12 жилийн турш хөөрөг урлаж байгаа О.Ариунболдтой хөөрөгний үнэ цэн, утга учрын талаар ярилцлаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
-Яагаад хөөрөг хийх болсон бэ?
-Би газрын мэргэжилтэй хүн л дээ. Гэхдээ сонирхлоороо хөөрөг урладаг болсон юм. Хүүхэд байхад ахмад настнууд хөөргийг нэгэнтэйгээ маш хүндэтгэлтэй солилцдог байсан. Тэр үеийн багын дурсамж сэтгэлд үлдээд, хөөрөг зөрүүлж байгаа хүмүүсийг харахаар л гоё санагдаад байдаг байсан юм. Нэг л мэдэхэд өөрөө хөөрөг хийдэг болчихсон байсан. Урлаж эхлээд 12 жил өнгөрсөн байна.
-Таны бодлоор хөөрөгний үнэ цэн нь юунд байдаг юм бол?
-Хөөрөг бол босоо монгол бичгээр бичдэг байх үеийн Манж улсаас орж ирсэн соёл. Хөөргийг Монгол бичгээр бичихдээ хөхүүр гэж бичдэг. Хөхүүр гэдэг нь айргийн сав буюу адууны буян хураах сав шүү дээ. Хөөрөг гэдэг энэ зүйлийг хөхүүр гэж анх нэрлэсэн нь эцгийн буян хураах сав гэсэн утгатай. Ааваас хүүд дамжиж ирсэн хөөргөнд аавын энерги шингэсэн байдаг. Үе дамжсан хөөрөг бол аавын энерги шингэсэн маш үнэ цэнтэй зүйл. Тийм болохоор үнэтэй, хямдхан нь огт хамаагүй. Аавын хөөрөг хүүд байхад аав нь хажууд нь байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Гар урлаач гэдэг ховор хувь төөргийг олж төрсөн хүний хувьд өмнөх үеийн соёлыг одоо цагт хөрвүүлээд ирээдүй хойч үедээ бахархлыг үлдээхийг хүсдэг. Тийм ч учраас жинхэнэ төгс бүтээлийг үр хойчдоо үлдээх мөрөөдөлтэй багийг бүрдүүлээд ажиллаж байна. Бид 2800 жилийн өмнө Монголчууд хэрэглэж байсан адууны алтан хазаарыг хийхээр ажиллаж байгаа.
Түүний урлангаас..
Сэтгэгдэл ( 2 )