Согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ

2022 оны 02 сарын 25

Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга энэ сарын 15-нд захирамж  гаргасан. Тодруулбал, А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Тэгвэл худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан тус захирамж хэрэгжиж эхэлснээс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнөх буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний хоорондохтой харьцуулахад 129 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг дотор нь ангилаад үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрвөн хувь, гэр бүлийн хүчирхийлэл 42.9, хүчиндэх гэмт хэрэг 22.2 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top