Өнгөрсөн сарын 24-ны өдөр Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, дэд ахлагч Ц.Нямдорж замаар гарч явсан иргэн М.Энхтөрийг дайрч хүндээр гэмтээсэн хэрэг гарсан билээ. Хэрэг гарах үед хохирогч эрүүл байсан гэнэ.
Хэдийгээр энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа ч хүн дайрсан цагдаа өнөөдөр ном уншуулан, арга чарга сэтгэн завгүй явна. Хохирогчийн талаас уулзъя гэхэд эхэндээ : Очиж л таараа хэмээн тайлбар тавьж байсан юм. Харин сүүлийн үед “Би ч гэсэн хохирогч. Заргалд та нар” гэж ярьж байгаа энэ хүн цагдаагийн нэр төрийг арай л дэндүү унагаж байна. Хүн дайрсан энэ цагдаа юугаараа яаж хохирчихоод байна вэ? Эр хүний уужуу сэтгэл гаргадаггүй юмаа гэхэд Монгол хүн байна ядаж хүний мөс гарган дайрсан хүн дээрээ очоод уулзчих сэтгэл өнөөдөр дэд ахлагч Ц.Нямдоржид даанч алга.
Харин амьд хүнийг үхсэн гэж худал онош тавьж, ажилдаа хариуцлагагүй хандсан эмчид Түргэн тусламжийнхан ямар арга хэмжээ авахаа шийдээгүй байна. Хариуцлага алдсан нь тодорхой байхад Түргэн тусламжийнхан яагаад цаг алдаад байна вэ? Эмчээ энэ хэргээс гэм зэмгүйхэн шиг авч гарах гээд байна уу? Эсвэл хэрэг намжтал чимээгүй байж байгаад мартуулах гээд байна уу? Дахиад хүний амьдралаар тоглохыг нь харах гээд байна уу? Гэсэн хэд хэдэн сэжиг төрж байна. Ажлаа хийж байгаад хариуцлага алдсан эмчид эмчлэх эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг юм билээ. Ерөөсөө зургаан жил номыг нь үзэж, хоёр жил хүн эмчилсэн Даваабаяр эмчийн оронд Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хүн томилж ажиллуулъя. Ядаж хүний үхсэн амьд эсэхийг нь мэдэх чадвартай улс байна лээ.
Цагдаа, эмч нарын гайгаар амьдаараа булшлагдах шахсан иргэн М.Энхтөрийн биеийн байдал хүнд байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа хохирогч тархиндаа хүнд бэртсэнээс гадна зүүн шилбэ нь хоёр хугарч, уушги нь бяцран, зүүн шанаа хугарч, хэлнийх нь үзүүр тасарсан байна. Байнга ухаан алдаж байгаа хохирогчийг амьд үлдэх найдлага бага гэдгийг эмч нар хэлж байгаа. М.Энхтөр нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм билээ. Хэрэг гардаг өдөр ажлаа тараад явж байсан гэнэ.
Цагдаа нар хэрэг хийхээрээ мөрдөс нэгт ахан дүүсээрээ аргалуулдаг гэлцдэг. Цагдаа эмч нар нийлэн хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн энэ хэргийг хэрхэн шийдэхийг нь харж суухаас өөр арга одоохондоо алга. Өөрөөр хэлбэл зам тээврийн энэ төрлийн хэргийг мөрдөн шалгах хугацаа нэг сар байдаг. Энэ хугацаа хэргийн байдлаасаа шалтгаалан цаашаа наашаа өөрчлөгддөг юм билээ.
Энэ хэргийг хэрхэн шийдэхээс иргэдийн цагдаа, эмч нарыг үнэлэх үнэлэмж шийдэгдэх болохоор мөрдөн байцаагчид минь гар харж хүндрэлгүй, танилын нүүр харж урваж шарвалгүй хэргийг үнэн зөвөөр нь түргэн шуурхай шийдээрэй.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )