СБД: Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Зөвлөгөөний эхэнд дарааллын дагуу Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар болон хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

Цагдаагийн газрын мэдээлэлд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл өмнөх 14 хоногтой харьцуулахад 7,1 хувиар буурсан байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Согтууруулах ундаанаас татгалзъя”, “Хариуцлагаар үлгэрлэе” зэрэг нөлөөллийн аянууд зарлаж уриалга, мессэжүүдийг олон нийтэд сурталчлан ажиллажээ. Онцгой байдлын хэлтсээс 14 хоногийн хугацаанд 3 удаагийн гал түймрийг унтрааж 724 сая төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүрээнд 10 объектод ажиллаж, гарсан зөрчлийг арилгуулахын зэрэгцээ, агаарын бохирдлыг бууруулах, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үүрэг гүйцэтгэжээ.

Эрүүл мэндийн төвөөс дархлаажуулалтын явцын мэдээг танилцуулж, иргэдэд ковидын дараах зөвлөгөө мэдээлэл, эмчилгээ оношилгоог хүргэж байхаар “Сүхбаатар сувилал”-д амбулаторийн үйлчилгээ үзүүлж байгааг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээг хэлэлцэж байхаар болсон. Иймд хэлтэс, нэгжүүд иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд мэдээлэв.

Шуурхайн төгсгөлд Засаг даргын орлогч Ц.Шижир нийслэлийн шуурхайгаас болон цаг үеийн ажлуудын талаар холбогдох үүрэг даалгаврыг өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top