, буруу явахгүйг хичээж, ёстой л бусдад гай болохгүй хичээдэг болчихсон байж. Гэвч багшийгаа байсан энэ он жилүүдэд толгой дээгүүр, тохой тэнүүн явж ирсэн нь их байсаан. 2012 оны есдүгээр сарын 10-ны өдөр.

Ханьтайгаа цуг гурван жил хотыг нар зөв тойрч нийтийн байр хэссэний дараа өөрийн гэсэн гэртэй болж, найр хийх юм боллоо. Найр гээч маань морин цагт эхлэх ёстой ч багш эртээ ирчихээд ханьтай минь гэрийн хөшиг тогтоож зогссон юм шүү. Хүний ааваас л ийм сэтгэл, ухаан гарна. Ядамсүрэнгийн Баяраа, Сайнжаргалын Начин, бусад хүмүүстэй гэрийн гаднахыг эмхлэн тохинуулж дуусаад найраа эхлүүлсэн.

Хадам талынхан маань Төв аймгийн Баян-Өнжүүл сум даяар алдартай, олуулаа хүмүүс тул зүүн талыг эзэгнэн дүүргэж, ханхай гэрийн баруун талд суусан цөөхөн хэдэн манайхан отрын айл шиг л харагдаж байж билээ. Харин багш маань найрыг эхлүүлж, бид хоёрын ирээдүйн амьдралыг ерөөгөөд/Хань минь ч энэ хүний шавь билээ/ Богд хаант Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дууг аяланхан, балганхан, халамцанхан сууж байлаа л. Байсхийгээд л бусдын нүд хариулж эхнэр бид хоёрыг үнсэнэ. Намайг хань татаж гарч тамхилна.

Тэгэхдээ “Хоёр шавьдаа хайртай шүү” л гэнэ. Өөр зүйл хэлэхгүй. Үнэхээр баярлаж байгаа нь нүднээс нь ил байсан даа. Энэ хооронд манай хадмууд хэдэнтээ ирж, хэдэнтээ буцсан. Харин нэлээд оройхон “Багшийнх нь төрсөн өдөр шүү дээ, Баянаа эгч нь хүлээж байгаа” гэж хэлээд манайхаас гарсан. Тэгэхдээ “Чи Бямбаагаа, би Баянаагаа хайрлаж л явахад болно. Хайраа л бичиж яваарай” гэсэн юм.   

Баярлуулна даа, гэж их бодсон доо. Гэвч чадаагүй. Хамгийн сүүлд 2019 онд “Манант хот” номоо хэвлүүлж багш минь ариутган шүүгээд, номын нээлтийг минь Лувсанцэрэнгийн Цэрэнжаргалтай минь хамтран хөтлөн, хуран цугласан олонд гарыг минь өргөн танилцуулж байлаа. Мэдээж анхны номонд маань ч өмнөтгөл бичсэн л дээ. “Хэрэг байна уу” гэж нэг удаа хэлэхэд нь “Багш, шавиар эхэлсэн орчлон шүү дээ” гэж нэг удаа хэлснийгээ их л ухаантай үг хэлчихлээ гэж бодож явж дээ. Тэрээр “Манант хот” нэртэй өгүүллэгийн номын маань өмнөтгөлд “Одоо би 2009 оныг санаж байна. Даруй найман жил өнгөрчээ.

Яруу найраг сонирхдог Т.Дарханхөвсгөлийн “Дурлалын тэрлэг” нэртэй шүлгийг уншаад түүнд үгүүллэг болгож бичих даалгавар өгсөн юм. Мэдээж тэр даалгавраа хийгээгүй. Би ч шахаж шаардаагүй. Аливаа бүхэнд “цагийн тохироо” гэж буй. Харин тэр “Манант хот” хэмээх өгүүллэгийн номондоо даалгавраа хийгээд иржээ. Үнэндээ 100 тавихаар бичсэнгүй. Их л хөнгөн шийдсэн байна. Шалтгааныг илүү ухах, илүү ээдрээтүүлэх байлаа. Авууштай нь амьдрал ахуйн үзэгдлүүдийг чадмаг дүрсэлжээ. Энэ өгүүллэгт харин САНАА улиг ч урлал чамлалтгүй болжээ. Бэрх л дээ. Юм эн тэнцүү хорших гэдэг ховор. Тийм зүйл бүтээхийн тулд л энэ УРАН ЗОХИОЛ олон зууныг гаталж ирсэн биз” хэмээн бичжээ.

