Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 51 хүүхэд амиа алджээ

2022 оны 03 сарын 02

Улсын хэмжээнд 2021 онд зам тээврийн гэмт осолд 463  өртөж, 51 хүүхдийн амь нас хохирчээ.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн үедээ хэргийн газрыг орхиж явах, асран хамгаалагчдаа хэлэхгүй байх гэх мэт зүйлээс болж өөрийн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй байна. Энэ нь цагдаагийн байгууллагаас хэргийг шуурхай илрүүлэхэд хүндрэл учруулж, хугацаа алдахад хүргэдэг.Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид энэ талаар сурагчдадаа хэлж анхааруулж байгаарай гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэл зөвлөлөө.

Түүнчлэн хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэргийн гарах шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартын хэрэгжилт хангалтгүй байдлаас болж байгааг хэлж байна.

Мөн эцэг эхийн хараа, хяналт муугаас болж хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс гадна жолооч тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаж, тээврийн хэрэгслээ тойрч биечлэн шалгах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс гэр хорооллын гудамж, талбай болон хашаан дотроо бага насны хүүхдүүд тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. 2020 онд 15 хүүхэд энэ байдлаар хашаандаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. 2021 онд 8 хүүхэд амь насаа алдсан байна. Он гарснаас нэг сарын байдлаар 2 хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байна.

Өнгөрсөн онд нийт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослоос хүүхэд өртсөн осол 463  бүртгэгдэж, ослын улмаас 51 хүүхдийн амь нас хохирч, 485 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Осол, хэргийн шалтгаан нөхцөл, хэлбэрээр нь авч үзвэл хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэргийн 39 нь орон нутагт, 11 нь нийслэлд гарчээ.

Осолд өртсөн хүүхдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед 8 хүүхэд, улсын болон орон нутгийн чанартай авто зам, аймаг, сумдын хайрган болон шороон замд автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд, тээврийн хэрэгсэл үл хөдлөх зүйл мөргөх үед 3 хүүхэд, ачааны автомашины тэвш дээрээс унасан 1 хүүхэд, тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед 5 хүүхэд, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртсөн 1 хүүхэд тус тус байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top