Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р багт өчигдөр /2022.02.22/ 23:00 цагийн орчим зам тээврийн осол гарч, нэг хүний амь нас хохирсон талаар Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. Тухайн үед “Б” гэгч эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зорчигч 11 настай "Д"-ийн амь насыг хохирсон байна. Осол гаргасан жолооч мөн гэмтсэн байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 331 зөрчлийн 56.1 хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, шүүхийн шийтгэврээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээ авчээ.
Дээрх тоон судалгаанаас харахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, улмаар зам тээврийн осол гаргах эрсдэл их байна. Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )