ЗГ: "Капитал" банкны 118 тэрбумын хөрөнгийг НДЕГ, ЭМДЕГ-т шилжүүлэх шийдвэр гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Засгийн газрын өнөөдрийн /2022.02.23/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

"Капитал" банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санд хувь тэнцүүлэн шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. 

Битүүмжлэгдсэн хөрөнгөд
 

  • 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний 44 объект
  • 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 үйлдвэр
  • 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц
  • 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 газар
  • 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 зоорь
  • 656 сая төгрөгийн үнэ бүхий барьж буй 3 барилга
  • 228 сая төгрөгийн үнэ бүхий фермийн 7 барилга
  • 564 сая төгрөгийн үнэ бүхий 6 гарааш багтжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Дээрх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, дээрх хоёр санг хохиролгүй болгох ажлыг түргэвчилнэ. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад "Капитал" банктай холбоотой, хамаарал бүхий этгээдүүд зээлийн эргэн төлөлт хийгээгүй, барьцаа хөрөнгө дутуу нуугдмал хөрөнгийг нээж, илрүүлэх ажил давхар хийгдэж байгаа. Үлдсэн хохирол болох 49 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулна. Эхний ээлжид битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэх ажил хийгдэнэ. Өмнө нь энэ чиглэлээр тодорхой ажил хийж байсан. Хэдий чинээ удна төдий чинээ эд хөрөнгө нь үнэгүйддэг. 

Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд "Капитал" банкийг татан буулгасан Монголбанкны тайлангаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сайнд нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Тус банкны харилцах дансанд байсан мөнгөнөөс энэ хоёр санд тус бүр 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн.

Битүүмжилсэн эд хөрөнгөнөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулж сангийнхаа төлбөрийг барагдуулж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

Өнгөрсөн амралтын өдөр ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагуудад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас "Капитал" банкны өөрийн эзэмшил болон барьцаанд байсан хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан.

Эдгээр хөрөнгийг хоёр санд шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас 118 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий энэхүү эд хөрөнгийг хуулийн дагуу хуваарилж өгөхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

ЭМДЕГ-ын одоо авах төлбөр нь 91.9 тэрбум. НДЕГ-ынх 74.3 тэрбум. 118 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь задалбал 52.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай 44 барилга, 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий долоон үйлдвэр, 32 тэрбум төгрөгийн 46 орон сууц, 26.6 тэрбумын 82 газар, 2.3 тэрбумын дөрвөн зоорь, 656 саяын өртөгтэй дуусаагүй барилга гурав, 228 саяын үнэтэй хөдөө аж ахуйн ферм долоо, 564 саяын үнэтэй агуулах, граж зургаа байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 23

түргэн борлуулахгүй бол үнэгүйдэнэ шүү

0  |  0
Top