Ингэж л нэг удаа баярлуулсан байж мэдэх юм, аавыгаа, багшийгаа. Багшийнхаа өмнө үргэлжид өөрийгөө голж, гайгүйхэн бичих сэн гэсэн гэгээн хүсэлд шатаж явлаа. Оргоогоо нутаглуулахаар хамтдаа явж, багш минь эмгэнэлийн үгийг хэлж, би өвдөг шороонд нь уйлж л суусан. Тэгэхэд ч багш намайг эцэг шиг минь элгэндээ тэврээд аргадаж байсан. Багшийнхаараа олон очноо, бид. Хашаа хороо додомдох, хана хэрэм өрөх, хайртай хэдэн модыг нь услах, эсхүл зүгээр л тамхи татангаа утга зохиол ярих гэж очно.

Тэр бүхэнд хэзээ ч цааргалахгүй, сэтгэлээ дэлгээд угтана. Нэг удаа байшингийн дээвэр будах гэж оччихоод багшдаа эрхэлж, тамхи татаж хэвтэхэд банштай цай чаначихаад Баянаа эгч “Хөвсгөл хөгширчихөж” гэхийг сонсоод инээж л суусан, багш минь. Хамгийн сүүлд бид хоёр МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг” шилдэг богино өгүүллэгийн тайзан дээр хамтдаа зургаа авхуулсан байна. Багш маань хэзээд өөрийгөө мэддэг, мэдэрдэг хүн байлаа. Тийм ч болохоор утга зохиолын ай саваас өөрийнхөө чадахын хэрээр хутган авч, өөрийнхөөрөө явж чадвал хэрхэн туурвин бүтээж, туулан амьдарч болохыг бүтээл номоороо, бүтэн амьдралаа харуулахыг зорьдог, хичээдэг хүн байлаа. Өнгөрсөн цаг хугацаанд хайртай хүнийхээ тухай бичих хамгийн хэцүү байдаг. Энэ тухайгаа ч хэлж л байсан, багш даа.

Гэвч багш минь тамхиныхаа утааг сэм үлээж, хүрэмнийхээ захыг дээш босгож, ялимгүй гилжийн өөдөөс хараад “Бичиж сурах л хэрэгтэй дээ” гэсэн сэн. Бичиж сураагүй хүү нь аавынхаа тухай дурсамжийн хэсэгхэнийг, багшийнхаа тухай дутуу үгийг ингэс гээд дуусгая. Өнчин хүүд дахиж заяасан аав минь, үгийн сайхныг мэдрүүлсэн багш минь байлаа та. Үүнээс хойш хожимоо өглөө бүр санана, үдэш бүр бичнэ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.21.252) 2022 оны 01 сарын 12

Сайхан бичжээ. \n\n\n\n\n

0  |  0
Цэнгэл(202.126.89.198) 2022 оны 01 сарын 13

Хөвсгөл дүүдээ их амжилт хүсэн ерөөе. Багшийнхаа тухай сайхан дурсамж бичжээ. Хэзээ ч мартагдахгүй агуу их ачтай хүн гэж байдаг. Момо минь дүүгийн хувьд тийм хүн нь байжээ

2  |  0
Цэнгэл(202.126.89.198) 2022 оны 01 сарын 13

Хөвсгөл дүүдээ их амжилт хүсэн ерөөе. Багшийнхаа тухай сайхан дурсамж бичжээ. Хэзээ ч мартагдахгүй агуу их ачтай хүн гэж байдаг. Момо минь дүүгийн хувьд тийм хүн нь байжээ

2  |  0
Цэнгэл(202.126.89.198) 2022 оны 01 сарын 13

Хөвсгөл дүүдээ их амжилт хүсэн ерөөе. Багшийнхаа тухай сайхан дурсамж бичжээ. Хэзээ ч мартагдахгүй агуу их ачтай хүн гэж байдаг. Момо минь дүүгийн хувьд тийм хүн нь байжээ

1  |  0
Top