Өмнөговь аймгийн нутагт 1990 онд заган ойн ой зохион байгуулалтын ажил хийж, 11 сумын нутагт 1,1 сая га талбайд заган ой ургасныг тогтоосон байдаг. Үүнээс хойш 21 жилийн дараа буюу энэ жил заган ойг тооллоо.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын тендерт тэнцсэн “Ойн хайгуул судалгааны төв” ХХК , “Хөвчийн хоймор” ХХК аймгийн Ойн албатай хамтран 2011 оны тавдугаар сарын 15-наас эхлэн энэ ажлыг зохион байгуулж дуусгав.
Гурвантэс, Сэврэй сумдын 650.7 мян.га талбайд заг бүхий 142 цэгт “Ойн хайгуул судалгааны төв” ХХК, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Баяндалай, Хүрмэн, Ноён, Мандал-Овоо, Цогт-Овоо, Булган сумдын нутагт урьдчилсан байдлаар 598.9 мян.га талбайд заг бүхий 149 цэгт “Хөвчийн хоймор” ХХК таксацийн хэмжилт, тодруулга хийж заган тооллогын ажлыг гүйцэтгэлээ.
Тооллогын ажилд Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга О.Бадарч, Ойн албаны дарга Ц.Алтангэрэл, ойн мэргэжилтэн Н.Мөнхгэрэл, Говьгурван сайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны болон сумдын байгаль хамгаалагчид, нутгийн малчид хамтран оролцов.
Тооллогын үеэр ”Хөвчийн хоймор” ХХК-ийн захирал Б.Баярсайхан ”Хиймэл дагуулын мэдээг ашиглан зайнаас тандан судлах арга”, “Ойн хайгуул судалгааны төв” ХХК-ийн захирал Ө.Болор “Монгол орны ойн сангийн бүртгэл, тооллого, зураглал” сэдвээр хичээл заасан нь сонирхолтой, мэдлэг олгосон сургалт боллоо. Энэ сургалтад БОАЖГ-ын байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд, МХГ-ын байцаагчид хамрагдлаа
Сэтгэгдэл ( 0 )