О.Баярмагнай: Олон улсын гишүүнчлэлд элссэнээр дэлхийн дотоод аудиторуудын сүлжээнд нэгдэх боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Дэлхийн 170 гаруй улс, бүс нутгийг нэгтгэж үйл ажиллагаагаа явуулдаг “The Institute of Internal Auditors” буюу Дотоод Аудиторуудын Институтийн Монгол улс дахь албан ёсны, цорын ганц салбар болох "Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Боловсролын хорооны дарга О. Баярмагнайтай Дотоод аудиторуудын олон улсын гишүүнчлэлийн ашиг тусын талаар ярилцлаа.


-Олон Улсын дотоод аудиторуудын (IIA Глобал) холбооны гишүүн болсноор ямар давуу тал, ашиг тусыг хүртэх, цаашид бий болох бусад боломжуудын талаар яриагаа эхлэх үү?

Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт (IIA Глобал) нь дэлхийн олон оронд 200,000 гаруй гишүүдтэй бөгөөд дотоод аудиторуудыг төлөөлөх олон улсын хамгийн том мэргэжлийн байгууллага юм. Энэ байгууллагад гишүүнээр элсэх хүсэлт бид бүхэнд тогтмол ирж байгаад талархалтай байдаг билээ. IIA Глобалын гишүүн болсноор дотоод аудиторын гол мэдлэг, ур чадварыг эзэмших, мэргэжил нэгтнүүдээсээ аудитын туршлагыг хуваалцах, мэргэжлийн цол хэргэмийг авах, ижил мэргэжил нэгтнүүдтэй холбоо тогтоох, мэргэжлийн сургалтаар дамжуулан өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд үнэ цэнийг бий болгох, олон улсын дотоод аудитын стандартыг ашиглах, IIA Глобалын олон улсын хурал, глобал сертификат болон мэргэшил, семинар зэрэгт гишүүнчлэлийн онцгой үнийн хөнгөлөлт эдлэх, мэргэжлийн контентыг үнэ төлбөргүй ашиглах, өөрийн цаашдын карьер хөгжлийг тодорхойлох, дэлхийн түвшний мэргэжлийн хөгжилд хөл нийлүүлэн алхах зэрэг олон төрлийн боломжуудыг хүртэх, мөн олон улсын гишүүдтэй урт хугацааны харилцаа холбоо тогтоох олон давуу талууд байдаг.

-Олон улсын дотоод аудиторуудын холбооны (IIA Global) гишүүнчлэлд ямар мэргэжлийн хүмүүс элсэх боломжтой байдаг вэ?

Байгууллагын засаглал, дотоод аудит, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, хянан нийцүүлэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны дарга ба гишүүд, энэ салбарт ажиллахаар төлөвлөж байгаа мэргэжилтнүүд, оюутан залуус, мөн энэхүү салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, тус чиглэлээр суралцах, хөгжих сонирхолтой бүх хүн манай холбооны гишүүнээр элсэх бүрэн боломжтой.

-Олон улсын дотоод аудиторуудын холбооноос олгодог давуу талаас гадна Монгол улс дахь салбар нь ямар давуу тал боломжуудыг гишүүддээ олгож байгаа вэ?

Дотоод аудиторуудын олон улсын холбооны Монгол улс дахь салбар нь нийт гишүүддээ зориулж мэргэжлийн цол хэргэм авах цахим ба танхимын сургалтад хамруулах, жилд 32 цагийн (CPE) мэргэжлийн боловсролын сургалтад үнэгүй хамруулах, мөн сар бүр дотоод аудитын шилдэг мэргэжилтнүүдтэй уулзах, зөвлөгөө авах 8 цагийн /networking/ мэдлэг хуваалцах арга хэмжээг зохион байгуулж, туршлага хуваалцах боломжийг бүрдүүлэх, дотоод аудитын чиглэлийн сүүлийн үеийн ном, товхимол, бусад мэдээллийг агуулсан материалаар хангах, олон улсын болон дотоодын бага хурал, семинар, форум зэрэг арга хэмжээнд хөнгөлөлттэй үнээр хамруулах, аудитын ажил бүрд ашиглах арга аргачлал ба материалыг авч ашиглах, дотоод аудитын судалгааны материалыг авч танилцах, IA magazine, Global perspectives and insights, Global smart brief зэргээс зарласан онлайн уралдаанд оролцож, тэтгэлэг хүртэх г.м олон боломжуудыг олгон ажиллаж байна.

Мөн Аудитын олон улсын стандартыг монгол хэлээр хүлээн авах, мэргэшсэн дотоод аудиторын болон бусад сургалтад хамрагдах, Мэргэшсэн дотоод аудиторын CIA сургалтын багц болон бусад сурах бичгийг хөнгөлөлттэй үнээр авч ашиглах, мэргэжил нэгт дотоод аудиторуудтай танилцах, сайн туршлагаас хуваалцах, зөвхөн гишүүд нэвтэрдэг цахим хичээл, олон улсын тайлан бусад олон мэдээ, мэдээллийг авч ашиглах боломжуудыг олгон ажиллаж байна.  

-Дотоод аудитын гишүүнчлэлтэй холбоотой ямар ажлуудыг цаашид хийхээр танай холбоо төлөвлөж байгаа вэ ? 

Холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн шаардлага хангасан, энэ салбарт ажиллаж байгаа олон жилийн туршлагатай дотоод аудиторуудаар удирдуулах гэсэн сайн засаглалтай байгууллагын чиг хандлагаар авч явахыг эрмэлзэж байна. 2022 оноос эхлэн дотоод аудитын холбооны гишүүнчлэлийн ашиг тусыг улсын болон хувийн салбар бүрийн дотоод аудитын удирдлага, аудиторууд, мэргэжилтнүүдэд таниулах томоохон арга хэмжээнүүдийг авч ажиллахаар бид төлөвлөн ажиллаж байна.

-Дотоод аудитын холбооны гишүүнээр хэрхэн яаж элсэх вэ?

Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны гишүүнээр элсэхийг сонирхож байгаа тохиолдолд дараах цахим хаягаар https://institutes.theiia.org/sites/Mongolia/Pages/default.aspx нэвтэрч өөрийн амьдарч байгаа улс, цахим шуудангийн хаяг, мөн өөрийн мэдээллийг оруулж төлбөрийг шилжүүлснээр гишүүнээр элсэх боломжтой. Шаардлагатай тохиолдолд манай холбооны менежертэй холбогдож гишүүнчлэлээр бүртгүүлж болно.

-Дотоод аудитын холбооны гишүүнчлэлд элсэхээр сонирхож байгаа хүмүүст зориулан ямар зөвлөгөө Та өгөх вэ?

Мэргэжлийн байгууллагын гишүүн болж элссэнээр миний дээр дурдсан олон боломжуудыг авахаас гадна цаашид бий болох олон боломжууд таны өмнө хүлээж байгаа, мөн хэрэв та байгууллагынхаа дотоод аудитын нэгжийг ахисан түвшинд гаргах, байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах, карьерынхаа урт хугацааг төлөвлөж байгаа, мэргэжлийн үнэ цэнийг таниулахыг хүсэж байгаа тохиолдолд эцсийн цэг бол энэ холбоо байх болно гэж танд зөвлөх байна.  

-Ярилцлага өгсөн танд баярлалаа

Баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top