Шинэ сэргэлтийн бодлого ба ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАН

2022 оны 02 сарын 14

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ 2021 оны есдүгээр сард  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл түүнийг ийн мэдэгдэхээс өмнөхөн буюу наймдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд  Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банк болон Төрийн банкны үйл ажиллагааны стратегийн шинэчлэлийн талаар танилцуулж байв.

Хөгжлийн банкны тухайд, үйл ажиллагааг нь шинэчлэн өөрчилж, ЭКСИМ банкны үүргийг хэрэгжүүлэх талаар тэрбээр мэдэгдсэн юм.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасанчлан Монгол Улсын Хөгжлийн банк нь тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.

Улмаар гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгох төдийгүй аккредитив, импортын зээл, факторинг, форфейт, гадаад баталгаа, нэхэмжлэлийн хөнгөлөлт зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.

Эксим банкны үүргийг хэрэгжүүлж Хөгжлийн банкны шинэчлэлийг хийснээр төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, Олон улсын Эксим банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм” хэмээн мэдээлэлдээ дурдсан байдаг.

Түүнчлэн Засгийн газраас танилцуулж, УИХ-аар бодлого батлах тухай тогтоолыг нь батлуулсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх, Хөгжлийн гэх тодотголтой төслүүдэд шаардагдах санхүүжилтүүдийг Хөгжлийн банкаар дамжуулах талаар яригдаад өнөөдрийг хүрч буй билээ.

Товчхондоо бол өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд олгосон нийт зээлийнх нь 55 хувь нь чанаргүйдсэн Хөгжлийн банкийг дараагийн Хөгжлийн бодлогодоо дахин ашиглахын тулд өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явцыг “авторлон” явуулахаас өөр арга Засгийн газарт, эрх баригчдад байхгүй юм.

Хөгжлийн банк өнгөрсөн сард 26 чанаргүй зээлдэгчийн мэдээллийг албан ёсоор зарлахаас өмнө буюу өнгөрсөн олон жилүүдэд “Эрэл”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, MDM компани,  “Хөтөл”, Алт-1 хөтөлбөр, Капитал банк, Чингис хаан зэрэг цөөн хэдэн зээлдэгчийн мэдээлэл л хэвлэлийнхэнд олддог байв.

Харин өнгөрсөн сарын дундаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд өшөө олон зээлдэгчдийн мэдээлэл ил болоод байна. Хөгжлийн банкнаас зарласан мэдээллүүд дунд хэвийн зээлдэгчдийн ч мэдээлэл байгаа. Өмнө нь мэдээлж байсанчлан, Хөгжлийн банканд татан төвлөрүүлсэн хөрөнгө хэсэг бүлэг этгээдийн дур зоргоороо зарцуулах эрхтэй мөнгө биш учраас авсан зээлээ хугацаандаа төлж барагдуулахгүй байгаа зээлдэгчдийн мэдээлэл ил тод байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ банкнаас зээл авсан зээлдэгч бүр, компани бүрийг луйварчин гэж нийгмээрээ чичлэх нь хэвийн бус үзэгдэл болохыг дашрамд сануулъя.

Мөн нөгөө талаас улс төрийн нөлөөлөл, авлига сүр ашиглан авсан зээлээ олон жилийн туршид төлж барагдуулаагүй этгээдүүд холбогдох хууль журмын хүрээнд хариуцлага хүлээдэг байх шаардлагатайг ч тодотгоё.

Цаашид Монголын эдийн засгийг тэлнэ гэгдэж буй Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөгжлийн төслүүдээ энэ банкаар дамжуулан санхүүжүүлнэ гэж буй бол Хөгжлийн банканд реформ хийхээс өөр арга байхгүй.

Өнгөрснийг эргээд харахад, Монголын төр засаг эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон олон төслүүдийн талаар ярьсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч тэдгээр асуудал бүр цаасан дээрээс буудаггүйн учиг шалтгаан нь шат шатанд нэвчсэн авлигын тогтолцоотой холбоотойг хаа хаанаа одоо ойлгож буй. Хөгжлийн банкнаас гарсан олон ч зээл авлига, эрх мэдэлтэй холбоотой талаар яригдаж байгаа. Цаашид энэ банкийг хөгжлийг санхүүжүүлэх хэрэгсэл болгоно гэх юм бол эрх мэдэл, авлигаас хамаарсан ужиг хандлагатаа л реформ хийх шаардлагатай юм. Ерөнхий сайдын хэлж ярьдагчлан төр, хувийн хэвшлийн түншлэл эрүүлжиж, улс төр, бизнес хоорондын зааг ялгаа гарах, соёл нутагших шаардлага бий. Гэвч хэрэгжих эсэх нь реформ жинхэнэ эсэхээс л хамаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top