Цар тахлын улбар шар түвшнээс шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч А/177 тоот захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Үүний өмнө шинэ оны босгон дээр 74 нэр төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл, батламж, гэрээнээс чөлөөлж, бизнесээ өргөтгөх боломжийг олгосон юм.
Эдгээр захирамж гарснаар ямар үр дүн гарч байгааг холбогдох албан тушаалтан болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс тодрууллаа.
“ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ҮҮД ХААЛГА НЭЭЛТТЭЙ БОЛСОН”
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:
-Өмнө нь нийслэлийн хэмжээнд шат, шатны Засаг дарга нарын захирамж, ИТХ-ын тогтоолоор зөвшөөрөл, батламж авч, гэрээ байгуулдаг байсан 74 төрлийн ажил үйлчилгээг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн нь иргэд, аж ахуйн нэгжид маш том дэмжлэг болж байгаа. Сэтгэл ханамжийн судалгаа ч үүнийг баталж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад цахимаар хандаж бүртгүүлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд хандалтын тоо урьд өмнөх жилээс 2-3 дахин нэмэгдсэн. Интернэттэй орчинд хаанаас ч цахимаар хандаад үйлчилгээ эрхлэх үүд хаалга нээлттэй болсон нь төвөг чирэгдлийг багасгаж өгсөн.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамж гарснаар цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан. Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 6842 аж ахуйн нэгж байгаа. Эдгээр газар 77.663 хүнийг ажлын байраар хангадаг. Цар тахлын үед эдгээр аж ахуйн нэгж үдшийн 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 00:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргахад хоол үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 45 хувиар нэмэгдсэн судалгаа бий. Хоёрхон цагийн сунгалт борлуулалтад ингэж нөлөөлсөн гэхээр А/177 тоот захирамжийн дагуу аж ахуйн нэгжүүдийн ажиллах цаг багагүй хэмжээгээр уртсаж буй тул эерэг нөлөөлөл гарна гэдэгт итгэлтэй байна гэв.
“ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ӨӨРЧИЛСНӨӨР ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА”
Монголын ресторан, зоогийн газрын холбооны дэд ерөнхийлөгч, “Кафейна” ХХК-ийн захирал Ч.Цэрэнбаатар:
-Цар тахлын үе хамгийн хүнд тусаж, цохилт авсан салбар бол үйлчилгээний салбар. Бараг 300 орчим хоногийн турш цагийн хязгаарлагдмал болон бүрэн хязгаарласан орчинд ажиллаж ирлээ. Энэ нь орлогод шууд нөлөөлсөн. Гэлээ гэхдээ бид хүний нөөцөө цөөлөхгүй байх бодлого баримталж ирсэн. Мэдээж, цалинг бууруулах, үйл ажиллагаа явуулаагүй үедээ цалинг олгох боломжгүй үе хүртэл байсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч цагийн хязгаарлалтыг өөрчилснөөр байдал нааштайгаар эргэж, үйл ажиллагаа сэргэх хандлага ажиглагдаж байна. Манай компани гурван төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Хоол үйлдвэрлэл, уушийн газар, цэнгээний газар ажиллуулж байгаа. Төрлөөсөө шалтгаалаад нөлөөлөл өөр өөр байна. Хамгийн эергээр нөлөөлж буй нь диско клуб. Өглөөний 05:00 цаг хүртэл ажиллах болсноор ашиг орлого нэмэгдэж, өнгөрсөн хугацааны алдагдлаа нөхөх боломж олдоно гэсэн хүлээлт байна.
Түүнчлэн цагийн хязгаарлалттай үед нууц далд байдлаар ажиллаж байсан газрууд цөөнгүй байсан. Тэдгээр газар ашиг орлогоо ил тод мэдүүлэхгүйгээс татвар төлдөггүй, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал ч хангагдахгүй хэмжээнд хүрсэн. Тэгвэл өнөөдөр бүх газар хуулийн дагуу ажиллаж, татварын орлого ч ил тод болно гэсэн үг. Засаг даргын шийдвэрийн өгөөж ирэх гуравдугаар сараас ажиглагдаж эхэлнэ.
“БИЗНЕСЭЭ ИЛҮҮ УРТ ХУГАЦААГААР ТӨЛӨВЛӨЖ, ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ”
“Nomads hospitality” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэг:
-Цар тахлын нөлөөнд хоол, үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоолны салбар нэлээд хэмжээгээр өртөж, олон хоног сараар хаалттай байж, хязгаарлалттайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Хориг хязгаартай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн тасалдаж, нийлүүлэлт багассан зэрэг сөрөг нөлөөллүүд байсан. Засгийн газар болоод Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, бизнесээ илүү урт хугацаагаар төлөвлөж, хөгжүүлэх боломж бүрдлээ. Дотооддоо бизнесээ өргөжүүлээд зогсохгүй гадаадын аялагч, жуулчдад нөлөөлдөг салбар бол хоол үйлдвэрлэлийнхэн. Тиймээс гадаад, дотооддоо үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.
Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор ажилтнуудынхаа тоог 30 хувиар багасгах шаардлага тулгарсан. Харин одоо ажиллагсдынхаа тоог 30-35 хувиар нэмэгдүүлэх, ашиг орлого ч мөн дагалдаад төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэж итгэж байгаа. Манай компанийн хувьд ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотод салбартай. Гадаадын бусад улс орноос монгол хоолны үйлчилгээг нээгээч гэсэн хүсэлт ирдэг. Тиймээс гадаадын хотууд болон орон нутагт салбар нээх, ажил үйлчилгээгээ өргөжүүлэхээр судалж байгаа.
“ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ӨӨРЧИЛСӨН НЬ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ОЛГОСОН БОЛОМЖ”
“Клабхаус” караокены менежер Б.Батзориг:
-Цар тахал тархсан сүүлийн хоёр жилд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүйгээс цөөнгүй хувь нь үүдээ барьсан. Манай компанийн хувьд ч гурван салбартай, ковидын үед нэг салбараа хаахад хүрсэн. Мөн ажлын байраа хадгалж үлдэх гэж чамгүй зардал гаргасан. Тэр бүх зардлаа нөхөхийн тулд чармайн ажиллаж байна. Цагийн хязгаарлалтыг өөрчилж, өглөөний 05:00 цаг хүртэл ажиллуулж байгааг аж ахуйн нэгжүүдэд олгосон боломж гэж харж байгаа.
Хэдийгээр халдварын тоо өдөр тутамд буурч байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байна. Үйлчлүүлэгчдэд гар ариутгагч өгөхөөс гадна нэг удаагийн хамгаалалтыг микрофондоо хийж заншсан гэлээ.
Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамжаар сар бүрийн эхний өдөр архи худалдаалахыг хориглосон шийдвэрийг цуцалсан бол А/177 тоот захирамж гарснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллах цагийн хуваарь уртассан. Энэхүү шийдвэр иргэд болоод аж ахуйн нэгжүүдэд “Ковид-19” цар тахлын үеийн алдагдсан боломжоо нөхөх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь ихээхэн дэмжлэг болж буйг хэлж байна. Үүнийг дагалдан ажлын байр нэмэгдэж, өрхийн орлого ч өсөх юм. Мөн бизнес эрхлэгчдэд элдэв дарамтгүйгээр, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж буй хэрэг.
Сэтгэгдэл ( 0 )